Аалзны тор шир хэрсэн авлигын сүлжээ


 

Аалзны тор шир хэрсэн авлигын сүлжээ

 

С аймгийн Э сумын ЕБС-ийн барилгын дээврийг засах 80 сая төгрөгийн төсөвтэй ажлын тендер зарлагдсан аж. Энэ ажлыг гүйцэтгэх сонирхолтой компани, бригад хэд хэд байж л дээ. Тэдний нэг нь сургуулийн удирдлага болон сумын Засаг даргад 15 сая төгрөг "шагнал”-д өгч, уг ажлыг авах санал тавьсан байна. Гэвч "өөр компани бий” гэсэн хариу сонсож, төдөлгүй нутгийн залуус ажиллаж эхэлжээ. Нутгийн залуусыг түр хугацааны ч болов ажилтай болгож байгаа нь сайн ч гэлээ төсөв захиран зарцуулагчийн тухайд өөрт илүү ашигтай хувилбарыг сонгосон бололтой. Өөрөөр хэлбэл, ажил авсан залуус 15 сая төгрөгөөс илүү хэмжээний мөнгө амласан байж болзошгүй гэсэн хардлага төрж байгаа юм. Тэгэхээр төсөвт өртгийн 20-оос багагүй хувь нь авлигад явчихаж байна гэсэн үг.

Бас нэг жишээ. С аймгийн ЗДТГ-аас хоёр сар гаруйн өмнө томоохон эвэнт зохион байгуулсан. Уг арга хэмжээнд зориулж нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүдээс хагас тэрбум гаруй төгрөгийн хандив авсан бөгөөд цугларсан хандивын зарцуулалтыг одоо хүртэл олон нийтэд тайлагнаагүй байгаа. Зарим зардлыг сонирхож үзэхэд, маапаантай зүйл бас ажиглагдана. Ганцхан жишээ хэлэхэд, 15 сая төгрөгөөр авч болох байсан үйлчилгээг 18 сая төгрөгөөр авсан байдаг. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ үзүүлэгч талын санал болгосон үнийг 20 хувь буюу 3 саяар өсгөсөн байгаа юм. Энэ мөнгийг зохион байгуулалтын ажилд оролцсон дунд шатны дарга нар дундаас нь ”цохисон” гэж хардахаас өөр яалтай вэ. Томчуудын оролцдог томоохон хэмжээний авлига биш анхан, дунд шатан дахь багахан хэмжээний өгөө, авааны талаар ганц нэгхэн жишээ дурдлаа.

"Тендер авч өгнө, шагналын 10 хувиа урьдчилж төлбөл бүр найдвартай шүү” гэсэн тендер зуучлагч нар маш олон болж. Барилгын салбарт бизнес эрхэлдэг хүмүүс иймэрхүү зуучлагчидтай бараг л өдөр бүр таарах. Үнэлгээний хорооны дарга болон гишүүд хөшигний ардаас зуучлагчидтай холбогдож чиглүүлэхээс гадна тэднийг таньдаг, мэддэг нөхөд ч сайн дураараа өөртөө мөнгө унагах гэж зуучлал хийх нь бий.

2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөгдсөн төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд нийт 715.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, уг онд 10340 суудалтай 18 сургуулийн барилга, өргөтгөл, 500 ортой 4 дотуур байр, 3570 ортой 32 цэцэрлэг, МСҮТ-ийн 130 суудалтай хичээлийн байр, 400 ортой дотуур байр, 110 ортой 8 хүн эмнэлэг, эмнэлгийн өргөтгөл, 65.3 км 3 чиглэлийн ЦДАШ, 4 дэд станц, 572.2 км автозам, 437.2 у/м төмөр бетон гүүр, 25 км бохир усны шугам тавих ажлыг санхүүжүүлж, ашиглалтад хүлээн авчээ. 715.7 тэрбум төгрөгийн 10 хувь нь 71.57 тэрбум болж байгаа юм. Энэ хэмжээний хөрөнгө зориулагдсан төсөл, хөтөлбөртөө биш харин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан эрх мэдэлтнүүдийн халаасанд орсон гэсэн үг. Үүнээс гадна орон нутгийн хөрөнгө оруулалтаар мөн өчнөөн ажил хийгдэж буй, тэр бүхэнд бичигдээгүй хууль болох 10 хувьтай дүйцэх мөнгө хэн нэгний хэтэвчинд орж байгаа.

Энэ мэтчилэн улс, орон нутгийн төсвийн хөрөнгийг захиран зарцуулахдаа дундаас нь "цавчдаг” үзэгдэл манай төрийн байгууллагынхны дунд түгээмэл бий. Шударга өрсөлдөөнийг нухчин дардаг авлига гэгч зүйл Монгол Улсыг аалзны тор шиг хэрэн бүрхэж, иргэд болон бизнесмэнүүд нь үүнтэй эвлэрэн өөгшүүлсээр байгаа цагт өндөр хөгжил, өөдрөг ирээдүй биднээс "зугтаасаар” байх болно.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.