Хятад улсын визний оочер дараалал хэрээс хэтэрч, хэд хэдэн удаа үймээн дэгдсэн удаатай. Энэ байдал сүүлийн хэдэн жил, бүр сүүлийн хоёр гурван сар тасралтгүй асуудал дагуулсан.
Гадаадын олон улс оронд "цахим”-аар оочер даралал авч, иргэдэд чирэгдэл гомдол учруулахгүй шийдвэрлэдэг. Гэтэл манай улсад эсрэгээрээ. Виз хүсэгч хэнбэгуайгч халуун наранд өдөржин зогсоож, үүрийн гэгээнээс, үдшийн харанхуй хүртэл жагсаасаар удаж буй юм. Бүр БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хашааны гаднах явган хүн зорчих хэсэг бүхий зам талбайг хашаалан, төрийн цагдаагаар хамгаалуулах болсон.
Монголчууд юуны тулд ийнхүү хоёр гурван жил, улирал дамнан визний мэдүүлэгт багтах гэж уртаас урт цуваа үүсгэн олноороо үймэлддэг болов. Оюутнууд сурах, аялах, ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах зэрэг визнээс илүү арван жилийн сурагчид виз хүсч байгаа нь хамгийн ихээр анхаарал татна. Мөн тэнд оочерлон зогсох нэлээдгүй иргэд Хятадын визний мэдүүлгийн дийлэнхийг сурагчид эзэлж байгааг онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, Хятадад удаан хугацаагаар сурч амьдрах иргэд оюутнууд цөөхөн, харин сурагч хүүхдүүдээ бүртгүүлэх гэсэн эцэг эхчүүд олон байгаа аж.
Сүүлийн үед боломжтой эцэг эхчүүд дунд сургуулийн хүүхдээ урд хөршийн дунд сургуульд сургах нь элбэгшсэн тухай мэдээлэл аль гурав, дөрвөн жилийн өмнөөс яригдах болсон. Монголоос зөвхөн Эрээнд суралцах хүүхдийн тоо 2014 онд 700 байсан бол энэ онд бүр 1000 хүүхэд суралцаж байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.
Харин нийт Хятад улс даяар хичнээн Монгол хүүхэд суралцдаг талаарх мэдээллийг бид холбогдох яамд, агентлагуудаас тодруулах гэж оролдсон юм. Энэ тухай гадаад хэргийн яам, "Манайд Монгол улсаас гадаадын улс орнууд руу гарсан нийт иргэдийн тоон мэдээлэл бий. Хятад улсад сурч буй сурагч, оюутнуудын нарийн тоон мэдээлэл байдаггүй. Ирдэггүй” гэх тайлбарыг өгсөн юм. Бүхэл бүтэн улсын боловсрол хариуцсан салбар яам нь энэ утаснаас асуу, одоо тэр утаснаас асуу хэмээх хариултуудаас өөрийг хэлэлгүй, хариулт өгөх эзэн холбогдогчгүйгээр замхрав.
Хятадын боловсролын систем үнэхээр сайн гэж үү, ямар шалтгааны улмаас тэнд боловсрол эзэмшихийг чухалчлах болов гэдэг асуулт бий. Тус улсаас манай улсад хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, жилд хэдэн зуун оюутан сурагчдыг элсүүлдэг. Тухайлбал, бага дунд сургуулийн сурагчдыг "Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт, "Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулдаг. Ингэхдээ сонгон шалгаруулалт гуравдугаар сард болж, аравдугаар сард батламжаа аван сургуулиа зорьдог аж. 2014 оноос хойш зохион байгуулсан зөвхөн эдгээр хоёр тэтгэлэгт л гэхэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг аймгаас 284 сурагч 852.000 юанийн тэтгэлэг хүртжээ.
Мөн оюутнуудыг 5000-10000 юанийн тэтгэлэгтэй "Тэргүүлэгч од”, 3000 юанийн тэтгэлэгтэй "Ирээдүйн эзэд” зэрэг тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулдаг байна. Уг хөтөлбөрт Улаанбаатар хотын бүх дүүрэг болон Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг хот, аймгуудаас давхардсан тоогоор нийт 2171 оюутан, сурагч оролцсон гэсэн тоо бий.
Хичээлүүд есдүгээр сард эхлэх ч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, "Банк офф Чайна” Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хамтран, хамгийн сүүлд буюу энэ сарын 12-нд оюутан, сурагчдад тэтгэлэг олгох ёслолын ажиллагаагаа зохион байгуулсан. Хятад улсаас боловсрол эзэмшихийг зорьсон, зорих гэж буй сурагч оюутнууд төдийгүй, эцэг эхчүүд нь хамгийн түрүүнд хэлний, хоёрдугаар тэтгэлэгийн асуудлаас болж сонгодог болохоо хэлдэг.
Тус улс түрэмгий дипломат ажиллагаа явуулдаггүй, харин оронд нь "Зөөлөн хүчний бодлогоор” бусад улс оронд нэр нөлөөгөө өсгөх бодлого явуулдаг гэдэг. Улмаар энэ бодлогын нэгээхэн хэсэг нь боловсролын байгууллагаар дамжин хэрэгждэг байна. Жилээс жилд Хятад улсыг зорих оюутан, сурагчдын тоо нэмэгдсээр байгаа нь АНУ, Англиас илүү Африкийн оюутнууд олноороо зорих болжээ. Энэ ядуу буурай, эдийн засгийн бололцоогүй орны иргэдэд тэтгэлэг нэрийдлээр шуурч орж ирэх хамгийн таатай нөхцөл болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Өдгөө дэлхийн 140 оронд үйл ажиллагаагаа явуулж буй, Хятадын Засгийн газрын хяналтанд байдаг 1500 "Кунзийн институт”-ээр дамжуулан хэрэгждүүлдэг байна. Эдгээр институт нь хятад хэл, Хятадын түүхийг зааж, Өрнөдийн орнуудад байдаг Хятад улсын талаарх ташаа ойлголтыг залруулахад оршдог гэжээ.
Сэтгэгдэл