МОСКВА. /RIA Novosti/. ОПЕК+ буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орон нефтийн олборлолтын хэмжээг дахин бууруулах тухай 12 дугаар сард гаргасан шийдвэрээ нарийвчлан судалсан боловч шаардлагатай тохиолдолд гэрээний хугацааг сунгах эсвэл бүр нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулсныг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж магадгүй гэж ОПЕК-ийн ерөнхийлөгч, Арабын Нэгдсэн Эмирт Улсын Эрчим хүчний сайд Сухейль аль-Мазруи мэдэгджээ.
"Олборлолтын хэмжээг бууруулах төлөвлөгөөг нарийвчлан судалсан, гэхдээ хэрэв хэрэгжихгүй бол өнгөрсөн удаагийнхтай адил ОПЕК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах хувилбар бидэнд үргэлж бий” гэж аль-Мазруи мэдэгдсэнийг Блүүмберг агентлаг уламжилсан байна.
"Хэрэв нөхцөл байдал гэрээг дахин зургаан сараар сунгах шаардлагатай байдлаар эргэвэл бид үүнийг хийх болно. Хэрэв илүү их хэмжээгээр бууруулах шаардлагатай бол бид хэлэлцэж, олон хүчин зүйлийг харгалзан үзэж оновчтой шийдвэр гаргана” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Үүний сацуу тэрбээр зарим орон олборлолтын хэмжээгээ бууруулах хандлагатай байгаа учраас ОПЕК гэрээний нөхцөлийг чухамдаа давуулан биелүүлэх боломжтой гэдгийг онцлон дурджээ. Түүний хэлснээр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын нефтийн арилжааны нөөц сүүлийн таван жилийн дунджаас 37 сая торхоор илүү байгаа боловч шинэ оны эхний улиралд зах зээлийг тэнцвэржүүлэх ёстой.
Бүх оролцогч-орнуудын хувьд хагас жилийн хугацаанд өдөрт олборлох нийт хэмжээг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн 1.2 сая торхоор бууруулах шийдвэрийг “ОПЕК+” 12 дугаар сарын 7-нд гаргажээ. Үүний 800 мянган торх нь ОПЕК-ийн гишүүн орнуудад ногдож байгаа бол тус байгууллагын гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг 400 мянган торхоор бууруулах ёстой аж.
Гэсэн хэдий ч “ОПЕК+”-ийн дээрх шийдвэр үнийг тогтворжуулахад хараахан нөлөөлж чадаагүй байна. 12 дугаар сарын 7-ноос хойш нефтийн зах зээл тогтворгүй байгаа юм. Тухайлбал, 12 дугаар сарын 21-нд буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Brent маркийн нефтийн үнэ 2017 оны есдүгээр сарын 5-наас хойш анх удаа нэг торх нь 53 ам.доллараас доош орж унасан байна.
Сэтгэгдэл