Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уулын бэлд Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур оршдог. Эл нуурыг Очирваань бурхны тахилын аяга хэмээн нэрлэх нь бий. Учир нь монголчууд эрт цагаас Бадархундага нууранд хүслээ шивнэн, мөнгөн ембүү өргөдөг байжээ. Энэ уламжлал өнөөдөр ч хэвээр.
Өнгөрсөн сараас эхлэн олон нийтийн сүлжээгээр "Отгонтэнгэр хайрханд буун дуу гарлаа” гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Уг хэргийг хөөж үзвэл есдүгээр сарын 9-ний өдөр уг хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 хүн Бадархундагын рашаанаас хүртэхээр уулын бэлд "Тоёота Ланд-200” маркийн хар болон цагаан өнгийн хоёр автомашинаа тавиад, өгсөж явтал нуурын захаас сэжигтэй зүйл авч яваа гурван залууг харсан байна.
Нуураас шумбагчийн хувцастай гарч ирсэн сэжигтэн машиныхаа цонхыг хагалан хувцсаа сольж өмсөөд, шаргал үүргэвч үүрэн, машинаасаа "Тоз-8” винтовоор зэвсэглэж, цааш зугтсан байна. Нөгөө хоёр нь мөн зугтжээ.
Буугаар зэвсэглэсэн сэжигтнийг Ц.Даваабат гэдэг бөгөөд 1993 онд төрсөн, 25 настай, Баянгол дүүргийн есдүгээр хороонд оршин суух хаягтай. Тэрбээр араас нь хөөж байсан иргэдийг буугаар сүрдүүлж, Ч.Отгонбатын хүзүүний баруун хэсэгт, Б.Батхишигийн баруун гарын тохойн дээд бугалганд буудаж гэмтээсэн байна.
Дээшээ хоёр удаа буудаж тэднийг холдуулаад "Тоёота Ланд-200” маркийн цагаан өнгийн машиныг нь дээрэмдээд зугтсан байна. Сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, тухайн аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс ямар нэгэн эрсдэлгүйгээр Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагчид дайчлан баривчилжээ.
Түүнтэй хамт явсан, Баян-Өлгий аймгийн харьяат, 1987 онд төрсөн, 31 настай Үмитханы Төлөпберген, 1996 онд төрсөн, 22 настай Ердамыс Тасхын нарыг хоёр хоног хайсны эцэст есдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд Бумбатын даваанаас барьжээ.
Сэтгэгдэл