Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Авлигын асуудал хэтэрхий илэрхий байгаа ч шийдэгдээгүй олон хэрэг байгаа гэдэг. Энэ талаар яриагаа эхэлье.
Өнөөдөр Монгол улсын авлига орой дээрээ бүр илэрхий болсон. Орой дэрээр авлигатай юм чинь ёроолдоо авлигатай байлгүй яахав гэдэг утгаараа өнөөдөр бүх юм авлигаар шийдэгдэж байна. Авлига гэхээр хүмүүс нэг нэгэндээ мөнгө өгөхийг хэлээд байх шиг байна. Үгүй лдээ. Хийх ёстой ажлаа хийхгүй хясан боох чинь өөрөө авлига. Албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийнхөө ах дүү хамаатан садан, амраг, найз нөхөд, ойр дотнодоо таатай байдал бий болгох чинь өөрөө бас авлига. Хясан боохоос шалтгаалаад цаана нь хохирол амсдаг учраас хүмүүс хохирол амсахгүйн тулд аль болох танил тал харах, мөнгө өгөх зэрэг болох бүхийл арга хэмжээг авч байна. Жишээлбэл би ганцхан зүйлийг энд онцолж хэлье.
Монгол улсад өнөөдөр Үндсэн хуулиар нийтэд газар өмчлөх эрх нь байгаа. Газар өмчлөх тухай хуулиар ч байгаа. Тэгэхэд өнөөдөр 0,7 га газар аваагүй маш олон иргэд гомдол гаргаж байна. Тэгсэн атлаа газрыг 560 га, 1800 га-аар нь бусдад өгч байна. Үүний ард юу харагдаж байна. Авлига л харагдаж байгаа. Хүүхдээ цэцэрлэгт оруулхийн тулд хүртэл авлига өгдөг болсон. Гэтэл өнөөдөр Монгол улсад цэцэрлэг сургууль үнэгүй гээд хуулиндаа заасан байдаг боловч бодит байдал дэрээр авлига өгөхгүй бол ямар нэг юм огт бүтэхээ байсан. Ингээд авлигын тухай цааш нь яриад байвал энэ асуудал ерөөсөө дуусахгүй.
Та Х.Энхжаргал АТГ-ын дарга байсан цагт авлигатай тэмцэх үйл ажиллагаа хэзээ ч шинэ төвшинд гарахгүй гэж хэлсэн. Энэ талаараа тодруулж ярина уу?
Энэ хүн чинь өөрөө авлигач хүн юм чинь яаж авлигатай тэмцэх юм. 2016 оны 5-р сард л Х.Энхжаргал АТГ-т шалгуулж байна гэсэн мэдээ гарч байсан. Тэгээд 7-р сарын 8-нд энэ хүн тус байгууллагын дарга болсон. Өөрөө энэ байгууллагад шалгуулж байсан хүн энд орж ирээд авлигатай тэмцэх үү? Тэмцэхгүй. Энэ хүн чинь бас хулгайн болон өөр өчнөөн хэргээр эрүү үүсгэгдээд явж л байсан юм байна лээ шд. Монголын ард түмэн 3-хан саяуулаа. Мэдэхгүй биш бүгд мэдэж л байгаа. Мэдэж байгаа хүрээлэл нь бага, үнэмшдэг хүрээлэл нь бага болохоос биш үйл ажиллагаа нь тодорхой л байгаа. Тэгэхээр яаж авлигатай тэмцэх юм. Дээрээс нь бид хөндлөнгөөс хараад хэлсэнгүй ш дээ. Би энэ байгууллагад орж ирээд жил болох гэж байна. Энэ хугацаанд маш хурдан таслан зогсоох асар олон ажлын асуудал орж ирлээ. Бид нараар дамжаад орж ирснийг нь хэлж байна. Алнийг нь ч шийдэж чадсангүй. Энэ утгаараа бид нар энэ хүн авлигатай тэмцэж чадахгүй гэдгийг нь шууд хэлж байгаа юм.
Тэгээд ч энэ хүн чинь авлигын гол эзэн Монгол улсад авлигын том суурийг тавсан 60 тэрбумын толгойлогч Миегомбын Энхболдын гэрт нь очоод сөгдөж мөргөөд залбирч байсан биз дээ. Золгож уулзаж байсан биз дээ. Ийм хүн тэгээд тэр том авлигатай тэмцэх юм уу? Тэмцэхгүй. Монгол улсын Уул уурхайн яам дандаа авлигын гадаадынхний өмч боллоо. Тэмцэж байна уу? Тэмцэхгүй. Оффшорын асуудал яав. Олон улсад Монголд ийм оффшорчид байна гэж зарлагдалаа. Тэмцэж байна уу ? Тэмцэхгүй л байгаа биз дээ. Үгүй тэгээд тэмцээд бидэнд батлаад өгчих л дөө. Миний амыг хаагаад таглаад өгчих л дөө. Би ингэж мундаг тэмцдэг Баасаан. Чи намайг ингэж мундаг тэмцэж байхад ингэж хэлээд байхдаа яадаг юм гээд ард түмний өмнө өөрийгөө батлачих лдаа тэгвэл. Тэгвэл би буруу юм хэлж, хүн гүжирдсэнээрээ буруутаад шорондоо явья л даа. Бэлэн л байна шд.
Таныг авлигын талаар ингэж зоригтой дуугарч байгаагийн чинь төлөө дээрээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байна уу?
Юу гэж надад дарамт ирэх юм. Дарамт ирэх учир байх ч үгүй. Ирэх ч үгүй. Ирэх юм бол би тэр дарамттай хатуу тэмцэнэ. Намайг дарамтлах юм бол гал атгасан л гэж тооцох ёстой. Намайг дарамтлах юм бол би гал шиг дүрэлзэнэ.
Танай дээр өргөдөл гомдол хэр их ирж байна?
Маш их. Одоо та энэ ширээн дээр байгаа өргөдлүүдийг хар. Тэр сейфэнд байгаа дүүрэн өргөдлүүдийг хар. Өргөдлөөр дарагдаж байна. Би өнөөдөр аргаан бараад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Идэрцогт гэдэг хүнд уурлалаа. Яагаад уурлаж байгаа юм. АТГ -ын комиссар Тэмүүжин гэдэг хүн нөгөө 16 тонн химийн хортой бодисыг гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй оруулж ирсэн хүнийг илчилсэн Ганхүү гэдэг хүнийг яллагдагчаар татсан байна. Энэ чинь муу муухай юмыг хийсэн хүнийг өрөөндөө авчирч хоол ундаар дайлаад байдаг мөртлөө муу муухай юмыг илрүүлсэн хүнийг яллагдагчаар татдаг ийм АТГ байж болдог юм уу. Болохгүй биз дээ. Тэгээд тэр Ганхүү гэдэг хүнийг дуудаж авчраад дарамтлаад яллагдагчаар татагдсан тогтоол дээр айлгаж байгаад гарын үсэг зуруулсан байна.
Хэн гэдэг хүний гомдлоор яагаад яллагдагчаар татсан юм, тэгээд тэр яллагдагчаар татсан тогтоолоо хүртэл тэр хүнд өгөөгүй байна лээ. Тэгээд одоо яагаад энийг өгөөгүй юм яахаараа ингэдэг юм гэж асуухад тогтоол өгөх ёсгүй гэнээ. Одоо жишээ нь хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар яллагдагчаар татагдлаа гэхэд тэр тогтоол нь тэр хүнд байх ёстой биздээ. Аль ч утгаараа. Тэгвэл үгүй гэж байна шд. Аргаа бараад би өнөөдөр Идэрцогт дарга руу утсаар яриад нервтээд тэрэнтэй муудалцлаа . Та нарын шаар шавхруу баас шээстэй чинь бид нар ноцолдож байна гээд. Ийм байж болохгүй биз дээ.
Таныг АТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Мөнхтунгалаг "АТГ-ыг улс төрийн зорилгоор гутаахаа зогсоо” гэж хэлсэн. Энэ талаарх таны байр суурийг сонсоё.
АТГ-ын үйл ажиллагаа гэдэг чинь авлигач улс төрчдийг хамгаалдаг үйл ажиллагаа юм бол зогсооё. Төр "бид авлигачдыг хамгаалах гэж үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэсэн албан бичгээ ирүүлчих юм бол би ажлаа зогсоочихно. Харин төр үгүй ээ, бид авлигатай тэмцэж төрийн хүчин чадлыг хүчтэй байлгах ёстой гэсэн бичиг ирүүлвэл би зогсоохгүй. Явж л таарна. Тэгээд бид нар энэ сэтгүүлч охины ярилцлага өгсний зоргоор зогсчихдог ч хүмүүс биш. Бид нар чинь хууль ёсны ажлаа хийж байгаа хүмүүс. Зогс гэхээр зогсдог, бос гэхээр босдог улсууд бид биш.
Яагаад гэвэл манай Олон нийтийн зөвлөл ард түмний нэрийн өмнөөс ажиллаж байгаа хүмүүс. Ард түмэн гэдэг чинь хамгийн хүчтэй, хамгийн үнэн, хамгийн орой дээр нь байдаг болохоос биш хэдэн авлигач дарга нарын доор сууж байдаг тийм зүйл биш. Тийм учраас энэ Мөнхтунгалаг гэдэг хүүхэд бол ямар ч мэдлэггүй, боловсролгүй зүгээр л дарга нарынхаа хэл гэснийг хэлээд явж байгаа, давтдаг тоть шиг тийм нэг өрөвдөлтэй гар хөл гэдгээ харуулаад зогсож байна. Залуу хүн харамсалтай л байна.
Гадуур 60 тэрбумын хэргийг замхрах тийшээгээ болчихлоо гэж их ярьцгаах боллоо. Энэ талаар та юу гэж хэлмээр байна?
60 тэрбумын хэрэг замхрах боломжгүй. Яагаад гэвэл Монгол улсад төрийн эрх мэдлээ хууль бусаар алдчихаад байна. Төрийн эрх мэдэл хэнд хууль бусаар олдсон гэдэг нь танд ч хамаатай, надад ч хамаатай. Бас бүх монголчуудад хамаатай. Тийм учраас төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан энэ асуудлыг замхруулах юм бол Монгол улс төргүй болноо л гэсэн үг. Тэгэхээр энэ хэрэг хэзээ ч замхарч болохгүй. ямагт хатуу явж байгаад тэр УИХ-ын гишүүд 60 тэрбумын асуудлыг шийднэ гээд асуудал өрнүүлж байгааг дэмжих ёстой. 60 тэрбумын асуудлыг шийдэж чадахгүй бол Монголд юу ч шийдэгдэхгүй гэсэн үг. Тэгвэл Монгол улс төргүй бол болно гэсэн үг. Тийм болохоор үүнийг заавал шийдэх ёстой.
АТГ-ын дарга Х.Энхжаргалын ард УИХ-ын дарга М.Энхболд байдаг гэсэн нэг яриа байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
Шууд байгаа шд. Үнэн. Х.Энхжаргалын ард М.Энхболд байгаад байгаа учраас л Х.Энхжаргал өнөөдөр энэ бүх авлигын хэргүүдийг шалгахгүй байна гэж би харж байгаа. Би бүр хэвлэлээр хэлсэн шд. Эрүүл саруул юм бол өргөдлөө өгөөд гараачээ гэж. М.Энхболдыг өөрийг нь ч хэлж байгаа шд. Өөрөө ч гэсэн мэлзийчхээд яагаа ч үгүй хүн шиг хамгийн бузар булай юмыг нь хийж толгой дээр гарч суучихаад мэлийж холийчихоод яагаа ч үгүй ингээд суугаад байж бас болохгүй шд. Энэ ард түмнийг хүндлэх хэрэгтэй. Бид нарыг өнөөдөр хүндэлдэггүй юмаа гэхэд ирээдүйн ард түмнээ хүндлэх хэрэгтэй. Тэр утгаараа өөрсдөө өргөдлөө өгөөд бушуу холдооч дээ. Ариухан байсан ч холдооч, ариухан биш байсан ч холдооч гэж хэлмээр санагдаад байгаа байхгүй юу. Цаг хугацаа хэмжих юм чинь.
Х.Энхжаргалыг огцруулах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж УИХ-ын даргын зөвлөх мэдэгдсэн. Энэ үнэхээр тийм гэж үү?
Байлгүй яахав дээ. Авлигатай тэмцэж чадахгүй юм бол огцруулхаас өөр яадаг юм. Яах гэж огцруулах гэдэг үг байгаа юм. Чадахгүй байгаа бол огцруул гэсэн үг байгаа шдээ. Тэрнээс биш тэрнийг огцруулж болно, энэнийг огцруулж болно гэсэн юм байхгүй ш дээ. Ийм ямар ч логик байж болохгүй. Энэ хүн бол өнөөдөр энэ албан тушаалд нөхөн томилогдсон хүн шүү. Тийм учраас энэ хүний ажиллах хугацаа 2017 оны 11-р сарын 18-нд дууссан. Тэгээд одоо энэ хүн юу ч хийхгүй, сул цалин аваад л Монгол улсын төрөөр даажигнаад сууж байна. Тэр утгаараа энэ хүн огцрох байтугай хугацаа нь дуусчихсан ,гэртээ хариад хэвтэж байх ёстой хүн.
Таныхаар Монгол улс ер нь авлигатай яаж тэмцвэл үр дүнтэй вэ?
АТГ өнөөдрийн байдлаар ингэж хүн айлгадаг, авлигыг илчилсэн хүмүүст ял тооцдог, авлигачнаа авчирч хоололдог ийм газар байснаас татан буугдсан нь дээр. Тэгээд прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хэлтсийн дэргэд АТГ-ын байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол мөрдөс зүүсэн улсууд хууль зөрччихөөд тэд нарын харииуцлага тооцдог газар нь шүүх нь шүүх дотроо ёс зүйн хороо, прокурор нь прокурор дотроо ёс зүйн хороо гэсэн нэг утгагүй албыг байгуулчихаад байна. Үгүй одоо би өөрийгөө өөрийнхөө гараар хэзээ ч шанаадахгүй биз дээ.
Тэгэхээр нэгдүгээрт прокурорын дэргэдэх мөрдөнг нэн яаралтай байгуулах ёстой, хоёрдугаарт АТГ өнөөдрийн байдлаар энэ хэвээрээ байх юм бол яаралтай татан буулгах хэрэгтэй. АТГ авлигатай тэмцдэггүй, харин ч авлигачдыг улам өөгшүүлж, авлигыг илчилсэн улсуудыг чангалдаг ийм байгууллага арав гаран жил ажиллачихжээ. Бид өнөөдрийн байдлаар энэ байгууллагыг ингэж л дүгнэж байна. Өөр арга алга. Үүнээс өөр дүгнэлт гаргах тийм боломжийг бид нарт олгосонгүй энэ АТГ. Үнэн байдал өнөөдөр ийм л байна.
Ярилцсанд баярлалаа.
Ж.Батдорж
Сэтгэгдэл