Эрх баригч намын мафийн тогтолцоо Монгол улсыг элгээр нь мөлхүүлж дууслаа



Монгол улс коммунист дарангуйллаас салж, ардчилсан нийгэмд шилжээд тийм ч их удаагүй. Мэдээж өнгөрсөн хугацаанд улс орон асар их өөрчлөгдөж, дэлхий ертөнц ч Монгол улсыг хүлээн зөвшөөрч,манай улс хөгжил дэвшлийн тодорхой үе шатанд хүрсэн. Тийнхүү улс орон маань бүхлээрээ өөрчлөгдөн шинэчлэгдэж өнөөгийн хүмүүсийн хэлдгээр тэр үед зүгээр л хоосон цагаан цаас шиг байсан улс маань шал өөр нийгэм рүү шилжсэн нь басхүү бахархал байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. 1921 онд ардын хувьсгал Монгол оронд ялахад олон зуун жилээр хоцрогдмол бүдүүлэг байсан энэ улс хөгжил дэвшилдээ хүрэх анхны зам нь тавигдсан гэж өнөөгийн Монголын болон гадаадын эрдэмтэд үздэг.

 Гэхдээ тэр үед ганц Монгол ч биш бас дэлхийн бусад олон улс орнууд адилхан дорой буурай байсан гэдгийг хэлэх нь зөв байх. Нэгэн түүхийг уншиж байснаа тод санадаг юм. Хувьсгалаас өмнө Хаант Орос улсын хэсэг эрдэмтэд Монголд ирээд бичиж үлдээсэн номон дээр байдаг. Судалгаа шинжилгээний ажлаар тэр үед Монголд ирсэн тэрхүү эрдэмтэд маш өндөр боловсролтой, түүхийн талаар өргөн мэдлэгтэй, Монголын эзэнт гүрний тухай маш сайн мэддэг тийм хүмүүс байсан гэдэг. Тэгээд Монголд ирээд нэгэн цагт дэлхийн талыг байлдан дагуулж байсан энэ ард түмэн аймшигийн балиар заваан, бүдүүлэг улс болчихсон байхыг хараад гайхан цочирдсоноо бичиж үлдээсэн байдаг.

Мөн ардын хувьсгалын дараа Оросын хувьсгалчид, большевик намын дарга нар ч гэсэн Монголд ирээд үнэн аймшигийн улсыг харснаа бичиж үлдээсэн байдаг. Тэр үеийн Монгол улс нь бөөн яр тэмбүү, элдэв өвчин тахалд баригдсан бас тэгээд ямар ч боловсролгүй,  нийтээрээ шахуу ямар учиртай нь мэдэгдэхгүй Төвдийн шарын шашны хачин ном уншсан нэг тийм хөгийн улс байсан нь үнэн юм. Түүний дараа Монгол улс нийгэм журамт нийгмийг байгуулах замыг сонгон, улс орон хөгжиж дэвших замдаа орсон бөгөөд манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тухайн үед хөмөрсөн тогоонд байсан энэ улс шинэ Монгол боллоо гэж бичиж байснийг бид бүгдээрээ мэднэ.

Ямар ч байсан тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл Монгол улс алдаа оноотой замыг туулан хөгжиж ирсэн бөгөөд өнгөрсөн хорин таван жилийн түүхэнд ч гэсэн үүнтэй адил төстэй зүйлүүд ажиглагддаг. Харин өнгөрсөн хугацаанд улс орныг маань удирдаж байсан эрх баригч МАНАН бүлэглэлийнхэн өөрсдийн гаргаж дэвшүүлж байсан нөгөө амлалтуудаа биелүүлж чадсан болов уу. Үүнийг л харин тэд нараас асуумаар байна.  Өнөөдөр УИХ дээр олонх цөөнх болж байгаа намуудын өмнөх мөрийн хөтөлбөрүүдийг эргээд нэг санацгаая. "1 сая төгрөгийн хувьцаа”,”ажилтай орлоготой Монгол хүн”, "Монгол хүн 20” , "Хөгжлийн мод” гэх мэт. Иймэрхүү зүйлүүдийг цааш нь үргэлжлүүлэн дурдаж болно.

Харамсалтай нь эдгээрээс ганц нь ч биелээгүй гэдгийг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Биелэх ч боломжгүй гэдгийг анхнаасаа ард түмэн ойлгож байсан. Тэр ч бүү хэл эрх баригч намынхан мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээ ч амласан байсан. Харин энэ удаа нөгөө сайхан юм ярьдаг эрх баригч нам маань дахиад л ард түмнийг хуурахаар ээлжит худал хуурмаг зүйлээ ярьж эхэллээ. Ер нь ингэж ард түмнийг доромжилж байдаг ийм нам улс төрийн хүчин Монгол улсад байх шаардлага байна уу.  Тэртээ тэргүй хөгжүүлж, сайжруулж, сайн сайхан болгож чадахгүй байж ингэж худлаа ярьдгаа болих хэрэгтэй. Дэлхийд шинээр аж үйлдвэржсэн гэгддэг Азийн бар улсуудын төр засаг, Засгийн газрууд ийм үл гүйцэлдэх юм ярьж яваагүйг бид бүхэн түүх, ном судраас сайн мэднэ.

Далай шиг энэ том газар нутагтай, 60 сая мал сүрэгтэй, ийм их байгалийн баялагтай энэ улсыг энэ эрх баригч том нам  хөгжүүлж үнэхээр чадахгүй байна. Хөгжүүлэх хүсэл сонирхол ч алга. Тийн байтал тэд нар дахиад л өнөөх улигт юмаа ярьж хүмүүсийн тархи толгойг угааж Засгийн эрхийн төлөө нөгөөх л улиг болсон хэрүүл уруулаа хийж  явна. Ингэж явсаар байгаад Монгол улс хэдхэн тооны олигархууд болон улс төр бизнесийнхэнтэй нягт холбогдсон мафийн бүлэглэлийн гарт ороод дуусах нь. Ийм бүлэглэлүүд удирдаж байсан улс орнуудын сүйрсэн жишээ өчнөөн төчнөөнөөрөө бий. Тийм учраас тэгж ард түмнийг хуурч мэхэлдэг улсуудаас Монгол улс, монголчууд салах цаг нь одоо болсон гэж хэлмээр байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд эдгээр луйварчдыг дараагийн сонгуулиар дахин сонгож болохгүй шүү гэж хэлэхийг хүсч байна.

 

Ж.Батдорж

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.