Ангууч: Би анх ОД болно гэж боддог байсан


 

Ангууч: Би анх ОД болно гэж боддог байсан

 

"Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан түүнийг Батбаатарын Баттөр гэдэг. Томоохон компаниудын рекламны нүүр царайгаар тодроод зогсохгүй "Сайн уу,  амьдрал минь 2” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Урлаг соёлын одууд хийгээд загварынхантай нөхөрлөдөг нь түүнийг ингэж олны танил болоход нөлөөлсөн ч байж болох юм. Ангуучийг холимог тулааны спортоор хичээллэдэг гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Алхам тутамд цахимжиж буй амьдралд хэрхэн цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах, тэгэхдээ соёлтой, олны анхаарал татсан хэрэглэгч байхын тулд юу хийх ёстой талаараа тэр бусадтай хуваалцахдаа харам биш. Фэйсбүүкээс илүү инстаграм сүлжээг түлхүү ашигладаг Ангууч саяхан болсон "Marketers day-2018" чуулганд зочноор өөрийн сошиал хэрэглээнийхээ талаар илэн далангүй ярилцсан юм. 

 

Ангууч буюу Б.Баттөр: Хичээж ёстой гэсэн сэдэл өгч байвал тэр миний зорилго

-Инстаграм бол орчин үеийн залууст зориулсан сүлжээ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Миний эргэн тойронд ямар нэгэн зүйлийг санаж сэдсэн, үүсгэн байгуулсан хүмүүс цугласан байна. Би бол АНГУУЧ-ийг үүсгэн байгуулагч. Яагаад Ангууч гэж нэрлэдэг вэ гэхээр, намайг бага байхад зааж зөвлөх хэн нэгэн, эсвэл  ах ч юм уу хэрэгтэй байсан. Яг над шиг ийм зүйл хүсч байгаа залуус олон байдаг. Тийм болохоор би одоогийн залууст хэрэгтэй зүйлийг нь хэлж өгөх юм сан гэж хүсдэг. Тэр хүмүүс 24 цаг инстаграмын "Live”-аар, "Story"-оор надтай хамт байна. Энэ юу хийж байна, юу үзэж байна гэхчлэн сонирхож, мэдээлэл авч байдаг. Тийм болохоор сошиалд хуваалцаж байгаа мэдээллээрээ хүмүүст урам зориг өгч, сэдэл төрүүлэхийг хүсдэг. Магадгүй, анх бол од болохыг хүсдэг байсан байх. Одоо бол миний сториг, миний оруулсан постыг үзээд, би ингэх ёстой юм байна гэсэн бодол бусдад төрдөг болсон бол би зорьсондоо хүрч байна гэсэн үг. 

Гэхдээ би дан бусдад санаа өгөөд байна уу гэхээр бас үгүй юм. Би хүмүүсээс бас тэр мэдрэмжийг авч байж өөрийгөө хөгжүүлж байгаа гэдгээ мэдэрдэг. Энэ зун гэхэд би улсаа төлөөлж олон улсын тэмцээнд орсон. Тэмцээн болохоос гурав хоногийн өмнө миний хамар хугарсан. Хувь хүнээрээ бодох юм бол би амь биш, заяа биш гээд орохгүй байж болно. Өөрийгөө хайрласан бол би тэмцээнийг алгасч болох байсан. Гэтэл 103 мянган дагагч ард минь байдаг. Тэднийг сайн, сайхан зүйлд уриалах ёстой, шантарч болохгүй гэж бодсон. Харин ч би тэмцээндээ бэртэлтэй байсан ч оролцоод, ялаад гараад ирэх юм бол хүмүүст минийхтэй ижил зүйл тохиолдоход, тэр залуу ингэж байсан би яагаад чадахгүй гэж бодох ч юм билүү. Ингэж бодоод би рингэн дээр гарсан, тэмцээндээ ч ялсан. Би өөрийгөө хөгжүүлж, түүний хэрээр хүмүүс надаас сэдэл авдаг байгаасай л гэж хүсдэг. Өөрийгөө бодлоороо удирдаж, хүчтэй байлгах хэрэгтэй.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.