“Зүүнбаян рефайнери” компани байгаль орчинд 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан уу


 

“Зүүнбаян рефайнери” компани байгаль орчинд 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан уу

 

"Туулын бургасыг хядаад ийм том талбай гаргаад авчээ. Ямар учиртай барилга байшин бариад эхлэв?” хэмээн соошл ертөнцөд "Туул” голын эргийн бургасыг тайрч, барилгын талбай засаж, суурь цутгасан зураг тарсан. Өнгөрсөн баасан гарагт манай сонины сурвалжлах баг Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүс Маршалын гүүрний зүүн талд очлоо. Засмал замаас 5-6 метрийн зайд гурван метрийн өндөр, саарал өнгөтэй төмөр хашааг нүдэн баримжаагаар гурван километр гаруй газар татжээ. 

Бидний авсан мэдээллийн дагуу талбай засаж, тэгшилсэн газрын эзэмших ашиглах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн тул барилгын ажил явагдаж байгаа эсэхийг явган хүний хаалганы сараалжан хээгээр харлаа. Бүрэн цутгамал цементэн өнгөтэй тав, зургаан байшинг 2-3 давхар хүртэл цутгасан байв. Хашааны гадна талд "Их Тэнгэр” аялал жуучлалын цогцолборын захиалагч "Зүүнбаян рефайнери” ХХК гүйцэтгэгчээр "Авт” групп ажиллаж буй тухай мэдээллийн самбар байршуулжээ. Бид барилгын манаач н.Цогхүүтэй уулзаж, барилгын хашаан дотор өөрөөс нь өөр хүн байгаа эсэх, барилгын ажил явагдаж байгаа эсэхийг тодруулсан юм. Тэрбээр "Би ажилд ороод хориод хонож байна. Барилгын ажил зогсоод удаж байгаа. Одоогийн байдлаар надаас өөр хүн байхгүй” гэсэн юм.

Бид хашаан дотор орж барилгын явцтай танилцаж болох талаар асуухад "Дотогшоо оруулахгүй ээ. Би хоногийн хоолноосоо салмааргүй байна. Та нар одоо явцгаа” хэмээн шууд хөөсөн юм. н.Цогхүү манаачийн ард халтар шар зүсмийн гурван нохой бидэн рүү архирч хуцсаар үлдлээ. Бид хашааны зүүн тал руу хоёр километр гаруй газар явсаар төмөр шонгийн хажуугаар ханзарсан хашааны завсраар орж барилгыг зүүн талаас нь бүхэлд ажигласан юм. Тухайн үед ковшоор шороо түрж, газар шорооны ажил гүйцэтгэж байв. 60 орчим градусын налуу үерийн даланд тулгаж барьсан төмөр торон хашаагаар барилгын ард талыг хашаалжээ. Бургасанд тулгаж барьсан дээрх хашааны хажууд "Туул голын онцгой хамгаалалтын бүс 50 метр. Онцгой хамгаалалтын бүсэд хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн самбар дээр бичиж 136 гэж дугаарласан шонд байрлуулжээ.

Тус "Зүүнбаян рэфайнери” ХХК нь "Туул” голын эргээс 10 хүрэхгүй метрийн зайд барилгынхаа суурийг тавьж, эргэн тойрны газрын бургасыг огтолж чөлөөлсөн байв. Энэ үйлдэл нь Монгол Улсын Усны тухай хуулийн 22.2-ын "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалтыг, мөн 22.3-т "Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй байна. Бид н.Цогхүү манаачаас барилгын инженер Э.Баасансүрэнгийн холбогдох утасны дугаарыг авч, түүнтэй холбогдож, Шүүхийн шийдвэр гарах хүртэл үйл ажиллагаа явуулж болох эсэхийг тодруулж ямар учиртай газар шорооны ажил хийж байгааг асуусан юм. Тэрбээр "Бид барилгын ажлыг зогсоосон. Барилгын хашаан дотор шороо зөөж байгаа нь барилгын ажилтай огт хамааралгүй” гэсэн юм. Гэвч хашаан дотор ковш машинаар талбай тэгшлэх үйлдэл харагдаж байлаа.  

Анхнаасаа яагаад тусгай хамгаалалтын газар газар эзэмших ашиглах зөвшөөрөл өгсөн болохыг тодруулахаар БХБЯ-ны мэргэжилтэнтэй холбогдлоо. Тэрбээр "Дархан цаазат тусгай хамгаалалтын газар барилга барих газрын эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар олгодог. Манай яамтай холбогдолгүй” хэмээсэн юм. Бид дээрх асуудлыг учгийг тайлахаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтантай уулзав. Албаны эх сурвалжийн мэдэгдсэнээр "Анх оруулж ирсэн төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл өөр байсан. Одооны энэ зураг бол биш. Тус газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 04-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, "Зүүнбаян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбар мөн хэмээн баталгаажуулсан. 2008 оны наймдугаар сарын 08-нд Байгаль, орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас "Зүүнбаян рефайнери” компанид 743 дугаартай Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ГЭРЧИЛГЭЭ-г таван жилийн хугацаатай олгосон. 2014 оны тавдугаар сарын 29-нд Богд хан уулын захиргаанаас "Туул”-ын бургас мод сүйтгэсэн зөрчилд 6560940 төгрөгийн торгууль ногдуулж байсан.

2016 оны есдүгээр сард тухайн компанийн ашиглаж байгаа талбайд дахин хяналт шалгалт хийхэд бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан, бургас мод ихээр сүйтгэсэн зөрчлүүд дахин илэрч, бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн боловч компанийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй. 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтран огтлогдсон бургас, модны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу "Зүүнбаян рефайнери” ХХК-д БОХ Улсын байцаагч "Ойн тухай хууль”-ийн дагуу 12463420 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан. Уг төлбөрийг төлж барагдуулсан. 2010 оноос хойш уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байсаар газар эзэмших гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон. Ингээд 2014 оны тавдугаар сарын 02-нд тус компаниас газар ашиглах хугацааг дахин таван жилээр сунгуулахаар  албан хүсэлт гаргаж, Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газраас Гэрчилгээний хугацааг таван жилээр сунгасан.

Гэвч тус компани байгаль орчинд ноцтой хохирол учруулсан тул  2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж, "Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон” хэмээсэн юм. Газар эзэмших захирамж хүчингүй болсноос хойш жилийн дараа тус компаниас "Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас газар эзэмших зөвшөөрлийг үндэслэлгүй цуцалсан” хэмээж захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Шүүхийн маргаан эхлээд хоёр сар өнгөрч байгаа аж. БОАЖЯ-ны зүгээс 2017 оны зургадугаар сард тус компанийн бургас хядсан газарт тусгай мэргэжлийн байгууллагаар байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэсэн байна. Усны, ойн, хөрсний гэх мэт хохирлыг  нэг бүрчлэн тооцсоноор есөн тэрбум 171 сая төгрөгийн хохиролтой гэж тогтоосон аж. Тиймээс тус яамнаас дээрх хохирлыг барагдуулах үүднээс "Зүүнбаян рефайнери” ХХК-ийг  эрүүгийн хэргийн шүүхэд өгсөн байна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл тус хэргийн явцын талаар хэвлэлд мэдээлэл өгөх боломжгүйг дурдаж байсан юм. Барилгын гадна мэдээллийн самбарт Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргалын гарын үсэг бүхий төлөвлөлтийн даалгаврын зургийг баталгаажуулсан байхыг хараад түүнтэй холбогдож, яагаад тусгай хамгаалалттай дархан цаазтай газар таун хаус барих төлөвлөлтийн даалгавар хийсэн болохыг тодруулахаар уулзсан юм.

Тэрбээр төлөвлөлтийн даалгавар гүйцэтгэсэн архитектор Э.Мөнх-Эрдэнэтэй уулзууллаа. Архитектор Э.Мөнх-Эрдэнэ "Зүүнбаян рефайнери” ХХК-ийн архитектор төлөвлөлтийн даалгавар нь аялал жуулчлалын цогцолборын зориулалттай газар ашиглах гэрээний гэрчилгээний дагуу батлагдсан. Түүнийхээ дагуу барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгодог. Тус компанийн зөвшөөрөл олгоогүй байхад барилгын ажлаа эхлүүлсэн” хэмээсэн юм. Тусгай хамгаалалтын газарт таун хаусын барилгын архитекторын төлөвлөлт хийж болдог гэж үү хэмээхэд "Компанийн өөрсдийнх нь батлуулахаар ирүүлсэн зураг дээр 50 айлын таун хаус гэж тусгасан. Биднээс оруулсан төлөвлөлтийн даалгаварт газрын зориулалтын дагуу гэж тусгасан байдаг. Нэг зураг дээр хоёр өөр нэршил орсон” гэв. Ямартай ч "Туул”-ын бургас огтолсон компанийн эрхийг түдгэлзүүлж хуулийн байгууллагад хандсан нь сайн хэрэг. Одоо шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.