Иргэнээ дээрэмдэж төсвөө бүрдүүлдэг юм биш биз


Одоогоос жил орчмын өмнө буюу 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Засгийн газрын 37 дугаар тогтоол гарчээ. Тэр нь Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 16-ны 232 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, зарим зүйлийг хүчингүй болгох тухай байв. Үүнээс болж Монгол Улсын иргэн эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг манджээ.

Төсвийн урсгал зардлыг бууруулж хэмнэлтийн горимд шилжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын амралт, сувиллыг хувьчлах замаар төсөв бүрдүүлэх тогтоолыг 2014 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар шил дараалан гаргаж байлаа. Тогтоолын дагуу 37 обьектыг дуудлага худалдаагаар зарахаар болж байв. Үүний нэг нь ШШГЕГ-ын харъяа "Төр хурах” амралт, сувиллын газар юм. Дуудлага худал­даа Төрийн өмчийн хороонд 2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд болж иргэн Д.Энхтуяа хамгийн өндөр нэг тэрбум төгрөгийн үнэ санал болгосноор ялагч болжээ. Тэр өдрөө Д.Энхтуяа ТӨХ-той Худалдах, худалдан авах гэрээ байгуулан Засгийн газрын 232 дугаар тогтоолын дагуу обьект болон газрын эзэмшигч болжээ. Дуудлага худалдаанд санал болгосон төлбөрөө ч удалгүй төлж барагдуулсан байна.

Тэрээр ингэж өнөөгийн мөрдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу үл хөдлөх хөрөнгөтэй болсон ч хоёрхон сарын дараа хөрөнгө нь цаас төдий л үлджээ. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар сарын 2-нд гаргасан Засгийн газрын 37 дугаар тогтоолд  "...Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 16-ны 232 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын 11, 11.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэсэн нь аль хэдийнэ дуудлага худалдаа нь болж өнгөрөөд, нэг тэрбум төгрөгийг улсад тушааж гэрээ байгуулсан Д.Энхтуяагийн өмч "Төр хурах” амралтын газрын тухай байжээ. Төр иргэндээ обьект зараад мөнгийг нь авчихаад дараа нь зарсан "бараагаа” дээрэмдээд авчихсантай адил нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Үүнээс болж иргэн Д.Энхтуяа одоог хүртэл хөрөнгө ч үгүй, мөнгө ч үгүй аргаа барж явна.

Ингэж иргэнээ дээрэмдэж төсвөө бүрдүүлдэг юм биш биз.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.