Чингис бондоос Хятадын компаниудад их хэмжээний мөнгө өгснийг ил болгов


Чингис бондоос Хятадын компаниудад их хэмжээний мөнгө өгснийг ил болгов

Өнөөдөр "Зууны мэдээ" хэвлэлийн төвд Чингис бонд болон бусад зээлийн мөнгийг БНХАУ-ын болон гадаадын, бүртгэлгүй байж мэдэх аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгүүлэхээр өгсөн талаар иргэн Г.Өнөрбаяр, Д.Хосбаяр нар мэдээлэл хийлээ.

Энэ талаар иргэн Г.Өнөрбаяр ярихдаа "Бусад улс орнууд зээлийн мөнгөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгөх бодлого баримталдаг. Ингэснээр Үндэсний аж ахуйн нэгжүүд томорч, ажлын байр бий болж, татварын зөв тогтолцоо бүрдүүлдэг. Гэтэл Монголчууд зээлсэн мөнгөнийхээ нилээдийг БНХАУ-ын болон Туркийн компаниудад өгч байна. Бас манай улсад бүртгэлгүй байж болох аж ахуйн нэгжүүдэд ч өгсөн байх магадлалтай байна. Эдгээрийг холбогдох байгууллага шалгаж нягтлах байх. Хамгийн гол нь БНХАУ-ын компаниудаар зам бариулахдаа тендер зарласан эсэх нь эргэлзээтэй. Энэ чиглэлийн мэдээлэл олдохгүй хаагдмал байгаа. УИХ-аас гарсан Чингис, Самурай бондын болон Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк сонгон шалгаруулалтгүй шууд гэрээ хийдэг гэсэн дүгнэлт орсон. Мөн Хятадын компаниудыг шууд сонгон шалгаруулсан байх магадлалтай гэж хардаж байна" гэв.

Мэдээлэл хийсэн иргэдийн тооцоогоор бол Чингис бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрээс 500 орчим тэрбум төгрөгийг Хятадын компаниудаар ажил гүйцэтгүүлээд өгсөн байх талтай гэнэ. Энэ нь "Самурай" бондын мөнгөн дүнтэй дүйж очно гэж тайлбарлав. Хятадын аж ахуйн нэгжүүдэд ийм их хэмжээний зээлийн мөнгө өгч байхад үндэсний аж ахуйн нэгжүүд ажил олж чадахгүй байгаа нь шударга бус байна. Тухайлбал 888 төслийн хүрээнд зээл өгөхдөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд ихэнхдээ 20-100 орчим сая төгрөгийн зээл олгосон. Тиймээс Засгийн газар зээлийн мөнгөөр үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой юу? Хятадын компаниудыг тэтгэх бодлоготой юу гэдгээ тайлбарлах ёстойг онцлов.

Иргэн Г.Өнөрбаярын тайлбараар бол 1 км авто замыг 2011 онд 204.5 сая төгрөгөөр барьж байсан. Гэтэл 2015 онд 1 км замыг нэг тэрбум 252.1 сая төгрөгөөр барьдаг болж. Замын төсөвт өртөг дөрвөн жилийн хугацаанд ингэж огцом өссөнд гайхаж байгаа гэнэ. Тиймээс БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд болон бусад аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгэхдээ тендергүйгээр шууд сонгон шалгаруулалт хийсэн, зээлийн ихэнхийг гадны аж ахуйн нэгжүүдэээр ажил гүйцэтгээд өгсөн зэрэг асуудлыг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагууд анхааралдаа авахыг хүсэв.
http://www.24tsag.mn/ content/129808.shtml

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.