Онцгой байдлын аврагчид тун удахгүй олон улсад үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Манай улс олон улсын аврах багтай болсноор аврагчид зөвхөн эх орондоо бус гамшиг тохиолдсон өөр улс оронд тусалж, туршлага судлах гээд олон давуу тал бий болж байгаа юм. Тиймээс "Монгол Улсын төлөө” буландаа олон улсын аврах багт үүрэг гүйцэтгэх төдийгүй 2015 онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлсан шилдэг албан хаагчийг урилаа. Онцгой байдлын ахлах, ахлагч Г.Чинболд Аврах тусгай ангийн Эрэн хайх аврах салбарт үүрэг гүйцэтгэдэг. Илүү тодотгож хэлбэл , Онцгой байдлын ерөнхий газрын харъяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит цэргийн гавъяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн аврагч. Энэ ангийнхан Улаанбаатар хот, 21 аймагт үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ бусад анги салбараас онцлогтой.
Г.Чинболд дунд сургуулиа төгсөөд аврагч бэлтгэж авна гэсэн зурагтын зарын дагуу онцгой байдлын албанд шалгалт өгч тэнцсэнээс хойш өдгөө 12 жил аврагчаар ажиллаж буй. Аврах, туслахыг мэдэхгүй ч Хараа голын эрэг дээр өссөн хүү усчин аврагчаар ажлын гараагаа эхэлж байжээ. Дөнгөж албанд ороод анхны даалгавраар Төв аймгийн Батсүмбэр сум руу ой хээрийн түймэр унтраахаар 14 хоног явсан байна. Түймэр унтраах анхны мэдэгдэхүүнгүй, ажлын туршлага тааруу шинэхэн аврагч намрын сэрүүнд олон хоногоор хээр, гадаа хонож, амсхийх чөлөөгүй явахдаа халшрах үе байсан ч ах нарын заавар зөвлөгөөг дагаснаар бас ч гэж гайгүй зүдэрсэн гэнэ. Ийнхүү аврагч болох анхныхаа давааг давжээ. Удалгүй гүний шумбалтын бэлтгэлд гарч анхны гүний шумбалтаараа гурван метрийн гүнд орсон байна. Энэ талаараа "Гурван метрийн гүн рүү баллоноо үүрээд орсон чинь ус цэв хүйтэн болсон. Усны гүн рүү орж чадахгүй буцаад дээшээ гарах гэхээр ах нар харж байгаа болохоор "Чи чадахгүй юм байна” гээд аврагч болгохгүй юм болов уу гэж бодоод хамаг чадлаараа шумбасан. Тэр үед тэсвэрлэж өөрийнхөө айдсыг ялж чадахгүй уснаас гарчихсан бол өдий зэрэгтэй аврагч гэж явахгүй байсан байх. Ер нь анх үүрэг гүйцэтгэхэд хэцүү, халшрах үе олон байсан ч онцгой байдлын албанаас гарах, шантрах тухай бодож байгаагүй” гэлээ. Мөн аврагчаар ажиллах хугацаандаа ШУТИС-йн хүний нөөцийн удирдлагын ангид сурч төгсчээ.
Аврах тусгай ангийнхан осол гамшгийн үед ямагт бэлэн байх үүрэгтэй. Монгол Улсын аль ч өнцөг буланд гал, ус, халдварт өвчин гарна, тэнд шуурхай очих хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс. Тэр ч утгаараа онцгой байдлын салбар аврагчдаа аль болох мэргэшүүлж, дадлага туршлагатай болгохын тулд гадаад, дотоод руу байнга сургалтад явуулдаг байна. Г.Чинболдын хувьд ч Эрхүүгийн аврагч бэлтгэх тусгай төвд гүний шумбагчаар мэргэшиж төгсчээ. Мөн солонгос, хятад руу туршлага судлах сургалтад явсан удаатай. Тэрээр Эрхүүд сурсан талаараа "Манай улсад зааж сургадаг зүйл Эрхүүд заасантай ойролцоо. Дунд шатны мэргэжилтэй болгож гүний шумбалтын техникийг нарийвчлан заана. Суралцах хугацаандаа Байгаль нууранд дадлага хийдэг байсан. Солонгост хот дотор эрэн хайх чиглэлээр сургалтад хамрагдсан. Тэнд хүн бүр хариуцсан ажлаа л хийдэг. Техник бол тасархай. Байршил тогтоогч төхөөрөмж энгийн автобусанд хүртэл байдаг. Түгжрэл бага, хаягжилт сайн,багаж төхөөрөмж маш сайн учраас дуудлагад хугацаа алдахгүй маш хурдан очдог” гэлээ. Мөн 2012 онд Энхийг дэмжих ажиллагаанд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгээд иржээ.
Онцгой байдлын албанд багагүй хугацаанд ажиллаж, арвин дадлага хуримтлуулж яваа залуусыг олон улсын аврах багт үүрэг гүйцэтгүүлэхээр гадаад хэлний мэдлэг, бие бялдар, мэргэжлийн ур чадварын шалгалт авсан байна. Г.Чинболд шалгуур үзүүлэлтийг хангаж, дараагийнхаа сургалтад хамрагдаж байгаа гэнэ.
Өнгөрсөн жил манай улсаас 60 хүний бүрэлдэхүүнтэй баг Буриадад ой хээрийн түймэр унтраахад Г.Чинболд үүрэг гүйцэтгэжээ. Манай улсын аврагчдыг Улаан-Үүдэд очиход түймэр маш их тархсан байсан бөгөөд төд удалгүй бороо орж бэлэгшээлтэй сайхан үйл явдал тохиожээ. Энэ талаар тэрээр "ОХУ-ын аврагчдын ажиллаж байгаа нь сонин. Бид бол түймэр унтартал өдөр шөнөгүй ажилладаг. Ялангуяа шөнө гал бээрэх үед голдуу галаа унтраадаг бол Оросын аврагчид өглөө 09:00 цагт гарч түймрээ унтрааж байгаад үдийн цайндаа тайван орж, эргэж гарч галаа унтрааж байгаад орой 18:00-20:00 цагийн үед ажлаасаа буугаад амарчихдаг. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа гардаг. Бид ч гэсэн тийм байдлаар ажилласан. Манай аврагчид ОХУ-ын аврагчдаас ур чадварын хувьд дутахгүй ч арга барил нь өөр. Багаж төхөөрөмж сайтай юм билээ. Түймэр дээгүүр онгоцоор нисч ус асгаж, том машинаар зам гаргах гээд техник бол маш сайн. Манай багийнхан түймрийг нь унтраалцаж туслахаас гадна туршлага судлаад,мэдлэг чадвар хуримтлуулаад ирсэн” гэв.
Г.Чинболд Баян-Өлгий, Өмнөговь аймгаас бусад бүх аймагт очиж үүрэг гүйцэтгэжээ. Тэр дундаас Дорнод руу шүлхийн голомтод сар гаруй үүрэг гүйцэтгэсэн гээд гэр орноосоо хол ажиллах үе цөөнгүй гарна.
Ярилцлагынхаа төгсгөлд 2015 оны шилдэг аврагч болсон нь Монгол Улсын хэмжээнд хамгийн мундаг нь гэсэн үг биздээ хэмээн асуухад "Албаны хэмжээнд шилдэг нь гэсэн үг байх. Мундаг залуусын дундаас тодорч гарч ирсэн нь миний аз. Бүтэн жилийн хугацаанд гүйцэтгэсэн үүргийг нь харгалзан үзэж, салбараас анги, ангиас ОБЕГ руу шалгарч очдог. Гэхдээ өөрийгөө магтаж байгаа юм шиг эвгүй юм” хэмээн хариулсан юм. Одоо тэрээр өөртэй нь адилхан хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн онцгой байдлын албанд орж байгаа залуусыг чадвартай, мундаг болгож бэлтгэхийг зорьж байгаа гэсэн.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл