Хөгжлийн банкныхаан ямбаа эдэлсэн бол ялаа эдлэх хэрэгтэй


 Хөгжлийн банкныхаан ямбаа эдэлсэн бол ялаа эдлэх хэрэгтэй

Хөгжлийн банкны "но-той”, ноцтой луйврын шинжтэй гэмт үйлдлүүд эхнээсээ ил болж байна. Тэр ч байтугай энэхүү хууль бус үйл ажиллагаанд хэн, хэн гар дүрэлцэж монголчуудыг дааж давшгүй өрөнд оруулж байгааг олон нийт хийгээд зарим нам, эвсэл ихэд сонирхож байсан.
 
Тэгвэл ямар газар, аль төслөөс хэдий хэр хэмжээний мөнгийг замаас нь цохьчихсон бэ гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бага, багаар ил болгож засаг барьж буй намын үнэн нүүр царайг илчлээд эхэллээ. 
 
Уг нь өнгөрсөн хугацаанд манай сонин болон нам, эвслийн бүлгүүд "Чингис”, "Самурай” бондын мөнгийг яг ямар газар, яаж зарцуулсныг асууж сурагласан ч Хөгжлийн банкныхан энэ талаар ам ангайх нь байтугай, уг мэдээллийг бичиж нийтэд ил болгосон сэтгүүлчийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхээр болчихоод байгаа билээ.
 
Ямартай ч тэдгээр нөхдийн булхайтай, хуудуутай үйлдлийг ирэх долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж асуудлыг нэг тийш болгох юм билээ. Уг нь тус байнгын хороо өнгөрсөн мягмар гарагт энэ асуудлыг олон нийтэд дэлгэхээр хурлаа зарласан боловч дээрх байнгын хороонд харьяалагддаг АН-ын гишүүд хуралд очоогүйн улмаас ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм.
 
Мэдээж гэмт хэргийн шинжтэй асуудлыг эрх барьж буй АН-ынхан тийм амархан олон нийтэд ил болгохгүй нь ойлгомжтой. Ийн хэлэхийн учир нь энэхүү бондын мөнгөнөөс зам барих нэрээр ихээхэн хэмжээний мөнгө зувчуулсан байж болзошгүй гэх асуудал өдгөө АТГ-т шалгагдаж байгаа. Асуудлын эзэн холбогдогчийг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа учраас дахин нурших нь илүүц байх. 
 
Тиймээс Л.Энх-Амгалан гишүүний тэргүүлж буй ажлын хэсэгт багтсан эрх баригч намын гишүүд уг бондын мөнгөнд гар дүрэлцсэн учраас их дуулианыг олон нийтэд ил болгохгүй гэсэн сонирхол нь хэт давамгайлсан хэрэг. Тиймдээ ч өнөөг хүртэл нууцын зэрэглэлд орчихоод байсан юм. Үүнийг ажлын хэсэг ахлагч УИХ-ын гишүүн манай сонинд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлчихсэн байгаа. 
 
Тэгэхээр ирээдүйд монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулчихаад байгаа "Чингис”, "Самурай” бондын мөнгөөр ямар, ямар хүмүүс гараа угаачихав аа гэдэг нь эхнээсээ тодорч байна гэж хэлж болохоор байгаа юм. Тухайлбал, Бондын мөнгийг 10 том төсөлд зарцуулж эхэлсэн. Зарцуулсан задаргаа нь байхгүй. Томоохонд тооцогдож буй 10 төсөл гэдэгт яг ямар ажил багтсан, хэчнээн аж ахуйн нэгж орсон нь мэдэгдэхгүй байсан. 
 
Уг нь бондын хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж болгоныг нэг бүрчлэн зарлах ёстой ч тэд ерөнхийлсөн тойм мэдээлэл гаргаж өнөөг хүртэл ард олноо хуурсан, ичгүүртэй хэрэг хийснийг хүн бүр харж байна. Өөрөөр хэлбэл, тэд Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 40 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих саналыг Засгийн газарт оруулж тогтоол батлуулаад зогсохгүй нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн тухай баримт хуулийнханы гарт орсон. 
 
Тэгвэл яг үүнтэй ижил аргаар нөхөд бас л хэдэн арван тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан хэрэг дахин ил боллоо. Тэдний энэхүү үйлдэл нь Тендерийн тухай хуулийг зөрчиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг ноцтойгоор зөрчсөн олон хуудуутай үйлдэл байна. Тодруулбал, Увс аймгийн төвийн авто замын тендерийг БНХАУ-ын "Шин Жиан Шин Фа” компани өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн саналаа ирүүлжээ.
 
Гэтэл манай сайн эрс хоёр тэрбумын үнийн саналыг нь бууруулах биш эсрэгээр нь 27.4 тэрбум болтол нь өсгөж ирэх оны төсөвт суулгачихсан байгаа юм. Ямартай ч энэ мөнгөнөөс 7.6 тэрбумыг нь энэ оны төсвийн тодотголоор шийдэж, үлдсэн 19.38 тэрбумыг нь ирэх оны төсөвт шахан суулгасан гэсэн үг. Юутай ч нөхөд 3.2-хон километр замыг 27.4 тэрбумаар барихаар төсвөө батлуулж Монгол Улсын түүхэнд байхгүй замын өртгийг тогтоочихлоо.
 
Тэгэхээр энэхүү хууль бус үйлдлүүд Үндэсний аудитын ерөнхий газрын шалгалтын хаагуур нь орчихсон юм бол гэж гайхаж байна л даа. Угаасаа тус газрын Хөгжлийн банканд хийсэн зарим шалгалтын дүгнэлтүүд хоорондоо зөрчилдөж зөрүүтэй зүйл олон байсан гэдэг. Тиймээс Сангийн яамнаас тус банканд давхар шалгалт оруулж, тендер зарлаагүй байж маш олон компанитэй гэрээ хийж мөнгө шилжүүлж байсныг нь тогтоосон. Энэ нь зам барьж үзээгүй, ямар ч тусгай зөвшөөрөлгүй компанитай гэрээ хийж бондын мөнгөнөөс өгсөн гэсэн үг. 
 
Тиймээс хянаж шалгаж шүүсийг нь шахах ёстой Үндэсний Аудитын ерөнхий газар яагаад тус газрыг хаацайлж зөрүүтэй дүгнэлт гаргах болов оо гэдэг нь ч анхаарал татах асуудлын нэг яалт ч үгүй мөн. Юутай ч энэ бүх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн Хөгжлийн банкны удирдлагууд явцын дунд яагаад төсөвт өртөг хэд дахин өссөнийг тайлбарлаж үүнийг нь ч хууль хяналтынхан хараандаа авч буруутай этгээдүүдээр "Чингис”, "Самурай” бондын мөнгийг төлүүлэх нь зүйтэй байх. Эцэст нь хэлэхэд ямбыг нь эдэлчихээд ялыг нь ард түмнээр үүрүүлэх ёсгүй шүү Хөгжлийн банкны удирдлагуудаа. Ямбаа эдэлсэн бол ялаа үүрч сур. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.