МАНАН шингэрч байна: М.Энхболдоос 5 гишүүн явлаа


УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хөдөлгөөн эрчимжиж байна. Түүнийг Монголын төрд ажиллах хууль зүйн бөгөөд ёс зүйн эрхгүй гэж үзсэн гишүүд өөрөө өргөдлөө өгөхийг шаардсаар байгаа. УИХ-ын гишүүн З.Нарантуяа скиперийг огцруулахыг дэмжинэ гэж өөрийн твиттер хуудаснаа мэдэгдсэн нь Ардчилсан намаас чуулган бойкотлох хүний тоо нэгээр нэмэгдсэнийг гэрчлэв. Харин өчигдөр /2018.12.11/ МАНАН бүлэглэлийн сүүлчийн дайчид тайзан дээр гарч ирэв. 

Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр "дуудсан". Гэвч үнэн хэрэгтээ тэд биш сэтгүүлчид мэдээлэл хийж, бас тэднийг загнаж зандрав. Ингээд хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлагаа хүргэе. 

Тэдний ярианы агуулга нь төр тогтворгүй боллоо, ажлаа хийе, шударга ёс тогтооё, ёс зүйтэй байя, бид гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮ-гээр шалгуулъя гэх мэт улиг болсон ядруухан улс төр хийсэн үгс байв. Ерөнхийдөө бодит байдлаас тэс хөндлөн бөгөөд өнөөх л эзнээ хамгаалан хуцах ноход адил хэдэн үг хэлсэн болоод тайзнаас буулаа. Гэхдээ тэдний яриа, төрх байдлаас хэдэн зүйл ажиглагдаж байна. Идэр залуу улстөрчдийн нүдний гал аль хэдийн буужээ. Залуу хүний жавхаалаг төрх нь гундаж, ганцхан сарын өмнө галзуу арслан мэт цамнаж байсан улстөрчийн эр зориг нь ор мөргүй хийсэн одсон байх юм. Тэдний мэдэгдлээс гурван дүгнэлт хийж болох юм.

НЭГДҮГЭЭРТ, Суудлын эрэмбэ солигджээ. Д.Хаянхярваа, Н.Амарзаяа нар хамгийн захад очсон байна. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар гол суудлаа алджээ. Тэдний оронд А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ нар галын фронтыг ахлав. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, "битон" М.Билэгт нар тэдний удаах эрэмбэд сууж харагдав. Суудлын хувиарлалтын дагуу үгээ хэлцгээлээ. А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ нарын үг олон түмэнд арай илүү итгэл үнэмшил төрүүлнэ гэж тооцсон бололтой. Гэвч олон нийт урьд урьдынхаас илүүтэйгээр энэ хүмүүсийг үзэн ядаж байгааг сошиал сүлжээн дэх лайвуудад /LIVE/ бичигдсэн коментоос харж болно. Монголын оюунлаг эмэгтэйчүүдийн нэг, авьяаслаг залуу эрдэмтэн А.Ундраа нүүрээ дуустал түлэн байж хамаатны ахаа хамгаалахын төлөө түмэн газрын луйварчидтай мөр зэрэгцэн суугаад "худал" ярих нь дэндүү харамсалтай, бас аймшигтай байлаа.

ХОЁРДУГААРТ,Д.Хаянхярваа нэг ч үг хэлсэнгүй. Түүний хувьд хүчээр хуралд ирж суусан нь харагдана. Энэ хүн хэний төлөө, юуны төлөө яваад өнөөдөр эх орондоо гишгэх ч газаргүй, элэг нэгтнүүдтэйгээ нүүр тулан уулзах эрхгүй болон үлдэж байгаагаа дүгнэж суусан байх. Хамгийн гунигтай, хамгийн өр зүсэм дүрийг тэр үзүүллээ.

ГУРАВДУГААРТ, Тэдний мэдэгдлийн гол утга 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮ-гээс зээл аваагүй гэдгээ шалгуулна гэнэ. Концесс, бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөр, бусад сангаас "хуссан" зээл, гурван тэрбумын байшин, 500 саяын машин, 60 тэрбумын үл хөдлөх, Цагаан суваргын ордын тухайд шалгуулна гэж ам ангайсангүй. Харин 22 гэдэг тооны цаана ганцхан үнэн оршиж байна. Засгийг огцруулахын төлөө М.Энхболдын захиалгаар кноп дарсан 27 гишүүний 5 нь МАНАН-гаас дайжин оджээ. Үнэхээр МАНАН сарниж байна. Монголын ард түмний төлөө Л.Оюун-Эрдэнэ нарын шударга гишүүдийн хийсэн цусгүй дайны үр дүн гарч эхэлж байна. Сошл дахь олон нийтийн оролцоо МАНАН-г улам хүчтэй эсэргүүцэж байна. Их хурлын даргад М.Энхболдыг үлдээх гэсэн 27 гишүүн дунд эрүүл сэтгэхүйтэй, эх оронч хүмүүс байгаа нь энэ удаагийн хэвлэлийн хурлаас анзаарагдав. Үр удмынхаа нэрийг бодсон ч, эх орныхоо хувь заяаг бодсон ч МАНАН-тай хамт үлдэж болохгүй гэдгийг тэд ухаарч байна. АТГ, прокурорыг авлигач, алуурчин, луйварчин хэмээн нэгэнт олон нийтэд танигдсан энэ хүмүүсээс салгахгүйгээр шударга ёс ярих боломжгүй гэдгийг зарим гишүүд ойлгож эхэлсэн байна. МАНАН-гийн сүүлчийн "дусал" утаа Монголын нийгмээс замхран алга болох сайн цагийн өнгө гэрэлтэж эхэллээ. Тэмцлээ үргэлжлүүлцгээе, монголчуудаа. Монгол хүний эрх ашгаар, Монгол эх орноор минь 27 жил тоглосон МАНАН бүлэглэлийн сүүлчийн эзэн хааныг татан унагахын төлөө чадах бүхнээрээ чанга дуугарцгаая. Тэднийг харийн газар тансаглаж хэвтэхийг биш хар гэрт ял асуулгаж суухыг хармаар байна. Элбэгдорж, Энхболд нар Монгол төрийн тэргүүн сэнтийд таахалзаж, хэвлэлийн микрофоны өмнө шүлсээ савируулахыг үзэх биш шударга шүүхийн өмнө хавтаст хэргээ тайлбарлахыг сонсмоор байна. Шударга ёсны төлөө ташуураа далайж, тэмцлээ дахин хурцалъя.

 

WWW.ZINDAA.MN

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.