Д.Түвшинсайхан: Би социализмын үеийн үлдэгдэл


 

Д.Түвшинсайхан: Би социализмын үеийн үлдэгдэл

 

"Хөгжимд зүрх сэтгэлээ зориулж байгаа хүний тоглолт нь андашгүй” хэмээн ярих хүн бол Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан юм. Түүнтэй уулзаж, урлагийн ертөнцөд нь түр саатлаа.


-Удахгүй Морин хуурын чуулга өвөл цагийн нээлтээ хийнэ. Ямар бүтээлээр үзэгчдэд бэлэг барихаар бэлтгэж байна вэ?

-Бид Улсын филармоны дуучидтай хамтран  өвөл цагийн тоглолтын нээлтээ хийхээр бэлтгэж байна. Морин хуурын чуулга өнгөрсөн хоёр жил хийсэн бүтээлээ том хэлбэрээр толилуулна. Филармонын дуучид маань опера, поп, страд гэх мэт бүх жанраар дуулахаар сонголтоо хийх байх.

–Морин хуурын чуулгыг үзэгчид хэр үнэлдэг вэ. Үзэгчдийн хандлагад өөрчлөлт орсон уу?

-Нэгэн үе монголчууд морин хуурыг гэрийн хойморт настай өвгөн тоглож буйгаар ойлгодог байсан үетэй харьцуулбал хандлага өөрчлөгдсөн.

Морин хуурын чуулгын уран бүтээлчид бид ч  хөгжмийн олон төрөл жанраар тоглож, хүмүүст сонирхолтой байх эрэл хайгуулыг хийж ирсэн. Тиймдээ ч Морин хуурын чуулгын тоглолтыг хүлээдэг үзэгчидтэй болсон.

-Сонгодог урлагийг үзэгчид хэр ойлгож хүлээж авдаг вэ. Хошин урлагийнхан өөрийн гэсэн орон зайгаа олсон байгаа?

-Үзэгчид сонгодог тоглолт үзэхийг эрмэлзэх болсон. Байнгын хүлээлттэй. Өнөөдрийн байдлаар "New season” тоглолтын тасалбар борлуулагдаад дууссан байх жишээтэй.

–Морин хуурын чуулга Африк, Антрактид, Өмнөд Америк, Австралиас бусад орнуудад аялан тоглосон байдаг. Гаднын үзэгчид хэр  хүлээн авдаг вэ?

–Морин хуурын зэмсэг нь өөрөө онцлогтой хөгжим. Хүнд хүрэхийн хувьд ч гэсэн. Аливаа улс оронд хэл соёлоор хязгаарлагдахгүй зүйл бол хөгжим юм. Морин хуурын чуулга бол дэлхийн улс орнуудад тодорхой хэмжээний байр суурьтай. Тэр тусмаа Азийн орнуудад.

-Таныг хуучнаар Хөгжим бүжгийн коллежид  элсэж морин хуурчаар суралцаж төгссөн гэж сонссон юм байна. Сургуулиа төгсөөд л шууд чуулгад ажиллах болсон уу?.       

-Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин нэрт сурган хүмүүжүүлэгч агсан Ц.Батчулуун багш маань Өвөрхангайд очиж шалгаруулалт хийхэд тэнцэж, 1988 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэж байлаа.  Харин 1994 онд коллеж болсон үед нь сургуулиа төгссөн юм. Төгсөөд л Морин хуурын чуулгад ирж байлаа даа.

-Унаган авъяас байв уу, аль эсвэл хэн нэг нь зөвлөж зааснаар хөгжмийн урлаг сонирхож байв уу?

–Аавын тушаалаар Хөгжмийн сургуульд шалгуулж, тэнцчихээд явахгүй гээд уйлж байсан хүн. Хувь заяа л юм байлгүй. Гэхдээ сонгосон мэргэжил маань улс үндэстний дархлаа, түүх соёлын өвийг тээгч, дэлгэрүүлэгч гээд чухал ажилтай болгосон.

-Анхны тоглолтынхоо үеэр хэр их сандарч байсан бэ. Хөгжимтэй амьдралаа холбоод хэдэн жил болж байна?

–Хөгжимтэй амьдралаа холбоод 30 жил болжээ. Анхны тоглолтынхоо үеэр их сандарч байлаа. Нүдэнд юу ч харагдахгүй, сандлаа тайзан дээр тавих гэж байгаад хазгайдуулаад унагаж, жаахан хүүхэд шиг бие салганаж байсан. Ер нь хөгжимчин хүн тайзан дээрээ жаргалтай гэдэг. Энэ аз жаргалыг 30 дахь жилдээ мэдэрч байна.

-Морин хуурын чуулга хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ. Босгыг нь давахад хөгжмийн сургуулиа төгсөж байгаа залууст ямар шалгуур тавьдаг юм бол?

-Морин хуурын чуулга 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Босго давах хүний тухайд эхлээд хүн байх ёстой. Дараа нь чадвартай, хөдөлмөрч байх хэрэгтэй. Монголд нэг хэцүү зүйл нь багийн үйл ажиллагаа муу.

Миний хувьд залуучуудыг сонгохдоо хүн талаас нь илүү харж, ажигладаг. Сургалтын явцад анзаарагдана л даа. Хүний төлөв байдал тоглолтоосоо их мэдрэгддэг.

-Тухайлбал юу нь илүү мэдрэгддэг вэ?                      

-Хөгжмөө сайн мэдэрч, зүрх сэтгэлээ зориулж тоглож байгаа хүн андашгүй. Тиймээс эхлээд хүн байх нь чухал, дараа нь сэтгэлтэй, хөдөлмөрч байх ёстой.

– Хүн байхын хувьд та өөрийгөө хэрхэн дүгнэдэг вэ?

-Намайг хүмүүс пи-ар байхгүй хэтэрхий даруухан гэдэг. Өөрийгөө зарлаж явахаас илүү зөв зүйл хийх ёстой болов уу.

-Хөгжимчин байхын гайхамшиг юунд оршдог вэ. Амжилтад хүрэхийн тулд ямар зарчмаар ажиллах ёстой юм бол?

–Амжилтад хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Нэн тэргүүнд хөдөлмөрч байх, шантралгүй тууштай тэмцэгч байх. Олонтой нийцтэй байх ёстой. Би залуучууддаа ч нээлттэй бай гэж  хэлдэг. Гэвч би өөрөө нээлттэй байх тал дээр бага зэрэг дутагдалтай байж болох юм. Хүмүүс намайг их зантай гэж хардаг. Миний царай зүс, харагдаж байгаа төрхөөс болдог байх. Би бас социализмын  үеийн үлдэгдэл.

-Таны бодлоор залуус хэр их нээлттэй санагддаг вэ?

-Дотроо их боддог болжээ. Би яах бол гэж хэт их санаа зовж байна. Үүнд нийгэм нь нөлөөлж байж магадгүй. Гэхдээ залуусын нэг мундаг тал нь хөгжимд их сайн задарч байна. Дотооддоо төдийгүй гаднын  орнуудаас ч энэ нь их анзаарагддаг.

– Хэрэв та урлагийг сонгоогүй, өөр мэргэжил эзэмших байсан бол?

– Ер нь тоо, физикээр л явах байсан. Би чинь Өвөрхангай аймгийн хоёр удаагийн тооны аварга. Гэхдээ хөгжим зохиох гэдэг чинь бас л тооны ухаан. Би өөрийгөө авьяастай гэж хэлэхгүй. Олон жил сурах гэж хөдөлмөрлөж суусан санагддаг. Хүн хэт их баярласан эсвэл гунигласан үедээ л сэтгэлээс аливаа зүйл ундран гардаг юм болов уу.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.