З.Энхболдоор даргалуулсан АН Н.Энхбаярт “барьцаалагдав”


З.Энхболдоор даргалуулсан АН Н.Энхбаярт “барьцаалагдав”"Цаст уулын цагаан арслан Цагаа болохоор хар шоргоолжинд баригдана аа” гэж...МАН-ыг МАХН нэртэй байхад нь ноёрхож байсан Н.Энхбаяр эхлээд Шадар сайд, дараа нь Их хурлын гишүүн...гээд шат ахихын тулд АН-ын дарга З.Энхболдыг "барьцаалчихлаа”. Тэр одоохондоо л лидер биш юмаа гэхэд лидер асан мөн. Тийм ч учраас З.Энхболдын сул талыг тодорхойлж, тэрэн дээр нь дөрөөлсөн тоглолт хийж чадаад байна.

З.Энхболд даргад ямар сул тал байсан гээч. Юуны өмнө түүний өмнө нь өрсөлдөөд бараагүй АН-ын даргын албан тушаалыг олж авсан арга зам нь аягүй эвгүй. Ч.Сайханбилэгтэй хавсайдаж Н.Алтанхуягийг Намын дарга, Ерөнхий сайдаас авч хаяад албан тушаалыг нь буюу давхар дээлийг нь Ч.Сайханбилэгтэйгээ нэг, нэгээр нь авч нөмөрсөн. Үүгээрээ өстнөө л нэмсэн. Дээр нь УИХ-ын дарга, Намын дарга /бараг олонхийн намын шүү/ гэдэг давхар дээлтэй байж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийгээ олон нийтийн өмнө "хэмлэх”, "дарамтлах”, "загнах” зэрэг харилцааны алдааг зориудаар болон санамсаргүйгээр гаргах болсон. Үүгээрээ дахиад өстнөө нэмж байгаа юм. Хамгийн том "өгөөш” гэвэл улс төрийн энэ том хүчин, тэр тусмаа эрх барьж буй намын дарга өөр дээр нь хэр их хэмжээний гал ирэхийг мэдсээр байж УИХ-ын даргын албан дээрээ нэмж авч шуналтаад салж чадахгүй байгаагаараа "стандарт бус риск” үүсгэсэн. Магадгүй түүнд өмнөх УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МАН-ын экс дарга С.Баяр, Сү.Батболд нараас нөлөө багатай харагдаад байсан байх л даа. Гэтэл өнөөдөр өөрөө ээлжит бус чуулганаа ч ирцэнд нь хүргэж чадахгүй, Н.Энхбаярт л Шадар сайдын суудал өгөхөөс гээд явж байна. Улс төрд ч гэсэн "уран барилдаан” байдаг.

Хүн бүртэй шахам тулалдаад ялдаг тактик гэж үгүй. Гэтэл хүчтэй байхын тулд ухарч чадахгүй, урагшилж бүр чадахгүй байна гэдэг харамсалтайяа. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өчигдөр хуралдаад Шадар сайдад нэр дэвшигчийг дэмжинэ гэж мэдэгдлээ. Үүнийг мэдээллийн хэрэгслүүдээр "МАН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайдаар томилохыг дэмжинэ гэв” хэмээн "орчуулж” цацлаа. Углуургаар нь бодоод үзэхнээ "Чаддаг юм бол Ерөнхий сайдаар дэмжүүлчих” гэсэн нэг утга, "Шадар сайд нь Н.Энхбаяр байна уу, Э.Батшугар нь байна уу ялгаагүй” гэсэн өөр утга ч агуулагдаж байгаа биз. Гэтэл Н.Энхбаярт таалагдахын тулд, шулуухан хэлэхэд "Шударга ёс” эвслийнхэн, МАХН-ынхныг чуулганд суугаад хэдэн хууль батлалцаад, Цэцийн тухай хуулийг өөрчилж дарга юуг нь хөөгөөд өгөөч” гэсэндээ МАН-ынхныг "Н.Энхбаярыг Шадар сайд болохыг дэмжинэ гэсэн” гээд "гүтгэчихэж” байгаа юм. Н.Энхбаяр агуу. Гэхдээ З.Энхболдыг байтугай М.Энхсайханыг "залгичихаад” явж байгаа хүн шүү дээ. М.Энхсайханы хувьд Ч.Сайханбилэгийн "дээдэх нь юм уу, доодох нь юм уу мэдэгдэхгүй” Монгол Улсын сайд хэвээрээ байх нь түүнд чамлахааргүй амжилт. Тиймээс Н.Энхбаярт гомдохгүй. Бас "Баярлалаа” гэж хэлэх шалтгаангүй. Нэг шалтгаан гэхэд л 2005 оны тавдугаар сарын 30-ны дугаарт "М.Энхсайхан саяхан сонгуулийн ажлаар Халхголд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нутгийн хөгшчүүлээс асуужээ.

Гэтэл хэлсэн газар нь хилиийн цаана болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан "За, та нар аавын минь төрсөн газрыг "зөв” олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийн хөгшчүүл хэлэв” гээд л цааш нь хатуухан "аваад хаячихсан” байдаг юм. Тэр бол Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болохын өмнөхөн, Н.Энхбаярын сонинд нийтлэгдсэн үнэн. Дараа нь Н.Энхбаяр ялсан. М.Энхсайхантай ч найз болсон. Одоо тэр нийтлэлийг зарим хүн мартсан байж болох ч архивт хадгалагдаж буй сонинг яалтайв. Н.Энхбаяр ингэж л нөхөрлөлөө эхэлдэг. Тэгж л төгсгөдөг. Энэ замаар З.Энхболд замнахыг, эсвэл замнахаас өөр аргагүй болохыг үгүйсгэхгүй. Ямартай ч УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлачихаад ирцээ бүрдүүлж чадахгүй энэ удаагийнх шиг үйл явц өмнө нь байсан гэж үү. Арай энэ байдлаасаа гарахын тулд Н.Энхбаярыг Шадар сайд болгож "Шилэн тохироо” хийх юм биш биз. Түүний барьцаа, барьцаагаа яаж чангалдгийг өнгөрсөн арав гаруй жилийг хугацаанд хангалттай харсан байлгүй дээ. Хэрэв З.Энхболд дарга энэ наймааг өөрт ашигтайгаар эргүүлэх гэвэл Н.Энхбаяр зуу хоног сайд хийхийн тулд гуйж гувшаад байхгүй.

Түүнд "Эхлээд МАХН-ынхнаа чуулганы нэгдсэн хуралдаанд суулгачих. Дараа нь Та Шадар сайд...” гэсэн "дараа төлбөрт үйлчилгээ” огт сонин биш. Харин Ерөнхий сайд Н.Энхбаярыг Шадар сайд болгох ам тангарагаа өгчихөөд, таныг чуулганаар батлах хуралдаанд гишүүдээ оролцуулна уу” гэвэл шөнө дөлөөр ч "туугаад очиж” чадна. УИХ-ын дарга, "бүдүүн нам”-ын дарга маань ийм л бөх барьцаанд нэр хүндээ тавьчихаад сууж байна даа. Түүний намд хэдэн нам нэгдэх нь одоохондоо сонин биш. Ийм аргаар бол "Бүдүүн намын дарга” болж хэн ч чадна. Харин түүхэнд байгаагүй ирцгүй ээлжит бус чуулганыг даргалж хоосон танхимд хоолой зангируулан гишүүдээ дуудаж суух ичгүүрт байдал хэзээ "дуусах” нь л илүү сонин байна.

С.Зэндмэнэ

zaluu.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.