Татвар нэмэгдэх сургаар шатахуун импортлогчид, шатхууны үнээ өсгөж зохиомолоор хомсдол үүсгэж эхэлсэн. Өнөөдөр хотоор нэг бензин, шатахуун хайсан хүмүүс үймэлдэж байна. Нэмэгдээгүй үнээр шатахуун авчих гэсэн хүмүүс хотын бүхий л колонкуудад ээлжлэн очиж, "өгөхгүй, бензин дууссан” гэсэн үгээр амаа алгадуулаад буцаж байв. Хаа нэг шатахуун өгч байгаа колонк байвч, 50 мянгаас дээш төгрөгт өгөхгүй гэх бөгөөд балга бензин авчих гэсэн жолооч нар хэдэн км үргэлжилсэн урт дараалал үүсгэлээ.
Шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болсон нь иргэдийн сэтгэл санааг тавгүйтүүлж, айдаст автуулж байна. Шатахууныг дагаад бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг болохоор арай ядан хоногийн хоолоо зогоож байгаа ард түмэн дахин бүсээ чангалах хэрэгтэй болох нь. Харин тэдэнд чангалах зай үлдсэн эсэх нь эргэлзээтэй юм. Ингэхэд Шатахуун импортлогч компаниудын үнэ нэмэх мэдэгдэл хичнээн ч жил ингэж ард олныг айлгаж, нийгмийг савлуулж байна вэ. "Үнэ нэмнэ, ашиггүй ажиллаж байна” гэхээс өөр үг тэдний амнаас гарахаа болиод удаж байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ навсайтлаа унаж, хаа сайгүй шатахуун хямдарч байхад бид "арай ядан ажиллаж байна” гэж тас гүрийгээд үнээ буулгадаггүй манай шатахуун импортлогчид татвар нэмэх, нефтийн үнэ өсөх сургаар дуугаа нийлүүлэн үнэ өсгөх гэж орилолдох нь аргагүй юм. Тэд олон жил төр засгийг төдийгүй ард түмнийг ингэж айлгасаар сурчихсан бөгөөд хамгийн сайн чаддаг зүйл нь ч болж.
Автобензин, дизел түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн. Дээр нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч байгаа нь шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл болжээ. Гэхдээ он гарахаас өмнө Шатахуун импортлогчид хуралдаж үнэ нэмэх тухайгаа үгсэн тохирсон гэдэг. Энэ сарын 9-ний өдөр Нефтийн бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлгах үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл хуралджээ. Хуралдаанаар шатахууны импорт, жижиглэнгийн худалдааны өртгийн судалгааг нарийвчлан тооцох, зохицуулалт хийх, судлан тогтоох үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэж, шийдвэр гартал шатахууны үнэ нэмэхгүй, хязгаарлалт хийхгүй байхаар тохиролцжээ. Дээрх зөвлөлд төрийн төлөөллөөс гадна нефть импортлогч гол долоон компанийн төлөөлөл багтдаг байна. Гэтэл хамтарч хуралдаад нэг ч хонолгүй, шатахууны үнэ нэмэгдэж эхэлсэн нь амласан амлалт, үүрэг хариуцлагаа юман чинээ боддоггүй шатахуун импортлогчдын үнэн нүүр царайг харуулж байна. Даарин дээр давс гэгчээр "Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тиймээс Засгийн газар нефтийн үнийг хатуу барихгүй” гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэл тэднийг бүр дөгөөж өгөв. Сангийн яамны судалгаанаас үзвэл импортлогч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа импортын нийт шатахууны 70 орчим хувийг бүрдүүлдэг нэр бүхий долоон аж ахуйн нэгж 2017 оны эцсийн байдлаар ашигтай ажилласан гэсэн байна. Манай улс жилд дунджаар нэг сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортолдог бөгөөд шатахууны хэрэглээний 65 хувийг дизелийн түлш, 30 хувийг АИ-92, тав орчим хувийг АИ-80 бензин эзэлдэг юм. Он гараад нэг сар ч болоогүй байхад тэд хэдий завандаа алдагдалд орж, ядуураад байгааг Ерөнхий сайд яаж мэддэг билээ.
Дэлхийн зах зээлд автобензин, дизелийн түлшний хилийн үнэ өсөх үед Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг зохих түвшинд хадгалах үүднээс онцгой албан татварын хэмжээг бууруулах, харин хилийн үнэ буурахад онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг тухай бүр хийдэг. 2013 онд гэхэд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч 13 компанид 192 тэрбум төгрөгийг бага хүүтэй олгож, дэмжлэг үзүүлсэн байдаг.
Төрөөс шатахуун импортлогчдыг хангалттай харж үздэгийн жишээ энэ юм. Гэтэл мань импортлогчид одоо бидэнд төр "…260 тэрбум төгрөгийн татаас өг. Татаас өгвөл 50 төгрөгөөр, өгөхгүй бол 300 төгрөгөөр нэмнэ” хэмээн нэхэж суугаа сурагтай. Тэгэхээр тэдэнд өгсөн ч нэмнэ, өгөөгүй ч нэмэх юм байна. Үнэ нэмж ашиг олох нь чухал болохоор бусад нь тэдэнд огт хамаагүй юм.
Монголын толгой баячууд шатахуун импортлогч компанийн эзэд байдаг. Хамгийн ашигтай бизнес эрхэлдэг тэд Засгийн газрыг шантаажилж, улам илүү ашиг олохын төлөө үхэн хатан зүтгэх боллоо. Тэд мөнгөтэй болохоор улстөр буюу шийдвэр гаргах түвшинд өөрсдийн нөлөөллөө хэдийнэ тогтоож амжсан. Ямар хуулинд ямар заалт оруулж, өөрсдийн бизнесээ дэмжихээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Хуулинд нэг үг, өгүүлбэр нэмснээр өчнөөн тэрбум төгрөгийн ашиг олдог гэдгийг энгийн бид төсөөлөх ч үгүй юм.
Тэд ашиг олж баяжихын хэрээр ард түмэн бүсээ чангалдаг. Тэдний бизнест хэн ч халдах эрхгүй бөгөөд улстөрчдийн хамгаалалтад байдаг. Мөн засаг төр тэднийг ямагт дэмжиж тусалдаг. Ийм нэг даварсан эзэд ард түмний хүзүүн дээр зайдалчихаад хээв нэг ташуурдаж байна. Бас болоогүй ээ, төрөөс мөнгө нэхэхдээ "мөнгө өгсөн ч үнэ нэмнэ, өгөөгүй ч нэмнэ” хэмээн ханхалзана.
Шатахуун импортолж, дотоодын зах зээлээ хангана гэдэг нэг төрлийн бизнес. Магадгүй хамгийн ашигтай бизнес байх. Тэгвэл илүү олон байгууллага, аж ахуйн нэгжид ийм тусгай зөвшөөрлийг чөлөөт өрсөлдөөнөөр олгосноор шатахуун импортлогчдын монопол байдлыг халж болох юм. Хэт даварсан монопол компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах зэрэг арга хэмжээ авч, төр заримдаа төмөр нүүрээ харуулбал тэнгэрт гарсан тэд газарт бууж ирж мэднэ. Төр нь төр шиг байж, хичнээн жил ярьж байгаа Нефтийн үйлдвэрээ барих гэх мэтээр томхон бодлогын ажлуудаа хийхгүй бол ядарсан ард түмнээр чинь тоглож, ашиг олсон энэ мэт явцуу сэтгэлгээтэй эзэд улам олшрох нь. Тиймээс л Роснефтийг Монголд оруулж ирье.
Erennews.mn
Сэтгэгдэл