Цагаан сарын баяр ойртож, монголчууд бид жилд ганц тохиох баяраа тэмдэглэхээр хөгшин залуу, баян ядуугүй бэлтгэж эхэллээ. Эдийн засаг хямралтай байгаа ч баярын бэлтгэл хэмээн хойд урд хоёр хөршдөө зорчих монголчуудын тоо эрс өслөө. Ялангуяа ОХУ-ын Буриадад манайхан ихээр зорчиж, худалдан авалт хийж байгааг тус улсын хэвлэлүүд онцлож байна.
"Номер Один” сонинд "Буриадын дэлгүүр, захууд дахин монгол наймаачдын хөлд дарагдаж эхэллээ. Тэд Цагаан сардаа бэлтгэхээр Улаан-Үдэд ирж байна. Рублийн ханш буурснаар орос бараа монголчуудын хувьд тун хямдхан санагддаг болжээ. Хил нэвтрэх машин унааны дараалал ихсэж, хэрэг төвөг ч гардаг боллоо. 2016 он гарсаар Монголын 31 иргэн хил зөрчсөн бол Оросын талаас гурван согтуу нөхөр архины халуунд андуураад хил давчихсан байв. Хэрэг зөрчлийн хувьд малын хулгай, Оросоос Монголд хар тамхи, Монголоос Орост шонхор шувуу хулгайгаар нэвтрүүлэх хэрэг их гарч байгаа гэнэ. Ер нь энэ жил хоёр улсын хил дээрх гэмт хэргийн тоо өнгөрсөн оныхоос 14 хувь нэмэгджээ. Цагаан сараар Итгэлт хамбад мөргөх гэсэн монгол сүсэгтнүүдийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байна” гэж бичсэн байна.
Манайхан Буриадад хамгийн их худалдан авдаг бараанд Цагаан сараар бэлгэнд өгөх чихэр, жигнэмэг, архи орж байгаа гэнэ. Мэдээж, хэрэг сүүлийн жилүүдэд нэг нэгэндээ хятад бараа л бэлэглэдэг байсан монголчууд бидний хувьд орос чихэр, жигнэмэг бэлгэнд авах нь сайн хэрэг. Гэхдээ энд анхаарах зүйл маш их байгаа юм. Учир нь Монголд хамгийн ойр орших Буриад, Эрхүү муж нь ОХУ-ын хулхи бараа, хуурамч хүнсний бүтээгдэхүүн хамгийн их үйлдвэрлэгддэг, зарагддаг бүс нутаг юм. Өмнөд Солонгост байдаг монголчууд ар гэрийнхэндээ орос чихэр захих нь олонтаа. Тэгвэл тэд Буриадаас авчирсан чихэр хуурамч байгааг саяхан мэдэж, нутаг нэгтнүүддээ анхааруулсан байна.
Сөүлийн орос дэлгүүрээс авсан чихрээс огт өөр амттай байгааг анзааран, худалдагчаас лавлахад Орост хямд үнээр авсан бол ориг чихэр биш гэж орос худалдагч хариулсан байх юм. Буриадын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас шалгалтаар илэрсэн хуурамч хүнсний бүтээгдэхүүний талаар саяхан мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд "Байгалийн хязгаарын Краснокаменск хотын "МК Даурский” компанийн "Докторская” хиам, Эрхүүгийн "Фаворит” үйлдвэрийн "Селенга” масло, Буриадын "Златославна” маслог хуурамчаар үйлдвэрлэж байгааг илрүүллээ. Дээрх бүтээгдэхүүнүүдэд орцонд заагаагүй бодис орсон нь тогтоогдсон. "Докторская” хиаманд талхалсан буудай, масланд ургамлын гаралтай өөх тос багтсан байгаа нь илэрлээ” гэж анхааруулсан. Мөн жимс, хүнсний ногооноос нитрат, махан бүтээгдэхүүнээс хоолны хордлого үүсгэдэг сальмонел нян илэрсэн тохиолдол гарсныг худалдан авагч нарт сэрэмжлүүлсэн байна. Үүнд, Красноярскийн "Икра” үйлдвэрийн төмс, Буриадын "Свинокомплекс Восточно-Сибирский” үйлдвэрийн гахайн элэг, "Инжавинская птицефабрика” үйлдвэрийн тахиан мах багтаж байгаа аж. Өнгөрсөн жил Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар ОХУ-ын нутагт хуурамч сүүн бүтээгдэхүүн хийдэг 333 компанийг илрүүлжээ. Монголчуудын дуртай молоко буюу өтгөрүүлсэн сүү хуурамчаар хийдэг зүйлийн нэг. Буриадад ард иргэдийн эрүүл мэндэд хор хохирол учруулах аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зарж борлуулсан хэргээр 36 үйлдвэр, нийтийн хоолны тав, худалдааны гурван компанийг хаасан байна. Тиймээс ОХУ-д худалдан авалт хийхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй нь.
Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол архи, согтууруулах ундаа. Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн ОХУ-д хуурамч архины хэрэг маш ихэсч, одоо болтол үргэлжилсээр л байна. Красноярск хотод хуурамч архинд хордсон нийт 46 тохиолдол бүртгэгдсэнээс найман эрэгтэй, гурван эмэгтэй амь насаа алдсан. Цагдаагийн газраас Красноярскт өргөн хэмжээний шалгалт явуулж, зургаан мянган хуурамч архи хураан авсан ч цаана нь хэдэн мянган архи олдоогүй хэвээр байна. Гэмт этгээдүүд алдартай брэндийн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж, ялангуяа интернетээр бөөнөөр нь зарж борлуулж байгаа юм.
Хуурамч архи уусан тохиолдолд амиа алдахаас гадна сохорч хараагүй болох явдал их гарч байгаа аж. Кемеровт өнгөрсөн нэгдүгээр сард хуурамч "Бакарди Блэк” ром, "Кизляр” коньяканд хордсон 10 хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас баржээ. Якутад энэ сард гурван хүн, Москвад долоон хүн найрласныхаа дараа дахиж сэрсэнгүй. ОХУ-д зарагдаж байгаа архины 65 хувь нь хуурамч гэсэн тоо байгаа юм. Үүний ихэнх хэсэг нь албан ёсны үйлдвэрт хийдэг, гэхдээ татвар төлөлгүй нууцаар борлуулдаг эд. Нэгэнт далдуур зарж байгаа тул татвараас гадна архиныхаа найрлаганд ордог спиртэд ч гар татна. Тэд хамгийн хямд спиртээр архиа найруулдаг. Энэ архинд шууд хордохгүй ч байнга хэрэглэвэл хорт бодис нь биенд үлдэж, дотоод эрхтнийг алгуурхан "идэж” эхлэнэ. Харин хүмүүс хордон үхээд байгаа хуурамч архийг нууц цехэд үйлдвэрлэдэг. Өдөрт 30 мянган шил "архийг” тэд зах зээлд нийлүүлэх бөгөөд саяхан баригдсан нууц үйлдвэрийн газрын ажилчид спиртээ юутай хольж, ямар харьцаатай хийдэгээ өөрсдөө ч мэдэхгүй байсан гэнэ. Нэг хэсэг нь архиа найруулж, нөгөө хэсэг нь хуурамч хаяг наан, бөглөж, үйлдвэрлэл 24 цаг зогсолтгүй үргэлжилдэг байж. Байрны хонгил, гараашиндаа ч үйлдвэрлэл явуулдаг хүмүүс бас бий. Тэд техникийн спирт, метилийн спирт ашиглана. Ийм хорт бодис 30 миллилитр нь л үхэлд хүргэдэг. Хуурамч коньяк, виски маш их байгаа бөгөөд архинаасаа илүү хортой аж.
Өнгөрсөн онд Буриадад гарсан судалгаанаас үзэхэд нэг жилд 2406 хүнд хэмжээний хордлогын тохиолдол гарснаас хамгийн олон нь архи, согтууруулах ундааны хордлого. Амиа алдагчдын тоогоор ч архины хордлого эхний байрт оржээ. Энэ нь чанаргүй, хуурамч архи их байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Нийт хордлогын 35.7 хувь нь буюу 859 нь архины хордлого бөгөөд 198 хүн амиа алджээ. 2015 оны 12 дугаар сард Буриадын цагдаа нар Кавказаас ирсэн 37 мянган литр хуурамч архи хураан авсан нь тэнд байдал түгшүүртэй байгааг харуулна.
Оросын Мэргэжлийн хяналтын газраас Эрхүү, Красноярск, Пермь, Кемеров зэрэг Зүүн хэсгийн бүс нутаг, Сибирийн ард иргэдэд сэжигтэй газар архи худалдан авахгүй байх, архины шилний ёроолд байх тэмдэглэгээ, хаяг бөглөөг заавал шалгахыг анхааруулж байна. Монголд ойрхон энэ мужуудад спирт, техникийн спиртийн үйлдвэр төвлөрсөн байдгаас хуурамч архины үйлдвэрлэл их аж. Оросууд улс орон даяар интернет, онлайнаар архи борлуулахыг хориглож, удахгүй согтууруулах ундаа зардаг дэлгүүр, бар, рестораныг бүртгэлд оруулахаар болжээ. Ингэснээр зарагдаж буй бүх архи тооцогдоод явах юм. Өөрөөр хэлбэл архийг үйлдвэрээс гарч, дэлгүүрээр дамжин, хэрэглэгчийн гарт хүртэлх бүх зам хяналтад орно гэсэн үг. Гэхдээ энэ систем бүрэн хэрэгжтэл олон жилийн зай байна. Тиймээс хуурамч архи худалдан авч, өөрийгөө болон өрөөлийг хорлохгүйн тулд өөрөө л болгоомжтой байх хэрэгтэй.
Сэтгэгдэл