Сайд нар хариуцлагаа хүлээж өөрийн хүсэлтээр суудлаа өгдөг жишиг тогтож байгаа нь сайшаалтай. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өчигдөр /2018.10.31/ салбарт нь үүссэн асуудалд хариуцлагаа ухамсарлан, сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өглөө. УИХ-ын гишүүд болон бусад нөлөө бүхий албан тушаалтнууд өөрсдийн давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудал үүсээд буй энэ үед тус сан харьяалагддаг ХХААХҮЯ-ыг удирдаж байсан учир ийн хариуцлагаа хүлээж, албан тушаалаа өгч байгаа юм.
Зээл авсан гишүүдийг тойрсон асуудал өчигдөр /2018.10.31/ үндсэндээ шаргал ордны халуун сэдэв байв. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн компанид зээл авсан нь тодорхой болсон. Үүнтэй холбогдуулаад уг асуудлыг хариуцдаг салбар яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг огцруулна" гэж мэдэгдэн, МАН-ын бүлэг ч энэ асуудлыг шуурхайлан хэлэлцлээ. Бүлгийн хурлын дараа түүнийг чөлөөлөх болсныг танилцуулж, үргэлжлүүлэн Б.Батзориг хэвлэлийнхний өмнө гарч ирэн, "Би хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа мэдэгдэж байна" гэсэн маш товчхон мэдэгдэл хийсэн билээ.
Юутай ч хариуцлагын тогтолцоо үйлчилж, салбарын сайд нь алдаа гаргасныхаа төлөө ажлаа өгдөг жишиг тогтож байгаа нь сайн хэрэг. Ердөө сарын өмнө Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нарын хооронд өрнөсөн маргааны улмаас хүний амь нас хохирч, Ж.Бат-Эрдэнэ сайдын суудлаасаа мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв. Үндсэндээ ганцхан сарын дотор У.Хүрэлсүхийн Засгийн газраас хоёр ч сайд чөлөөлөгдчихлөө. Сайд огцорсноор тухайн салбарт гарсан алдаа дутагдал арилдаг бол өөр хэрэг. Гэхдээ хариуцлага хүлээх жишиг нь нийгэмд гарч буй томоохон өөрчлөлт гэлтэй.
Харин сайд нарт хариуцлага тооцох "челенж”-ийг цааш үргэлжлэх үү гэдэг асуулт одоо гарч ирж байна.
Хариуцлагын асуудал яригдах дараагийн сайд Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар байж болох юм. Шинэхэн сайд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан баримт гараад буй. Түүнээс зээл авсан эсэхийг тодруулахад "Манай эхнэрийн компани, эхнэр ч тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа” хэмээн мэлзэж байсан удаатай. Мөн тэр "Манай эхнэр найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод удаж байгаа” гэсэн хариулт өгч байсан юм. Гэтэл тус компани нь түүний өөрийн эзэмшлийн "Эпота Анарваан” ХХК болохыг сөрөг хүчнээс баримтаар дэлгээд байна. Эрхэм сайдын "Эпота Анарваан” ХХК ЖДҮ-ийн сангаас 1.2 тэрбум төгрөг зээлжээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл иргэдийг дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдох юм байна.
ЖДҮ-ээс төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал явсаар Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг өөрөө тарах шаардлага тавихад хүргэж байгаа бололтой. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсч, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн, улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна” гэсэн. Тэрбээр мөн "Хоёр, гурван гишүүн нийлээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг, нэг тэрбум төгрөгийн зээл авч, банк бус санхүүгийн байгууллага руу хийдэг. Ингээд түүгээрээ дамжуулан мөнгө хүүлж байна гэх мэдээлэл жилийн өмнө надад ирсэн. Би тухайн үед итгээгүй. Арай ч тийм зүйл байхгүй болов уу гэж бодсон. Тэд тэрбум төгрөгөө бэлнээр аваад, 100 мянга, сая гэх мэт бага багаар нь банк бус санхүүгийн байгууллага руу хийхээр хэн хийж байгаа нь мэдэгддэггүй юм байна” гэжээ.
Тэгэхээр ЖДҮ-ийн зээлийн асуудал ХХААХҮ-ийн сайдыг нь огцруулснаар намжихгүй л болов уу! Салбарын сайдаас гадна энэ асуудалд УИХ-ын олон арван гишүүн нэр холбогдоод буй. УИХ дахь МАН-ын бүлгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцно гэдгээ ч зарлалаа.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хяналт, шалгалт оруулах ёстой. Үнэхээр хуулийн дагуу зээл, тусламжаа олгосон эсэхийг нь шалгаж тогтоох хэрэгтэй. Хэрэв гишүүдийн нэр холбогдоод байгаа зүйл үнэн бол хариуцлагаа хүлээж, уучлалт гуйх нь зүйн хэрэг. Зээл авсан хүмүүс эргүүлж мөнгөө төлөх ёстой. Хууль, хяналтын байгууллагад долоон гишүүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн. Хариуцлага тооцох ёстой бол тооцно” гэж өчигдөр байр сууриа илэрхийлжээ. Энэ бол МАН-ын бүлгийн байр суурь гэсэн үг.
ЖДҮ-ээс 950 саяас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан гэх УИХ-ын гишүүдийн нэрс сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлагдах болсныг хараагүй хүн үлдээгүй байх. Хууль, хяналтын байгууллагууд ч энэ асуудлыг лавшруулан шалгахаа илэрхийлж эхэллээ. Харин одоо хариуцлагын "желленж” хэрхэн үргэлжлэхийг харах үлдэж байна.
ЖДҮ-ээс зээл авсан гэх УИХ-ын гишүүдийн нэрс:
-
Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн "Эпота Анарваан” ХХК-д 1.2 тэрбум төгрөг,
-
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн "Тээвэр ачлал” ХХК-д 1.4 тэрбум төгрөг,
-
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн "Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
-
УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн "Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөг,
-
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын "Газар буудай” ХХК 950 сая төгрөг,
-
УИХ-ын гишүүн Н.Учралын аавын "Хүннү” ХХК 950 сая төгрөг,
-
УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн "Рэд Стар Клуб” ХХК 950 сая төгрөгийг тус тус зээлсэн гэгдэж буй.
Үүн дээр нэмээд УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэр дурдагдаж байгаа. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн "Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын "Цэн стайл” ХХК Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл хэвлэлд гарч, АН-ын зүгээс эдгээр нэрсийг холбогдуулан зарлаад байгаа ч "Нүүдэлчин агро фирм” мэдээллийг үгүйсгэж, шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа юм.
М.Бүүвэй
Сэтгэгдэл