Ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан албан хаагчийг маргааш сүүлчийн замд нь үднэ. Талийгаачийг маргааш үүрээр НЦГ-ын байрнаас хүндэтгэлтэйгээр үдэх юм.
Тэрбээр 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт этгээдүүдийн халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан юм. Тодруулбал, залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар "Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг машинаараа чирж биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин зугтсан байдаг.
Талийгаачийн гавлын яс цуурсан, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэж, хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй таалал төгссөн билээ. Тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн алба хаагч, ахлах ахлагч цолтой нэгэн байв.
Энэ дагуу 10 жилийн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаар тооцож ар гэрийнхэнд нь олгох аж.
Таилйгаач 41 настай, гурван хүү, нэг охин, эхнэр, 80 гарч буй ээжийн хамт амьдардаг байсан. Ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан. Гэвч ар иргэдийн зүгээс түүний 36 сарын тэтгэмжийг олгох нь зүйтэй гэх уриалгыг гаргаад байгаа юм. Харин үүнийг цагдаагийн байгууллага хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Анир
Сэтгэгдэл