Тийм ээ. МАН-ын дайсан нь МАН өөрөө. Ингэж хэлхийн учир бол олон талын нөхцөл бүрдчихсэн гэсэн үг л дээ. 2012-2016 оны сонгуулийн мөчлөгт УИХ-д МАН цөөнх байв. Гэхдээ бас МАНАН нэрээр дуудуулж байсан л даа. Харин 2016 оны сонгуулиар тэд үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 65 суудал аваад парламентын түүхэнд “ноён сэнтий”-д заларсан.
Энэ нь МАН тийм шалгарсан сайндаа биш. Учир гэвэл өмнө нь засгийг барьж байсан АН-ынхан тийм бүтэлтэй сайн байгаагүй ээ. Улс орны эдийн засгийг уруудуулах олон тааруу алхам хийсэн. Төрийн тодотголтой фондуудын нэрээр улс, нийгмийн хөрөнгийг буруу зарцуулж үрэн таран болгосон. Зарим нь идэж уусан гэгдэж хууль шүүхийн хаалга онголзуулж яваа. Адаг сүүлд дэлхий нийтийн шинж чанартай улс төрийн томоохон ажил АСЕМ-ийг далимдуулж бас л өмч хөрөнгийн зөндөө будилаан тарьсан нь одоо шалгагдаж байна.
Иймийн учир сонгогчид “Лам олдохгүй бол…” гэдгийн үлгэрээр МАН-д арга буюу итгэл хүлээлгэсэн юм. Гэтэл тэд төр, засгийг толгойлох явцдаа ёстой л завхрал гэгчийг үзүүлж байна шүү дээ. Анх 2016 оны сонгуулийн өмнөхнөөс 60 тэрбумын хэрэг гэгчийг өдүүлсэн гэгддэг. Гэрт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй ч тэр хэргийн үнэн мөн нь төрийн албыг бүрдүүлэх, сайд дарга нарыг томилох явцад үнэн дүр зураг нь биеллээ олж яах аргагүй л МАН-ынхан төрийн албан тушаалыг мөнгөөр худалдах аргад шилжсэн нь ил болсон. Сайдын суудал төдөн сая, дэд сайдынх арай наана, яамны газрын даргынх ийм ханштай гээд яригддаг. Яг л дэлгүүрийн бараа шиг үнэлсэн гэх. Ортой л доо. Ингэж төрийн албыг буруу гарын наймааны хэрэгсэл болгосноор хэн ч сайд, дарга болдог ховор жишиг бий болов. Тэр нь өнөөгийн улстөрчдийн чадал чансаа, чадавхи сул байх нөхцлийг бүрдүүлсэн юм. Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө ёс зүйтэй байх зарчим алдагдаж төрийн дархлаа муудсан гэж болно. Тиймээс МАН-ынхан одоо төр, засгийг тогтворгүйдүүлж нэр хүндийг нь баллаж байна. Сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын гэх Засгийн газрыг байгуулснаа тэднийг концессын гэрээг будилуулсан энэ тэрээ гэж өөр дотроосоо гоочилж шоглосоор нэг жил гаруйхны дараа огцруулаад авсан. Тэгээд У.Хүрэлсүх тэргүүтэй шинэ Засгийн газар байгуулагдаад бас жил гаруйхан болж байна. Гэтэл одоо юу болоод байна вэ. Энэ ахархан хугацаанд уг Засгийн газар нь хоёр ч сайдаараа “сор залчихаад” байгаа. Мөн ажил албаны хариуцлага гэдгийг орхигдуулж явснаас болж нэг яамны нь газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн нь бидний мэдэх нийгмийн түүхэнд гараагүй хар үйл байлаа. Үүнд нь Монголын нийгэм, олон түмэн сүрхий цочирдсон ч МАН-ынхан алив юмыг нууж хаацайлж чаддаг зангаараа нэг сайд огцруулж гэмтнүүдийг шоронд “илгээчихээд” л нэг их сүртэй юпм болоогүй мэт байгаа.
Гэтэл сая бас улс төр бохирдож нийгэмд шударга бус байдал газар авсаны тод жишээ ЖДҮ эрхлэгчид буюу баялаг бүтээгчдийг дэмжих зориулалттай маш бага хүүтэй зээлийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, МАН-ын угшилтай төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан замаас нь хулгайн аргаар авсан тун ноцтой баримтууд хөвөрч байна.
Энэ хэргийг маш нарийн зохион байгуулалттай хийсэн нь авсан эзэд нь бүлэглэлийн шинжтэй зээлийн хэмжээ нь ижилхэн байгаагаас харагдаж байгаа юм. Энэнд олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ хүрч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүд, сайд нарт улс төр, ёс зүйн хариуцлага, цаашлаад хуулийн цээрлэл оноохыг шаардаж байна. Энэ хэрэг мандсаны дараа МАН-ынхан ёстой бужигнаж эхэллээ.
Харин ч хулгайн энтэй зээлийн булхай илэрсэн нь МАН-д өөрийгөө цэвэрлэх боломж авчирч байгаа хэрэг. Уг асуудал хурц яригдаад олоон хоног өнгөрч байгаа ч зээл авсан буруутнууддаа МАН-ын удирдлага хариуцлага тооцсонгүй илт алгуурлаж арга ядсан байдалтай байна. Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар зээлд нэр холбогдсон хүмүүсийн асуудлыг Авлигатай тэмцэх газар, хуулийнхан шалгаж байгаа гэчихээд зөв, бурууд нь эргэлзсэн байдалтай байх юм. Хуулийнхан чинь улс төрийн хариуцлага оноодог газар биш шүү дээ. МАН-ынхан хөнжил дотроо хөлөө жийлцэнэ гэгчээр л юм болж чи ч авсан, би ч авсан гэж бие биеэ барьцаалж байх юм.
Эцэс сүүлд нь Засгийн газраа огцруулах бичигт УИХ-ын 29 гишүүн гарын үсгээ зурж өргөн барьчихлаа. Гарын үсгээ зурсан хүмүүсийн олонхи нь гомдогсод, сайдын суудал горилогсод байх шиг. Бас Засгийн газрын танхимын гишүүн нэг сайд нь хүртэл багтсан байгаа юм. Энэ нь хэрүүл дунд “шатаж” яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бүр ч нэрмээс болох янзтай. Төр, засагт тэрслэх талын энэ мэт бүхнийг хэн хийгээд байна вэ гэвэл ердөө л МАН доторх өөр хоорондоо дайсагнагчид юм. Түүнээс биш тэдэнд гадна талд нь дайсан алга л даа.
Түрүүчийн Засгийн газраа огцруулах үеэс энэ намын хагарал улам дэвэрч 32, 33-ын гэсэн хоёр бүлэгт хуваагдсан. Одоо тэнцүүхэн 32, 32 байгаа. Тэр нь нидэр дээрээ албан ёсны бус хоёр нам шиг л харагддаг. Одоо бас хэдэн хэсэг ч болоод байгаа юм мэдэхгүй. Хонь, чоно хоёр хүртэл эзгүй аралд хаягдвал нөхөрлөдөг байхад намын даргын албан тушаалыг өгч, авалцаж байсан хоёр эрхэм М.Энхболд, У.Хүрэлсүх нар ил, далд дайсагналцаад л байх юм. Намаа “няд” хийх гэж тэд бодомгүй юм уг нь. Эцсийн эцэст нам дотроо алалцаж байхын оронд цаг алдалгүйгээр буруутнууддаа хариуцлага хүлээлгээд төрөө, бас намаа цэвэрлэж авах уу, эсвэл муу нэртэй, луу данстай чигээрээ гүрийгээд хэн нэг нь ялагч болж үлдэх үү. Ийм хоёр сонголтын өмнө МАН-ынхан зогсож байна. Ер нь ямар ч байсан МАН удахгүй улс төрийн тавцангаас арчигдах л замд орчихлоо гэмээр болов. Өөрөө өөртөө дайсан байна гэдэг нь ховор бөгөөд хачин үзэгдэл л дээ. Иймээс МАН гэдэг чадарч бас ядарч яваа нэгэн “гэр бүл” удаан жилийн зузаан түүхээ баллачихаад 100 жилийн ойгоо гудамжинд тэмдэглэх болж ч магадгүй нь дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.ЖАРГАЛСҮРЭН
Сэтгэгдэл