В.Путин: ОХУ дэлхийд ноёрхлоо тогтоох боломжгүй. Учир нь...


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр арванхоёрдугаар сарын сүүлээр сэтгүүлчидтэй уулзан, тухайн онд хийж бүтээсэн зүйлээ тайлагнадаг. Уламжлал ёсоор энэ оны хурал арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Москвагийн олон улсын худалдааны төвд болж өнгөрлөө.

Энэ жилийн хурлаар Путин Орос улсын эдийн засгийн өсөлт, худалдаа түншлэл, дэлхийн бусад орнуудтай харилцах харилцаа зэргийг хөндөн тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Арван дөрөв дэх удаагийн жилийн эцсийн хэвлэлийн хурлын үеэрх хамгийн анхаарал татахуйц хариултуудыг хүргэе.

-ОХУ дэлхийд ноёрхлоо тогтоох уу?

-Ноёрхол тогтоох уу гэж үү. Үгүй л болов уу. Дэлхийн улс бүр өөрсдийн хил хязгаар, удирдах байгууллагатай. Тэр нь Москвад байдаггүй шүү дээ.

-ЗХУ эргэн нэгдэх боломж бий юу?

-Зөвлөлтийн улсуудыг эргэн нэгтгэнэ гэдэг өнөөгийн Оросын хувьд яасан ч бүтэхгүй асуудал, дурдах ч шаардлага байхгүй.

-АНУ-ын тавьж буй эдийн засгийн хоригоос ОХУ-д ашигтай зүйл байгаа юу?

-Манай эдийн засагт хориг тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Үүнийг дагаад олон төрлийн таагүй нөхцөл байдал үүсэж байгаа ч энэ нь биднийг тархиа илүү сайн ажиллуулж, олон өөр талбарт анхаарах чадварыг өгч байна шүү дээ.

-Цөмийн зэвсэг, түүнийг даган ирж буй заналхийллийн тухайд та юу хэлэх вэ?

-АНУ биднийг шинээр цөмийн зэвсэг, түүнтэй холбоотой хамгаалалтын хэрэгсэл бүтээхийг эсэргүүцэж, хориглож байгаа. Гэхдээ энэ бол тэдний шийдвэрлэх асуудал биш. Бид ямар нэгэн байдлаар аль нэг улс руу заналхийлээгүй учир биднийг давуу тал олж авах гэж оролдлоо гэж “гонгинох” хэрэггүй. Бид зөвхөн өөрсдийгөө хамгаалах зэвсэг бүтээж, хүчний тэнцвэртэй байдлыг хадгалж байна.

-Танд дахин гэрлэх төлөвлөгөө бий юу?

-Ёс журамтай хүний хувьд би хэзээ нэг өдөр гэрлэж л таарна.

Олон Улсын төвшний асуудлаар

Тэрээр Украйны асуудлаар “Украин манай улсын худалдааны хамгийн ашигтай, найдвартай түнш хэвээр байгаа. Энэ онд хоёр улсын худалдааны эргэлт бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа” гээд АНУ-ын Сириэс цэргээ гаргасныг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. CNN  агентлагийн судлаач энэхүү хурлын үеэр Путин Доналд Трампийн шийдвэрийг дэмжсэн үг хэлсэн нь хоёр улсын харилцааг сайжруулахаар тал засаж буй үйлдэл  гэж үзжээ.

 

Эх сурвалж: Itoim.mn

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.