Алхаа хайдаг УИХ-ын дарга гишүүдээ эрээд олдоггүй ээ!


Алхаа хайдаг УИХ-ын дарга гишүүдээ эрээд олдоггүй ээ!

УИХ-ын даргын захирамжийг иргэд, сонгогч, олон нийт бүгдээрээ биш боловч хүндэтгэн сонирхдог. Харин Их хурлын эрхэм гишүүд тэгдэггүйг анх удаа харж байна. "Лоолой, лоолой” гэдэг шиг зарлаад ч, загнаад ч, уриалаад ч ээлжит бус чуулгандаа ирсэнгүй. Эвслийн бүлгийн, сөрөг хүчний, бие даагчдын хэн нэг нь УИХ-ын дарга байсан бол хүчин мөхөстсөнийг нь гайхаад байх юм алга. Гэтэл хамгийн олон гишүүнтэй намын дарга нь УИХ-ыг даргалж байгаа хэрнээ хоёрхон гишүүн сандал дээр нь суулгачихаж дөнгөхгүй байгаа нь юуных вэ. Бүр болохгүй бол зальдаж болно шүү дээ, хэлэлцэх асуудалдаа өөр асуудал татаад оруулаад ирж болно.

Дараа нь хүсээд байгаа Цэцийн даргыг хөөх асуудлаа хэлэлцүүлж болох юм. Гэхдээ иргэд хууль тогтоох дээд байгууллагын гишүүд Үндсэн хуулийн шүүхтэй хэрхэн тэрсэлдэхийг анхааралтай ажиглаж байна. Үүнийг 75 гишүүн чинь мэдрээд юу юугүй Цэцийг буруутгах хүсэлгүй байгаа юм биш үү. Жаахан мэдрэмжтэй бай л даа. Эсвэл улс орны хөгжлийн төлөөх олон асуудал хэлэлцэх дараалал хүлээж байгааг судлаад аятайхнаас нь эхлээд хэлэлц л дээ. Гишүүд ярайтал орж ирээд хуралдаа сууна.

Гэтэл заавал "Эхлээд Цэцийн даргыг зайлуулаадхая” гээд гөжөөд суучихаар хэн хуралдаа гүйж орж ирээд суух вэ дээ. Түүний оронд тойргийнхоо нэг сонгогчийнд айраг ууж суусан нь аятайхан биз дээ. Тиймдээ ч нэгэнтээ Си Жинпин даргыг ирэхэд хүндэтгэлийн чуулган хуралдах үеэр "Алх хаана байна” гэж алиалж суусан УИХ-ын дарга хамгийн отгон намрын чуулганыхаа дараа ээлжит бус чуулган зарлахдаа гишүүдээ эрээд олохоо байлаа, нэгийг зөгнөж байжээ” гэж цайны хийц болгон хуучилж суух сонгогч ч таарлаа. Нээрээ эвгүй юм гээч.

Өнөөдрийн байдлаар МАН гэхээсээ илүүтэй МАХН УИХ-ын даргад "шантааж” гэгчийг нь үзүүлээд байх шиг. Тэдний бүлэгтэй "тулж” ажиллах хэрэгтэй. АТГ гэж тэр "ханцуй дахь тохироо”-ноос чинь хавьгүй чухал байгууллага байдаг. Бид дагаж ажиллах ёстой” гээд ярь л даа. З.Энхболдоос авхаалжтай дарга бол өдийд МАХН-аас өөрийн намдаа гишүүн дагаар оруулчихаад ирцээ бүрдүүлээд хуралдуулчихсан байгаа. Нэгэнт шалтгаан нь тодорхойгоос хойш Ёс зүйн дэд хороогоор хэлэлцсэн ч яадаг юм бэ. Уг нь тэр МАХН-ынхан чинь танай намтай биш МАН-тай нэгдэх гээд бичиг сачиг шидээд суугааг мэдээгүй баймааргүй юм.

Ямартай ч огт нүүдэл хийхгүй суугаад байгаа энэ арчаагүй байдал нь ч, хууль тогтоох байгууллагыг толгойлж байж Үндсэн хуулийн шүүхтэй улс төрийн хариуцлага тооцох гэж суугаа нь ч тэр чигээрээ З.Энхболдыг АН-ын даргаас огцруулах шалтгаан мөн. Өнөөдөр улс төр ярьдаг, бичдэг, сонирхдог бүхэн ээлжит бус чуулганыхаа нээлтийг хийж чадахгүй байгаа УИХ-ын даргыг, ҮЗХ-гоо хуралдуулж дөнгөдөггүй АН-ын даргыг, ялын хугацаа нь дуусаагүй "дайсан”-тайгаа гар барих гээд байгаа З.Энхболд гэдэг хувь улстөрчийн ядмаг байдлыг шүүмжилж байна.

Тэр ч байтугай АСЕМ-д зориулж эхлээд 150 тэрбум, дараа нь 20 тэрбум төгрөгийн асуудал шийдчихээд дараа нь "эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж ярьснаа яаж засахаа мэдэхгүй байгаа Ерөнхий сайдын алдааг засаж "Монгол Улс АСЕМ-ын чуулга уулзалтыг өөрийн оронд хийх саналаасаа татгалзаж байна” гэсэн шийдвэрийг УИХ гаргах бүрэн эрхтэй. Магадгүй тэгвэл энэ удаагийн УИХ-ын ч гавьяа, З.Энхболд гэдэг улстөрчийн ч зориг, хүч, цаашилбал ирээдүйд хэрэгтэй байж мэднэ. Украин, Грекийн тод жишээ байсаар байтал MCS-ийн нөхцөл байдлыг сайтар тооцоолоогүй Засгийн газар алдаа гаргасан бол УИХ засч болохгүй гэж үү.

Энэ мэтчлэн нүүдэл хийхийн оронд Ерөнхий сайд бид хоёрын харилцаа "OK” байгаа шүү гэж харуулахын тулд хөлбөмбөгийн тоглолт үзэж байгаа зурагаа жиргэсэн шигээ "Өглөө ажилдаа очиход гишүүд цугласан байгаасай” гэж залбирсан ийм улс төр хийнэ гэж юу байхав дээ. Ер нь түүний зүгээс М.Энхсайханы нэгэнтээ тодорхойлсон "Авлигын аравнайлсан эцэг”-тэй заавал ойртож дотносох гээд байгаагийн учрыг ч, ямар нэгэн хэрэгт холбогдсон сэжмүүд цухалзсаар байтал ахлах зөвлөх А.Гансүхээ УИХ-ын албан бланктай бичиг сэлтээр хамгаалсаар байгаа нь ч цаанаа тун эвгүй хүрээлэлтэй "фигур” юм даа гэдгийг илтгээд байх шиг. Уг нь З.Энхболд өөрийнхөө толгойгоор ажиллаж, отон тоглолт хийх биш, завсар чөлөөгүй довтолж уран нүүдэл хийж чадваас түүнийг хэн ч УИХ-ын даргын ажлыг хийж чадахгүй байна гэх газаргүй. Харин ойрын хэд хоногт түүний азгүйтэл арай л удаан үргэлжилж байна. Энэ бүхэн түүнийг АН-ын даргаас зайлуулах хүсэлтэй намын "нөхдөд” нь тун аятайхан урьдач нөхцлийг буй болгосоор...

УИХ-ын нэгдсэн чуулган гацсан, хэн нэгнийг шүүх шүүгч бултаж зугтсан, ерөөсөө төрийн машин гацсан эдгээр "азгүй” өдрүүд үтэр дуусаасай.

С.Зэндмэнэ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.