Ардчилсан намын Засгийн газарт хамтран ажиллаж буй МАХН-аас Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах саналыг оны өмнө З.Баясэлэнгээр уламжилснаас хойш ямарваа түвшинд хэлэлцэгдэлгүй энэ асуудал чимээгүй болоод байсан ч Н.Энхбаяр нэвтрүүлгийн үеэр "Шадар сайд бол эвсэлд ирэх хамгийн том суудал” гэж хэлээд үүнд "би байх ёстой шүү” гэсэн санаагаа илэрхийлснээрээ Ч.Сайханбилэгийн өмнөөс хариулт өгч орхив.
Ч.Сайханбилэгийг албан тушаалдаа үлдэхэд МАХН илэрхий дэмжлэг үзүүлсэн, үүнийхээ хариуд Н.Энхбаяр албан тушаалд томилогдоход гайхах зүйл ч байхгүй гэх утгатай байр суурийг нэг бус тогтмол хэвлэлүүд баасан гарагийн дугаартаа нийтэлсэн нь үнэний ортой дүгнэлтүүд бололтой.
"Ялалтын өнгө” орсон Н.Энхбаяр МАХН-ын ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө шууд нэвтрүүлгийн үеэр танилцуулж, одоохондоо дотоодын асуудалтайгаа зууралдаж байгаа Ардчилсан намын дарга З.Энхболд, өнөөдрийг хүртэл Ардчилсан намтайгаа л ноцолдсоор яваа МАН-ын дарга М.Энхболд нараас өрсөн хөгжлийн бодлогоо дэлгэж амжлаа. Түүний танилцуулахыг зорьсон гялгар презентаци чухамдаа юу байх нь энд хамаагүй, тэрбээр юутай ч өнөөдүүлээ бодвол бодлоготой байгаагаа өрсөн зарлаж, өөртөө оноо нэмж чадлаа. Харин одоо түүнд сонгуулийн ялалтаас урьтан Шадар сайдын албан тушаал ирэх эсэх л чухал байгаа байх.
Шадар сайд болоход садаа, тээг мундахгүйг ч тэрбээр тооцоолж байгаа. Үүний эхлэл болж, баасан гарагт МАХН-ын квотоор Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдоод байсан ч АТГ-т шалгагдаж буй Г.Шийлэгдамбын гэх захидал задрав. Энэ захидал яавч Шийлэгээгийнх байх учиргүй гэх утгатай үгийг Н.Энхбаяр шууд нэвтрүүлгийн үеэр хэлсэн. Түүний хэлсэн үнэн байж ч магадгүй.
Гэвч Г.Шийлэгдамбын захидал үнэн, худал гэдгийг тогтоохоос урьтаад захиан дахь мэдээллийн мөрөөр хуулийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулаад эхэллээ. Юу гэвэл, баасан гарагт буюу захиа задарсан тэр өдөр АТГ-ынхан МАХН-ын байранд "айлчилж”, намын ерөнхий нягтлангаас байцаалт авч, данс тооцоог нь шалгахаар болжээ. Энэ нь "нууцыг задруулсан захиа”-г түмэнд зарласны гол зорилго байсан биз. Захиаг Г.Шийлэгдамба үнэхээр өөрөө бичсэн эсэх одоо чухал биш, захиа ямар ч байсан үүргээ гүйцэтгэчихлээ.
Захианд дурдсан баримт, мэдээллүүд МАХН-ын дарга Н.Энхбаяр санхүүжилт босгож байгаа, ингэхдээ бусдыг дарамталж буй гэх агуулгатай бөгөөд үүндээ бүр эзэн биеийг нь нэр заасан байх аж. 50.000+120.000=170.000 ам.доллар буюу 340 сая орчим төгрөгийг Г.Шийлэгдамбаар дамжуулан МАХН-д хандивласан хүн хэн бэ? Улстөрийн намд ийм хэмжээний хандив өгсөн хүн дараа нь үүндээ ямар шан харамж горьдох вэ? Эдгээр асуултыг захидал дахь мэдээллүүд задлан тавьж байгаа юм. "Н.Энхбаяр албан тушаалыг наймаа болгосон” гэдэг улстөрийн хүрээнийхний яриаг АТГ батлан тогтоож чадаагүй ч энэ удаад "нууцыг задруулсан захиа” чухам зам зааж өгөх гэсэн мэт уншигдаж байх аж.
О.Даваасүрэн гэж хэн юм бэ?
Тэгвэл захианд нэр дурдагдсан О.Даваасүрэн гэж хэн юм бэ гэдэг асуултын мөрөөр хэвлэлийнхэн мөшгих биз. Бидний олж мэдсэнээр, албан бус эх сурвалжийн баталснаар бол О.Даваасүрэн нь 2013 оны нэгдүгээр сард Гаалийн ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын томилогдон ажиллаж байгаад одоо Гааль, татварын ерөнхий газрын Татвар хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа. Хэвлэлүүдэд бичигдсэнээр тэрбээр МАХН-ын нөлөө бүхий гишүүн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улааны эхнэрийн дүү буюу хүргэн нь гэх.
Түүний талаар хэвлэлүүдэд цөөнгүй нийтлэгдэж байв
Тухайлбал, "Саяхан удирдлага нь солигдсон Гаалийн Ерөнхий газрын шинэ удирдлагууд хуралдаж газрын дарга нарын халаа сэлгээг хийжээ. Дөрвөн газрын даргыг шинээр томилсноос тус байгууллагын алба хаагчдын нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн нэг нөхөр орж ирсэн нь О.Даваасүрэн. Түүнийг Гаальтай тэрсэлдэгч гэж болно. Тэрбээр Дорноговь аймагт панз үсэргэж, урд хөрш рүү таваар зөөж хэсэгтээ л бужигнуулжээ. Гэхдээ мөрөөрөө явсан уу гэвэл үгүй. Ямартай л "Хөнгөн цагаан” гэх хоч зүүхэв. Дорноговийн хөнгөн цагааныг тэр чигт нь хамсан тэрбээр гаальд буй танил талаа ашиглаж БНХАУ руу гаргадаг байж” хэмээн www.zindaa.mn вэбсайтад (http://news.zindaa.mn/12j78 2013 оны нэгдүгээр сарын 17-нд, www.bolod.mn вэбсайт, "Ноцтой мэдээ” сонинд "ГЕГ-ын хүний нөөцийн хэлтсийн даргын суудалд заларсан Ч.Улааны эхнэрийн дүүг О.Даваасүрэн гэдэг бөгөөд тэрбээр хэдэн жилийн өмнө бөөн хэрэг мандуулж явжээ” хэмээн, "Өдрийн сонин”-ы 2014 оны долдугаар сарын 02-ны дугаарт "Сонгон шалгаруулалт нэрээр гаалийн байцаагч нарыг төрүүлсэн гол хүмүүс нь ГЕГ-ын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт, Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын дарга О.Даваасүрэн нар хэмээн буруутгах ч хүмүүс байгаа юм. Бүр тодорхой хэлбэл, МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар зарим гишүүд нь хэн гэдэг хүнийг гаалийн байцаагч болгох саналтай байгаагаа ГЕГ-ын даргад хэлж, тэр нь ёсоор болгосон” хэмээн бичиж байсан зэргээр энэ эрхмийн тухай мэдээллүүд хөврөх аж.
politik.mn
Сэтгэгдэл