Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тушаал гаргаж тэдэнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Мөн бусад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагуудад Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг сахин биелүүлэх, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх. Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн алба хаагчийн хувьд оролцохгүй байх зэрэг хуулийн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохыг үүрэг болгожээ.
ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл