Монголын 177 иргэн гадаадад ял эдэлж байна


 

Монголын 177 иргэн гадаадад ял эдэлж байна

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байгаа юм. Харин Вьетнамд ял эдэлж буй Монгол иргэн байхгүй гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Мөн сүүлийн жилүүдэд Монгол иргэд Вьетнам улсыг зорих нь нэмэгдэж байгаа тул ирээдүйд үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор дээрх хэлэлцээрийг байгуулж байгаа бөгөөд гарын үсэг зурахад бэлэн болж байгааг дурьдсан юм.

Тэрбээр, "Монголын 177 иргэн гадаадад ял эдэлж байна. Үүнээс дийлэнх нь буюу 114 нь БНХАУ-д ял эдэлж байгаа. Манайхаас ялтан шилжүүлэн авах хүсэлтийг байнга шахуу явуулдаг ч хуруу дарам цөөн хүнийг л шилжүүлж өгсөн. Бид гадаадад ял эдэлж буй иргэдээ эх оронд нь авч ирэх үндсэн зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан С.Эрдэнэ гишүүн Монгол Улсад гадаадын хэдэн иргэн ял эдэлж буйг тодрууллаа. Ажлын хэсгээс гадаадын 19 иргэн Монголд ял эдэлж байгаа хэмээн хариулав.

Мөн үеэр Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд Хууль зүйн байнгын хорооны даргад "60 тэрбум хэрэг”, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар нэн даруй хэлэлцэх шаардлагатай байгааг санууллаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь хэлэлцээрийн төслийг дэмжиж, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.