"Шинэ эхлэл" сургуулийн захирал Р.Эрдэнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьжээ


 


Олон улсын хөтөлбөрийн сургалттай БСШУСЯ-ны харьяа, төрийн өмчийн ерөнхий боловсролын "Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Р.Эрдэнийг бусдаас онц их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр аравдугаар сарын сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газраас шуурхай ажиллагаа явуулж баривчилжээ. 

Захирал Р.Эрдэнийг эрүүгийн хуулийн 22.4 дүгээрт зааснаар бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж  байгаа аж. Улмаар шүүгчийн захирамжаар нэг сар цагдан хорих шийдвэр гарсан байна. 

Гэм буруутай нь тогтоогдвол түүнийг "Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх” юм байна.

Түүнийг сурагчдын эцэг эхээс хахууль авдаг байж болзошгүй гэсэн мэдээлэл АТГ-ынханд ирсний дагуу баримт цуглуулж байгаад үйлдэл дээр нь саатуулсан аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр түүнийг бусдаас 10 сая төгрөгийн хахууль авч байсан гэжээ. Тус газрынхан төрийн өмчит сургуулиудын бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгахаа өнгөрсөн сарын 25-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдэж байв.

Дашрамд дуулгахад, эл сургууль нь олон улсын "Кембриж”-ийн сургалттай ерөнхий боловсролын гурван сургуулийн нэг юм. Энэ утгаараа хүүхэд элсүүлэн суралцуулахдаа өндөр шалгуур тавьдаг гэдгээрээ гайхагддаг.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.