Төрийн албан хаагчид шат шатандаа авлигын хэрэгт холбогдсоор байна


 

Төрийн албан хаагчид шат шатандаа авлигын хэрэгт холбогдсоор байнаУИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан дуулиан тасраагүй байхад орон нутгийн албан тушаалтнууд "Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан зөрчил илэрлээ. Учир нь Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Сүхбаатар аймгийн хувьд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй, томилсны дараа хянуулсан 12 албан хаагч, ХАСХОМ гаргаагүй болон хоцроосон 36, албан тушаалтны хууль бус шийдвэр гаргасны улмаас 2018 онд шүүхийн шийдвэрээр ажилгүй байх хугацааны нөхөн олговорт 74,7 сая төгрөг олгохоор шийдвэрлэснээс 28 сая төгрөгийг, ажлаас халагдсаны тэтгэмжинд 13,6 сая төгрөг тус тус төсвийн зардлаас олгосон байх бөгөөд хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлээгүй байна. Зарим байгууллагад бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд ажилтан авч цалинжуулах, албан тушаалтнууд өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах зөрчлүүд түгээмэл байна.

Аймаг, сумын ИТХ болон ИТХ-ын Тэргүүлэгчид нь хуулиар эрх олгогдоогүй эрх эдэлж, орон нутгийн татвар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоож байна. Тухайлбал, Эрдэнэцагаан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2 шийдвэр, Наран сумын ИТХ-ын 2 шийдвэр, Аймгийн ИТХ-ын 1 шийдвэр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 шийдвэр байна. Мөн хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж, иргэдээс хууль бус төлбөр хураамж авчээ.

Сум хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн хэмжээ сум бүрт 30-40 хувьтай, сум хөгжүүлэх сангийн зээлийн хяналтын хороо хяналт тавьж ажилладаггүй, зээлийг зориулалтын бусаар өөрийн хамаарал бүхий этгээдэд олгох тохиолдол гарчээ. Тухайлбал, Наран сумын Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, сумын Засаг даргын орлогчоор ажиллаж  байсан И нь дүү Э-д 20 сая төгрөгийн зээл олгосон. Мөн Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, төслийн нарийн бичиг О нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Б-д  5 сая төгрөгийн зээл олгосон байна.

 

АТГ-ын ажлын хэсэг авлигын шинжтэй 5 үйлдлийг илрүүлсэн бөгөөд эдгээрт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.