Хүчгүй төрийн “гар мухар” цагдаа


 

 

Төр өөрөө хүчтэй байх ёстой, төрийн хүч хуулиар, бас хуулийг хэрэгжүүлэгч цагдаагаар илэрдэг.

Тэгвэл өнөөдөр төрийн хуулийг сахиулагч цагдаагийн албан хаагчийг хэн дуртай нь цагдаад хараадаг, хууль ёсны хүрээнд тавьсан шаардлагыг нь биелүүлдэггүй, тэр бүү хэл биед нь халддаг, амь насанд нь заналхийлдэг явдал жирийн үзэгдэл боллоо.

Гэтэл үнэндээ бидний сайн мэддэг Орос, Хятад улс, цаашлаад Америк улс болон Европын аль улсад Цагдаагийн тавьсан шаардлагыг  иргэд нь хууль мэт хүлээж авдаг. Хэрэв цагдаагийн шаардлагыг эс биелүүлэх, эсэргүүцсэн тохиолдолд цагдаа нь галт зэвсэгийг  эсэргүүцэгч иргэний эсрэг хэрэглэх эрхтэй. Иргэд нь үүнийг мэддэг болохоор Цагдаагийн шаардлагыг биелүүлж харилцдаг.

Та ОХУ-д  АКА-47 үүрсэн цагдаа нар гудамжинд үүрэг гүйцэтгэдэг бол АНУ-д ташаандаа гар буу зүүсэн, мөн бүрэн техник тоноглолтой цагдаатай та тааралдана.

Харин Монголын цагдаа сайндаа л хаймран бороохойтой. Тиймдээ ч хэн дуртай нь цагдаад элдвээр хараана, загнана, зандчина, бүр зодно, амь насанд нь халдана. Хууль сахиулагч нарт эсэргүүцэгч иргэний  эсрэг хэрэглэх галт зэвсэг биш юмаа гэхэд хийн гар буу, үгүй ядаж цахилгаан бороохой ч байхгүй. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн  үед  Цагдаа нарт цахилгаан бороохой олгож эхэлсэн боловч, төд удалгүй иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн гэх иргэний гомдлоор буцааж татсан. Зүй нь бол иргэн хууль зөрчихгүй бол, ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн шаардлагыг биелүүлчихдэг бол цагдаа тэдний эсрэг хүч хэрэглэх шаардлага гарахгүйсэн.

Монголчуудыг ямаан омогтой гэдэг. Тэдний ямаан омгийг дарах сүр бол цагдаа нарт олгох техник хэрэгсэл байх ёстой. Үгүй ядаж цахилгаан бороохой, цаашлаад ташаандаа гар /хийн буу байсан ч болох/ буутай цагдаа руу ямаан омогтой зөрчил гаргагч дээрэлхэж хандаад байхгүй л болов уу.

Өчигдөрхөн автомашин унаж  явсан хоёр  гэмт хэрэгтнийг зогсоох шаардлага тавьсан цагдаагийн  албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, түүнийг  автомашинаар чирсний улмаас хүнд гэмтэл авч өнөөдөр  амь насаа алдлаа.

 

 

 

 

 

Одоогоос 10 жилийн өмнө болсон 7 сарын 1-ний нийтийг хамарсан үймээний үйл явдал тохиолдоход хамгаалалтын зориулалттай  ганц ч техник  машингүй цагдаа нар үймээн гаргагчидыг гар хоосон зохицуулах гэж оролдоод өөрсдийн эрүүл мэндээрээ хохирсон. Үүнээс сургамж авсан  Монголын төр  удалгүй олон нийтийн үймээнд хэрэглэхүйц зориулалтын хуягласан  хэд хэдэн авто техниктэй болсон.

Одоо харин цагдаа нартаа ядаж цахилгаан бороохой, цаашлаад хийн гар буу олгох цаг болжээ. Хуульгүй мэт амьдарч, хууль дүрмийг зөрчин, дур зоргоороо авирлаж байгаа "хүн адгуус” нарт төр төмөр нүүрээ төрийн цагдаагаараа дамжуулан үзүүлэх цаг болжээ.

А.Галт



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.