Үндэсний аудитын газраас жил бүр гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газруудын санхүүгийн тайланд аудит хийдэг. Хүний нутагт улсаа төлөөлөн ажиллаж буй Элчин сайдын яам, консулын газрууд санхүүгийн сахилга батыг дээд зэргээр баримтлах учиртай. Гэтэл 2017 оны санхүүгийн тайланд нь хийсэн аудитаар 24 газрын 12 нь зөрчилгүй, 11 нь хязгаарлалттай, нэг нь сөрөг дүгнэлт авсан байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Батлагдсан төсвийг хэтрүүлдэг, хөрөнгийн данс бүртгэлээ дутуу хийдэг, тайлангаа буруу гаргадаг, зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө худалдан авдаг зэрэг нийтлэг зөрчлийг тэд гаргаж байна. Угтаа эх орноо төлөөлдгийн хувьд бүх газар зөрчилгүй дүгнэлт авчихмаар байгаа юм. Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар сөрөг болон хязгаарлалтай дүгнэлт авсан Элчин сайд, Ерөнхий консулууд ямар зөрчил гаргасныг тоймлон үзүүлье.
СИНГАПУР ДАХЬ ЭЛЧИН НЯГТЛАНДАА 11.5 МЯНГАН ДОЛЛАРЫН ИЛҮҮ ЦАЛИН ОЛГОЖЭЭ
Бүгд найрамдах Сингапур улс дахь Элчин сайдын яам ганцаараа төрийн аудитаас сөрөг дүгнэлт авчээ. Аудитаар илэрсэн гол асуудал нь сингапур долларыг америк долларт шилжүүлж тайлан гаргахдаа Сингапур улсын арилжааны банкны ханшаар хөрвүүлж байсан аж. Түүнчлэн тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж нь 2016 онд нягтлан Ю.Туяацэцэгийг ажилд томилохдоо сард 1024 ам.долларын цалин олгох шийдвэр гаргажээ. Энэ нь хуулиар тогтоосноос 36 хувиар буюу 384 ам.доллараар илүү цалин аж. Ингээд энэ оны наймдугаар сарын байдлаар тус яамны нягтлан 11.5 мянган ам.долларын илүү цалин авсныг аудитаар илрүүлжээ. Мөн санхүүгийн тайландаа тусгасан үлдэгдэл нь өмнөх оныхоосоо 23.9 мянган ам.доллараар дутсан байна. Харин хөрөнгийн бүртгэл нь 358.6 мянган ам.доллараар дутуу илэрхийлэгдсэнийг тогтоожээ. Тэр байтугай батлагдсан төсвөө 71.4 мянган ам.доллараар хэтрүүлэн зарцуулж, 2017 онд зарцуулаагүй үлдсэн 18.5 мянган ам.долларыг Улсын төсөвт буцааж төвлөрүүлээгүй байна.
ЧЕХ, ХОНГКОНГ, ОХУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МАШИН ХУДАЛДАН АВЧЭЭ
Төсвийн хөрөнгийг дураараа зарцуулж, зөвшөөрөлгүйгээр автомашин, эд хөрөнгө худалдан авч хэрэглэсэн зөрчлийг дипломат төлөөлөгчид гаргаж байна. Тухайлбал, Бүгд найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Наранцогт байгууллагынхаа орлогоос зөвшөөрөлгүйгээр 47.6 мянган ам.доллараар “Мерседес бенз E-Glass” маркийн суудлын автомашин худалдан авсныгаа санхүүгийн тайландаа тусгаагүй байжээ. Түүнчлэн 2017 онд батлагдсан 313 мянган ам.долларын төсвийг 606.9 мянган ам.долларын гүйцэтгэлээр тайлагнаж төсвийн тайланг буруу илэрхийлсэн зөрчил гаргасан байна. Харин БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг дахь Ерөнхий консул С.Эрдэнэ 49 мянган ам.долларын үнэтэй “Toyota wellfire” маркийн суудлын автобус актлагдсаныг данснаас хасаагүй, шинээр авсан 50.8 мянган ам.долларын үнэтэй “Toyota well¬fire” маркийн суудлын автобусыг үндсэн хөрөнгийн бүртгэлд аваагүй байсан байна. Мөн ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа түрээсийн болон консулын үйлчилгээний орлогоос 52.1 мянган ам.доллараар зөвшөрөөлгүйгээр автомашин худалдан авчээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа зөвшөрөөлгүйгээр 10 мянган ам.долларын хандив авч урсгал засвал болон эд хогшил худалдан авахад зарцуулсан байна. Тиймээс дээрх төлөөлөгчдийн газрын санхүүгийн тайланд аудитаас “Хязгаарлалттай” дүгнэлтийг өгсөн байгаа юм.
БАТЛАГДСАН ТӨСВӨӨ ХЭТРҮҮЛЭН ЗАРЦУУЛСАН ТӨЛӨӨЛӨГЧИД
“Хязгаарлалттай” дүгнэлт авсан төлөөлөгчдийн газруудад нийтлэг илэрсэн бас нэгэн зөрчил нь батлагдсан төсвийг хэтрүүлсэн байдал. Тухайлбал, Бүгд Найрамдах Казакстан улсад суугаа Элчин сайд Л.Баттулга 2017 оны санхүүгийн тайлангаар батлагдсан төсвийг 22.3 мянган ам.доллараар хэтрүүлэн зарцуулсан байна. Мөн ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар батлагдсан төсвөө 2.2 мянган ам.доллараар хэтрүүлжээ. Тэгвэл Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Билэгдорж зарим нэр төрлийн зардлыг батлагдсан төсвөөс 10.1 мянган ам.доллараар зарцуулсан байна. Мөн үндсэн хөрөнгөөс 35.3 мянган ам.долларын өртөгтэй автомашиныг данс бүртгэлээс хасалгүйгээр буруу тайлагнасан, батлагдсан орон тоогоо хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр аудитаас дээрх дүгнэлтийг авчээ.
ТАЙЛАНГАА ЗӨВ ГАРГАЖ ЧАДДАГГҮЙ НЯГТЛАНГУУДАА ЯАХ ВЭ?
Санхүүгийн тайлан тооцоогоо зөв гаргаж чадаагүйн улмаас хангалтгүй үнэлгээ авдаг байдал аудитын дүгнэлтээр багагүй илэрдэг. Гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудад ч энэ төрлийн зөрчил багагүй байгаа юм. Хөрөнгөө буруу бүртгэдэг, зарим хөрөнгөө данс бүртгэлдээ тусгадаггүй, буруу тусгаж тайлагнадаг, бараа материалыг шууд зардлаар бүртгэдэг, санхүүгийн баримт нь дутуу, зөрүүтэй тоо баримт шивдэг зэрэг алдаа зөрчлийг Герман, Польш, АНУ-ын Сан-Франциско, Тайланд, Турк зэрэг улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд гаргасан байжээ. Харин Бельги, Болгар, Итали, Лаос, Франц, Солонгос, Хятад улс, Эрээн хот, Эрхүү хот, Туркийн Ерөнхий консул, Хөх хот, Оросын Кызылд суугаа төлөөлөгчийн газрууд 2017 оны санхүүгийн тайландаа зөрчилгүй дүгнэлт авсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл