Чуулган найм дахь удаагаа хойшилж, төв талбайд жагссан долоо хоног


Чуулган найм дахь удаагаа хойшилж, төв талбайд жагссан долоо хоног

 

Чуулганы хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй

УИХ-ын нэгдсэн чуулган энэ долоо хоногт ч ирц бүрдээгүй шалтгаанаар  хуралдаж чадсангүй. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан найм дахь удаагаа хойшилоод байгаа юм.

Баасан гарагын хуралдаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс мэдээлэл хийх хүсэлт ирүүлсний дагуу УИХ дахь намын бүлгүүдийн дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Чуулганы ирц бүрдүүлэх тухай дээрх албан бичигт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн УИХ-д 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдээлэл хийх хуваарьтай байсан билээ. Гэвч УИХ-ын ирц бүрдээгүй учир Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн мэдээлэл хийж чадаагүй болно. Иймд 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн 2018 оны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх товыг тогтоон мэдэгдэнэ үү гэсэн байна. Иймд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу УИХ-ын 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд гишүүдээ бүрэн хамруулж ирц бүрдүүлэхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлсэн гээд өнөөдрийн хуралдаанд хүрэлцэн ирсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг намын бүлгийн гишүүдээ хуралдааны танхимд ирүүлж, ирц бүрдүүлэхийг хүсэв.

Гэсэнч ирц бүрдээгүй учраас хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, товлосон цагаас хойш нэг цаг гаруй хүлээсэн ч хуралдааны ирц бүрдээгүй учир хуралдах боломжгүй болсныг мэдэгдээд иргэд, сонгогчдоосоо уучлал хүсэж, оны отгон хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн гишүүдийн нэрийн өмнөөс сонгогчдодоо шинэ оны мэнд дэвшүүллээ.

Сэтгүүлчид зөрчлийн хуулийг эсэргүүцэв

2018 оны сүүлийн долоо хоног дуусч байна. Энэ долоо хоногийг сэтгүүлчид Зөрчлийн хуулийг эсэргүүцсэнээр эхэлсэн билээ. Тодруулбал, МСНЭ-ээс өнөөдөр мэдээлэл хийж, Зөрчлийн хуулийн торгуулсан сэтгүүлчдээ өмөөрч, Зөрчлийн хуулийг эсэргүүцэн тус хуулийн 6.21 дэх заалтыг хасах санал гаргаж байгаагаа илэрхийлсэн юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч "МСНЭ-ээс нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаж, Зөрчлийн хуулин дээр зургаан сар ажиллалаа. Улмаар тус хуулийг өнөөдрийн амьдралд нийцсэн байдлаар өөрчлөх санал, шаардлагыг  хоорондоо ярилцаж, холбогдох газруудад хандаж ажилласан. Гол нь Зөрчлийн хуулийн  6.21 заалтыг хуулиас хасуулах санал, шаардлага гаргаж байгаа. Үүнд хэвлэл мэдээллийн 15 эвлэл, холбоо нэгдэж байна. Энэ заалтад "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан. Тэгэхээр хувь сэтгүүлчийг 2 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн үг. Мэдээж сэтгүүлчид хүн гүтгэж, худал мэдээлэл түгээж болохгүй. Мэргэжлийн ёсзүйгээ дээдэлж ажиллах ёстой. Тиймээс Зөрчлийн хуулийг заавал эргэж харж, энэ заалтаа хасах ёстой" гэсэн юм. 

УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцлийн жагсаал хийв

Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд сэтгүүлчдэд  мэдээлэл хийж,   УИХ-ын даргыг 48 цагийн дотор огцрох өргөдөлөө өгөхийг шаардаж “Бидний санаачлагаар УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор албан тушаалаасаа огцрохыг шаардаж, иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд, УИХ-ын гишүүд, хөдөлгөөн нэгдлүүд гарын үсгээ зурсан. Энэ шаардах бичгийг хүлээн авна гэдэгт итгэж байна” гэж тодотгосон юм.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “хэрэв энэ шаардлагыг хүлээн авахгүй бол  ирэх дөрөв дэх өдөр Сүхбаатарын талбай дээр 11:00 цагаас ард түмэнтэйгээ нэгдэн жагсах болно...Монголчууд одоо МАНАН бүлэглэлийн эсрэг нэгдэх цаг нь болсон” гэсэн билээ.

Тиймээс өнгөрсөн Пүрэв гарагт Сүхбааатарын талбайд олон нийтийг хамарсан жагсаал болж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

 АТГ авлига хамгийн их авдаг байгууллагаар шүүхийг нэрлэв

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.  Тус газраас энэ онд иргэдийн дунд шударга байдал болоод авлигын индексийн судалгааг явуулсан дүнгийнхээ талаар мэдээлж  сэтгэүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.  Тэд  авлига их тархсан газраар нэгдүгээрт: шүүх байгууллага, хоёрт: Газрын алба, гуравдугаарт: Эрүүл мэндийн байгууллага эрэмбэлэгдсэн тухай мэдээллээ.

Харин Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, соёл урлагийн газрууд иргэдээс сайн гэсэн үнэлгээ авсан бол Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдээс муу дүн авчээ.

Булган аймагт хүний амь насыг хохироосон хэрэг гарлаа

Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баруун бэрх” гэх газарт оршин суух иргэн “Б” нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ирж хэвтэн эмчлүүлж байгаад 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Хэргийг тодруулбал, 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ зүйлээс болж маргалдан улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.