Италийн мэс засалч Сержио Канаверо хүний толгойг хоёр жилийн дотор шилжүүлэн суулгаж чадна гэдгээ өмнө нь зарлаж байсан. Тэгвэл тэр саяхан энэ чиглэлд нэг том алхам хийснээ зарлажээ.
Канаверо Хятадын Харбины Анагаахын Их сургуулийн судлаачидтай хамтран сармагчингийн толгойг шилжүүлж суулгах туршилт хийсэн байна. Судлаачид сармагчингийн цусан хангамж болон биеийг шинэ толгойтой холбож чадсан ч нугасыг нь холболгүй үлдээсэн гэнэ.
Канаверо "сармагчин ямар ч мэдрэлийн системийн гэмтэлгүйгээр ажиллагааг давж гарсан” гэжээ. Сармагчинг ёс зүйн үүднээс хагалгааны дараа 20 цаг амьд байлгасан гэнэ.
Канаверо үүгээрээ 1970 онд Роберт Уайтын хийсэн мэс заслыг амжилттай давтаж, толгойг 15 хэм хүртэл хөргөж чадвал шилжүүлэх ажиллагаа амжилттай болохыг батлан харуулсан гэжээ.
Гэвч энэ салбарын мэргэжилтнүүд Канаверогийн үйлдлийг таатай хүлээж авахгүй байна. Тэд Канаверог эхлээд мэргэжлийн хүрээнд үр дүнгээ хэлэлцэлгүй шууд олон нийтэд хүргэж байгаад дургүй байгаа юм. Нью Йоркийн Анагаахын Их сургуулийн биоэтикч Артур Каплан хэлэхдээ "энэ бол шинжлэх ухааныг PR болгож байгаа хэрэг” гээд "хэрвээ энэ туршилтын талаар мэргэжлийн сэтгүүлд эхлээд нийтлэгдсэн бол би сонирхох байлаа. Харин энэ тохиолдолд ямар ч хэрэгцээгүй зүйл” гэжээ.
Доктор Канаверо одоо 31 настай Орос өвчтөн Валерий Спиридоновын толгойг шилжүүлэн суулгах төсөлд санхүүжилт босгохоор хөөцөлдөж байгаа юм. Уг өвчтөн нь төрөлхийн булчин нь ажиллагаагүй хүн гэнэ.
Эх сурвалж: New Scientist
Сэтгэгдэл