Ю.Цэдэнбал ба Монгол дахь сонгуулиуд


Ю.Цэдэнбал ба  Монгол дахь сонгуулиуд

 

МУИС-ийн профессор, Ю.Цэдэнбалын Академийн дэд Ерөнхийлөгч, Эрдмийн зөвлөлийн дарга, түүхийн шинжлэх  ухааны доктор /Ph, Sc/  Цэен-Норовын Жамбалсүрэн

 

       1. 1984 онд Монголын удирдлага дахь зарим хүн гадаадын коммунист нам, тагнуулын байгууллагын оролцоотойгоор Ю.Цэдэнбалын эсрэг хуйвалдаан зохион байгуулсны дараа манайд хагас нойрмог байдлаар, инерцээр шахам явсан нийгэм, эдийн засаг ная, ерээд оны заагаар хямралд орсны улмаас олон түмний дургүйцэл туйлдаа хүрч, бослого хөдөлгөөн дэгдэн, хуучин дэглэм унаж, МАХН хамгийн хүнд цохилтод өртөх болсон юм. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх авсан нь “Шудрага бусын хонгил” руу орж, улмаар ангал руу үсрэхийн эхлэл болжээ.

       2. 1990 оны олон түмний хөдөлгөөний шуурган дунд “чоно борооноор” гэгчийн үлгэрээр урьд нь мэдлэг чадвар, ёс суртахуун, хувийн зан төрхийн улмаас албан тушаалаас шахагдан бууж байсан хүн эрх баригч намын удирдлагад гарч, хариуцлага дутсаны улмаас ажил унагаж, намаас донгодуулж байсан хүнийг төрийн  сэнтийд гаргаж ирэхэд хувьсгалт намын бүх хүч бололцоо, нэр хүндийг ашигласан байна.

Тэд нийгмийг удирдах арга барилаа шинэчлэх, олон намын тогтолцооны нөхцөлд ардчилсан зарчмаар ажиллах чадвараа дээшлүүлэх, намын олон түмний санал бодлыг ухаалгаар харгалзах, ард түмнийхээ итгэл найдварыг буцаан олж авах талаар эрчимтэй, тууштай, үнэнч шударга зүтгэхийн оронд өмнөх удирдагчаа золиослох хүнлэг бус аргыг сонгож Ю.Цэдэнбалыг намын дүрмээ зөрчин намаас хөөж, Үндсэн хуулийн заалтыг зөрчин Маршал, Баатар цолыг нь “хасах” мугуйд оролдлого хийж, “тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэгчийг зохиосон нь “Лхүмбийн хэрэг” гэгчтэй адил болсон бөгөөд эдгээр алхам нь тэдгээр цөөн хүний хувьд түр зуурын ашигтай байсан ч үнэн хэрэг дээрээ эргээд МАХН-д өгсөн цохилт болж, Монголын нийгэм дэх хамгийн муу нэртэй, луу данстай улс төрийн хүчин нь бараг л энэ нам болохоо шахсан юм. Намын эгэл жирийн гишүүд биш, овлигогүй дээдэс сайн муу, хар цагаан, үнэн    худал гэж юу болохыг ялгахаа больсон нь өнөөгийн бидний олон бэрхшээлийн үндэс болов.

Хувьсгалт намын урьдын сүр хүч, нэрийг ашиглан Г.Очирбатын дэвшүүлэн гаргаж ирсэн Ерөнхийлөгч  нь удалгүй МАХН-ын сөрөг тал руу урван орж, хэрэг дээрээ тус нам 1990 оны намар, 1993 оны хаврын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж араараа тавиулав. Монгол Улсыг хөгжүүлэх, ард  түмнээ асран хамгаалах, тус намыг бэхжүүлэхэд бүх амьдрал, үйл ажиллагаагаа зориулсан өмнөх удирдагчаараа оролдсон нь МАХН-д сайн юм авч ирсэнгүй, харин ялагдал, хямралын замд татан оруулжээ.

3. МАХН-ын удирдлага, энэ намын байгуулсан Засгийн газар ерээд оны дунд хүртэл хуучин удирдагчаа монгол хүнийх нь хувьд, журмын нөхдийн ёсоор хүний эрхийг нь хамгаалах, хэлмэгдэл, хууль бус үйлдлийг эцэслэн зогсоох талаар олигтой зүйл хийсэнгүй, аливаад цагийн аясыг харах, түүртэх, түүнчлэн найралцах, толгойгоо илэлцэх, сайн хүн болж харагдахыг хичээх зэргээр ойлгомжгүй бодлого явуулснаас МАХН-д үл итгэх үзэл хүн амын зарим хэсэг, зарим бүс нутагт бий болов. Ард олны сэтгэл санаанд үнэнч шударга ёсыг сэргээж, зоримог шийдэмгий ажиллаж, ардчилсан хүмүүнлэг ёс, хүний эрхийг жинхэнэ ёсоор хамгаалах улс төрийн хүчнийг эрэлхийлэх байдал буй болж эхэлсэн нь 1996 оны УИХ-ын сонгуульд МАХН урьдын байр сууриа алдаж 76 суудлаас дөнгөж 25-ыг авч, эрх баригч хүчнээс сөрөг хүчин болох шалтгаануудын нэг болов. Ард түмэн жинхэнэ ардчилсан дэг, шударга журам, хүмүүнлэг ёс, хүний эрхийг хамгаалагчдыг хүсч байсан нь сонгуульд ардчилсан хүчин нэр төртэй ялалт байгуулсны нэг үндэс болов.

4. Засгийн эрхэнд гарсан ардчилсан хүчний зүтгэлтнүүд анхны үед ард түмэндээ өгсөн амлалтаа хэрэгжүүлэх, аливаа асуудалд улс үндэстний эрх ашгийг хамгаалах, ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлэх, олон түмний хүсэл бодлыг, олон ургальч үзлийг хүндэтгэхэд анхаарч байлаа. 1996 оны IX сард Ю.Цэдэнбалын мэндэлсний ойгоор шинэ Ерөнхий сайд М.Энхсайхан улс төрийн ухаалаг бодлоготон, ёс төртэй удирдагч гэдгээ олон нийтэд харуулж, сайхан сэтгэл өвөрлөн Ю.Цэдэнбалын бунханд нь цэцэг өргөж, өмнөх Ерөнхий сайд нараа хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга Р.Гончигдорж Цэдэнбалын хүү Ц.Зоригийг хүнлэг ёсоор хүлээн авч, эрдэм ухаантай, үе тэнгийнхний ёсоор найрсгаар ярилцаж, ойн үеэр төрийн хүндэтгэлийн харуул жагсан, хөгжим эгшиглэж, цөөнхийн бүлгийн ахлагч, ирээдүйн ерөнхийлөгч Н.Багабанди Ю.Цэдэнбалын ойн баярын хурал, концертод хамтран зүтгэгчдээ дагуулан оролцож, 80 жилийн ойг манай ард түмэн төв, хөдөөд сэтгэл тэнүүн тэмдэглэсэн нь ардчилсан төрийн шинэ эзэд төрт ёсоо дээдэлдэг, ахмад үеэ хүндэтгэдэг, үзэл сурталжин туйлширдаггүй, бас ч буурь суурьтай хүмүүс гарч иржээ гэсэн ойлголтыг олон хүнд төрүүлж байлаа. Энэ нь 1996 оны намрын орон нутгийн сонгуульд ардчилсан хүчин амжилт олохын нэг шижим болсон юм. 1992 онд ардчилсан хүчин орон нутгийн сонгуульд дөнгөж таван хувийн санал авч байсан бол 1996 оны намрын сонгуульд 46 хувийн санал авсан юм.

5. МАХН-ын дарга байсан, уян хатан улс төрч Б.Даш-Ёндонгийн ухаалаг бодлогын үр дүнд МАХН-ын Удирдах зөвлөлийн 1995 оны IY сарын 27-ны тогтоолоор Ю.Цэдэнбалын Маршал, Баатар цолыг хасах тухай Г.Очирбатын урьдын тогтоолыг хүчингүй болгов. Энэ нь намын шинэ удирдагч асуудлыг цаг үеийг нь олж, доозыг нь тааруулан шийдвэрлэж чаддаг, нилээн уужуу тайвуу, төв ёсыг эрхэмлэдэг, жинтэй улс төрч болохыг харуулж, тус намаас дэвшүүлэн гаргаж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гол зөвлөх, том улс төрч болоход ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн юм.

6. 1997 оны хавар хуралдсан МАХН-ын ээлжит их хурлын төлөөлөгчид нэгэн дуугаар шахам Ю.Цэдэнбалын намын гишүүнийг гэнэт сэргээсэн нь МАХН ардчилсан хүмүүнлэг шинжтэй, гаргасан алдаагаа засах, асуудалд ул суурьтай хандах чадвартай, хуучин хөөж туудаг хатуу байр сууриасаа татгалзсан, шинэ маягийн улс төрийн ардчилсан хүчин болохыг нотолсон бөгөөд энэ нь хувьсгалт намд итгэх олон түмний итгэлийг бэхжүүлж, намыг дэмжигчид, намд гишүүнээр элсэгчдийн эгнээ өргөжихөд аятай нөлөө үзүүлсэн гэж үзэх үндэс бий. Ю.Цэдэнбалын намын гишүүнийг нь сэргээсэн намын шинэ удирдагч Н.Энхбаярын нэр хүнд ч олон түмний дунд өндөржиж, удалгүй УИХ-ын гишүүний сонгуульд ялалт байгуулж, УИХ дахь намын бүлгийг толгойлж, парламентын шийдвэрт гол нөлөө үзүүлдэг цөөн хүний нэг болжээ.

7. Төр, засгийн жолоог хэний гарт өгөх вэ гэдгээс улс орон, ард түмний хувь заяа их шалтгаалдаг. Хэрэв буруу сонголт хийвэл үндэсний эрх ашиг, олон түмэн л хохирдог болохын жишээг бид хангалттай амсав. Улс орноо аятайхан аваад явж чаддаггүй юмаа гэхэд ная, ерээд оны зааг үеийн цаг төрийн үймээний үе нэгэнт шувтарч, төр, засаг нэг хэсэгтээ төвширч, ард түмэн аливаад ухаалаг тайван ханддаг болсон 1997 онд ард түмнийхээ хүсэлт, шаардлагыг ойлгодог, улс төрийн гярхай ухаан хуучин Ерөнхийлөгчид байсан бол бурхан болсон буурал удирдагчтай арцалдахаа зогсоож, тэр хүнийг хэлмэгдүүлэн хохироох явдлыг засч залруулах алхмыг ядахдаа сонгуулийн босгон дээр хийж болох байв. Гэтэл асуудалд ерэн оныхоо сэтгэлгээгээр хандаж байгаад асар их давуу эрх дарх эдэлж, олон зуун сая төгрөг зарсан ч сонгуульд бүдрэн унасан билээ.

8. Монголд ардчиллыг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлнэ, үнэн шударга ёсыг бэхжүүлнэ, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулна, түүнчлэн ХХ зууны Монголын төрийн гол лидер Ю.Цэдэнбалын нэр төрийг нь сэргээж, хүнийг хилсдүүлэн хэлмэгдүүлэх аливаа илрэлтэй тэмцэхээ илэрхийлсэн Н.Багабанди Ерөнхийлөгч амласнаа биелүүлдэг цэх шударга хүн гэдгээ нотолж хуучин Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиа зөрчсөн, хүнийг хэлмэгдүүлсэн, Ю.Цэдэнбалд холбогдох хар “зарлигийг” хүчингүй болгов.

9. Ардчилсан зарчим дээр шинэчлэгдэн өөрчлөгдсөн, ард түмэнтэйгээ тогтоосон холбоогоо цаг ямагт бэхжүүлэх болсон МАХН-аас дэвшсэн Ерөнхийлөгчийн энэ хүмүүнлэг шийдвэр гарснаар ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч хүмүүсийн сэтгэл санаа уужирч, 1939, 1945 онд Ю.Цэдэнбалтай мөр зэрэгцэн эх орноо хамгаалж явсан ахмад дайчид, цэргийнхэн баярын нулимсаа дуслуулж, дөч, тавь, жар, далаад онуудад эх орноо хөгжүүлэх, залуу хойч үедээ сайн сайхан ирээдүй байгуулж өгөх гэж энэ хүнтэй хамт нойр хоолоо хасан, хөлсөө дуслуулан зүтгэж явсан хөдөлмөрчдийн янз бүрийн үеийнхэн энэ шийдвэрийг халуунаар сайшаан дэмжиж, энэ өвөөгийн үед өлсч цангах, даарч бээрэх, хүнд ажил хийж зүдрэх, томчуулын хүчирхийлэлд өртөх, траншейнд хонох, гуйлга гуйх, тэнэмлээр амьдрах гэгчийг үзэлгүй эрдэм номын мөр хөөж, нам, төр, засгийн хайр халамжаар өсч бойжсон залуу үеийнхэн юмны учрыг нарийн ойлгон, Ерөнхийлөгчийг дэмжиж, олон зуу, мянган жилээр Төв Монголоо түшин хамтдаа тэмцэж, хөдөлмөрлөж, зовлон жаргалаа хуваалцаж, түүхийн он жилүүдийг туулсан, Ю.Цэдэнбалыг төрүүлж өсгөсөн Баруун Монголын ард түмэн шинэ Ерөнхийлөгчийг цэнхэр хадаг, цагаан сүүгээ барин дэмжсэн юм.

Энэ шийдвэр гарснаар зарим цөөн хүмүүсийн ярьж боддогоор монголчууд ардчиллын зарчмаас ухарчихсангүй, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөнгүй, зах зээлд шилжих Монголын хөдөлгөөн зогсчихсонгүй, ард түмэн хагаралдан бужигналдсангүй. Болох ёстой юм болдгоороо болоод өнгөрөв. Үнэн шударга ёсыг сэргээсэн, олон түмний санаа бодлыг гярхай тусгасан дээрх шийдвэр нь Ерөнхийлөгч болон МАХН-д итгэгчдийг олшруулж, УИХ-ын хоёр удаагийн нөхөн сонгуульд тус нам ялалт байгуулахад нэмэр болсон гэж ажиглагчид үзсэн юм.

10. Туйлшрал хэлмэгдүүллийн үед ч, улс төрийн нам тайван нөхцөлд ч манай улс төрийн зүтгэлтнүүд дотроос Монголын Маршалын хөргийг Төрийн ордны өрөөний хоймортоо хүндэтгэн залж байсан ганц хүн болох, цогт яруу найрагч О.Дашбалбар олон зуун мянган хүний хувьд эх орон, ард түмнээ шүтэн бишрэхийн билэг тэмдэг, шударга үнэний төлөө хамгийн цогтой тэмцэгчдийн нэг болж, МУНН-ын даргаар сонгогдон, нөлөө нь өсч буй улс төрийн гуравдагч хүчний нэг толгойлогч болон дэвшин гарч ирсэн юм. Үндэсний ухамсар, эх оронч үзлийг нэг хэсэг нь фашизм, нацизмтэй адилтган түүнийг дайрч байсан ч гэсэн хөдөлмөрчин олны хамгийн олонхи түүнийг анхааран харж байлаа. Ард түмэн түүнийг Төрийн соёрхолд дэвшүүлсэн нь ч учиртай байв.

11. Ардчиллын найман жилд түүний гол удирдагчдын дотроос “бал” гэж орилоогүй, улс төрийн бусад хүчнийг шүлсээ савируулан дайраагүй, хоосон улс төрждөггүй, асуудалд ухаалаг тайвнаар хандаж байсан хүний нэг бол С.Зориг байсан юм. Өмнөхөн нь төр, засаг толгойлж байсан хоёр ахмад зүтгэлтний хувьд хүний мөсгүй зан гаргаж, нэгийг нь хэлмэгдүүлэн амь насанд  нь хүрч, нөгөөг нь гэрийн ядуу хороололд мод хөрөөдүүлж, ус зөөлгөж байсан хуучин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд С.Зориг оролцохгүй гэдгээ мэдэгдэж, улс төрийн сөрөг хүчнээс дэвшсэн ч төрт ёсоо дээдэлдэг, ахмад үеэ хүндэтгэдэг, эрдэм чадал, буурь суурь, эх орон, ард түмнээ гэсэн ухаалаг бодлого, төрийн удирдагчийн эрхэм чанараараа сонгуульд ялсан Н.Багабанди Ерөнхийлөгчид чин сэтгэлийн угаас хамгийн түрүүнд баяр хүргэж байсан С.Зоригийг сүүлийн үед Ерөнхий сайдын суудалд сууж, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарыг залгамжилж чадах хүн гэж хүмүүс ярьцгааж байлаа.

Ерөнхий сайд болохыг нь аливаад нягт хянуур ханддаг зарчимч хэсэг, түүнчлэн улс төрийн гуравдагч хүчин ч үндсэндээ дэмжиж, С.Зориг нь аль ч нам бүлгийн хувьд дээр дооргүй л зөвшилцөл, эв нэгдлийн билэг тэмдэг болж байлаа. Гэвч монголчуудын аз дутахад тэрбээр биднийг орхин одов. Монголчууд нийтээрээ түүнийг Монголын шинэ эрин, шинэ хөгжлийн салхич шувуун, ардчилал, шударга ёс, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, үндэсний том лидер ёсоор сүүлчийн замд нь үдэв.

12. Монголын нам, төр, засгийг 44 жил удирдсан Монгол Улсын Маршалын гэр бүл, үр хүүхдүүд нь эх орноосоо хөөгдөн гадуурхагдаж, төр, засгийн анхаарал халамжаас хол олон жил болсон хүнлэг бус явдлыг зогсоож, ар гэрт нь тэтгэмж олгох саналыг Б.Баабар, Ц.Нямдорж нар УИХ-д оруулж, зохих шийдвэр гаргуулсан нь жинхэнэ шударга буянтай үйлс болов. Удсан ч үгүй ард түмэн, олонхийн дэмжлэгээр Б.Баабар төрийн сайд болов. Харин парламентын дээрх шийдвэрийг биелүүлж амжаагүй Засгийн газрууд шил шилээ даран огцорцгоов.

13. Монгол Улсынхаа төлөө, ард түмнээ тэгш сайхан жаргаахын төлөө өөрийн амь амьдралаа зориулсан талийгаач удирдагчийнхаа дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор нийслэлийн төв хэсгийн нэгэн талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох шийдвэрийг Улаанбаатар хотын дарга Б.Наранцацралт гаргав. Хотоо хөгжүүлэх, нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй хамгийн ажилсаг дарга, улс төрждөггүй өндөр соёлтой удирдагчдын нэг хэмээн нийслэлчүүд хотын даргаа магтан сайшааж, удалгүй тэрээр МУ-ын Ерөнхий сайд болов.

МАХН их хурлаараа Ю.Цэдэнбалын намын гишүүнийг сэргээж, Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди энэ түүхэн зүтгэлтний гавьяа шагналыг “мулталсан”, Үндсэн хууль зөрчсөн зарлигийг хүчингүй болгож, 1996 оны ялагдлаасаа сургамж авч ажиллах болсон, түүнчлэн ардчилсан хүчний зарим алдаатай холбогдон 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН 92%-ийн амжилт гаргав.

14. Увс аймгийн Давст сумын хөдөлмөрчидтэй уулзах үедээ ”Ю.Цэдэнбал бол миний шүтээн мөн” гэж хэлсэн лидер Н.Энхбаяр 2004 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадсан юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр мянганий зам тавьж эхэлсэн, Монголын гадаад өрийг тэглэсэн зэрэг дорвитой үйлс бүтээж, 2006 онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 90 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхэд “ногоон гэрэл асааж” өгсөн нь сайн үйлс байв.Харин  Ю.Цэдэнбалын 40 жил амьдарсан умгар байранд нь гэр музей байгуулах талаар ард түмнээс ирүүлсэн олон арван захидал, олон мянган хүний хүсэлтийг хэрэгжүүлсэн бол түүний улс төрийн дархлаа нь бэхжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн бололцоо байсан ажээ.

15.Ерөнхий сайд байсан М.Энхболдын сэтгэл зүтгэлээр нийслэлийн үзэсгэлэнтэй талбайн нэгд Ю.Цэдэнбалын тухайн үедээ л сүрлэг сайхан хөшөө 2006 онд босгосон нь энэ төрийн зүтгэлтний алсын хараа, ахмад үеийн төрийн зүтгэлтнүүддээ хүндэтгэлтэй ханддагын нотолгоо болж түүний улс төрийн замналд нь нэгэн дархлаа болсон юм. Энэ зүтгэлтэн удалгүй эрх баригч намын дарга болж, улмаар Ерөнхий сайд, дараа нь Парламентын дарга болж хамгийн нөлөөтэй улс төрийн зүтгэлтэн болсныг бид мэдэх билээ.

16. 2008 оны 7 сарын 1-нд олон түмний дургүйцлийн хөдөлгөөн өрнөсөн, хүний амь үрэгдсэн асуудал нь Монголын нийгмийг доргиож, Монголын ард түмний аж байдалд олигтой ахиц гарахгүй байсан, авилгал, хээл хахууль цэцгэлсэн, шудрага ёс алдрах болсон зэрэг нь нийгэмд эрс шийдвэртэй өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй байгааг нотолсон юм. Ийм шинэлэг үзэл санаа манай ард түмний дунд улам бүр хуримтлагдаж байлаа. Энэ нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд шууд нөлөөлөв.

Монголын ардчиллын томоохон зүтгэлтэн, АН-ын дарга байсан Д.Дорлигжав тухайн цагийн эрх баригчдаас өмнө Ю.Цэдэнбалын хөшөөний суурь тавих ёслолыг монгол ёс заншлаараа гүйцэтгэж, ардчиллын шинэ үеийн төлөөлөгч Б.Бат-Амгалан “Ю.Цэдэнбалын гал голомт” хөдөлгөөн санаачлан байгуулсан нь содон үйл явдлууд болов. Буурал түүхээ хүндэтгэх, ахмад үеийн эх орончдын үйлсэд сайнаар, шудрагаар хандах хандлага нийгэмд бэхжих болсон нь сайн хэрэг мөн байв. МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн компанийхаа үеэр Ю.Цэдэнбалын хөшөөнд гүн хүндэтгэл илэрхийлсэн нь Увс нутгийнханд болон нийт ард түмэнд томоохон сэтгэгдэл төрүүлсэн юм. Талцаж туйлшралгүй, хоосон улс төржилгүй, ахмад үеийнхнийхээ эх оронч үйлсийг эерэгээр үнэлдэг, тохитой нуруутай төрийн удирдагчийг “мөрөөдөж” байсан ард түмэн шинэ цагийн удирдагчийн төлөө саналаа хошууран өглөө.

16.МАХН бүхэлдээ зөв, алсыг харсан шийдвэрийг цаг үеийг нь тааруулалгүй  яаран гаргаж, тухайн нөхцөл байдлыг  нарийн тооцолгүй нэрээ сольсон, улмаар хуваагдсан, МАХН-ыг 44 жил удирдаж, нам шиг нам болгосон “эцэг” Ю.Цэдэнбалыг намын 90 жилийн ойгоороо 2011 онд бараг л “мартаж”, тийм хүн ер нь байгаагүй юм шиг өнгөрч, намын түүхийн олон боть номондоо хуучинсаг, 20 жилийн өмнөх сэтгэлгээгээр, бараг л Хэлмэгдэгсдийн холбооны бүтээл шиг  Ю.Цэдэнбалд хандаж, өрөөсгөлөөр бичсэн зэрэг нь МАХН-д хандах ард түмний хандлагад “хар ус цацсан” хэрэг болов.

Өөрчлөлт шинэчлэлт, шудрага ёсыг хүсч байсан ард түмэн 2012 оны УИХ-ын сонгуульд ардчилсан хүчнийг дэмжсэн юм. Н.Алтанхуягийн удирдаж байсан шинэчлэлийн Засгийн газрын эх орныхоо судсыг мэдэрсэн, ухаалаг, шийдвэртэй анхны арга хэмжээнүүд нь олон түмний санаа сэтгэлд нийцэх болсны жишээ нь орон нутгийн сонгуульд ардчилсан хүчин ялахад гол үндэс нь болов. Олон нөхцөл шалтгааны улмаас Ю.Цэдэнбалын удирдаж байсан намд олон жилийн турш гуйвалтгүй итгэж ирсэн Цэдэнбалын уугуул нутгийнхан орон нутгийн сонгуульд ардчилсан хүчнийг тууштай дэмжсэн нь дүгнэлт хийвэл зохих, тун сургамжтай үйл явдал болов. Түүхэн уламжлалаар баян, удирдлагын туршлагатай, боловсон хүчний том армитай, дасан зохицох чадвартай, залуучуудаа түшиглэх болсон “ах” намыг сөрөг хүчнээ болгосон ардчилсан хүчний өмнө шинэ ирээдүй хүлээж  байлаа.

17. Хуучин, шинэ, Ардын ба Ардчилсан засгийн 1984 оноос 2016 оны хооронд  хамтран бусниулсан улс төр, эдийн засгаа  төвшитгөн хөгжүүлэх нь амаргүй байсан нь ойлгомжтой. Ю.Цэдэнбалын үед байгуулсан Эрдэнэт, нээсэн Оюу-Толгойн асуудал  шинэ сонгуулийн нэг хүчин зүйл болов. Ардчилсан засагтаа найдсан ард түмэн 2014 онд Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэх тогтоол гаргаж өгөхийг гуйсан билээ. Асуудал тодорхой шалтгаанаар удааширсаар 2016 оны сонгуулийн босгон дээр дэврэн гарч ирэв. Ядахдаа хэдэн сарын өмнө байсан бол улс төржилт, хийрхэлд  автагдалгүй аятайхан шийдэгдэж мэдэх байв. Зарим гишүүд Ю.Цэдэнбал сайн хүн байсан гэж, зарим хүн хамгийн муу хүн байсан мэтээр ам уралдан маргалдсан юм. Тогтоол ч гаралгүй сонгууль тулав. Ойг төр засаг тэмдэглэхгүй нь гэсэн ойлголт бэхжиж, Цэдэнбалын Академийнхан ойдоо  бэлтгэж, Хурлын илтгэлээ, ойд зориулсан номуудаа  босгож, урлагийн концертээ янзалж, бараг л хувийн зардлаар Ю.Цэдэнбалын үзэсгэлэн зэхэж байв. Гэтэл сонгуулийн босгон дээр Ардчилсан Парламентын “Ю.Цэдэнбалын 100 жилийн ой тэмдэглэх тухай” тогтоол мэндэлсэн нь олон хүнийг баярлуулсан боловч ард түмний сонорт бараг л хүрч чадаагүй, сонгууль болдгоороо болж , Ардын нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав.

19. Шинэ Монголын шинэ удирдагчид, Ардын нам засгийнхан  Ю.Цэдэнбалын мэндэлсний ойг сайхан тэмдэглэсэнд баярлан бахархсан өөдрөг сэтгэл олны дунд нэг хэсэг давамгайлж, шинэ төр, засаг маань  нийгэм эдийн засгийн аятайхан бодлого хэрэгжүүлж байлаа. Гэвч Ю.Цэдэнбалын ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн  гол ажлууд том бодлого, үйлсийн тоосонд дарагдаж, нам гүмхэн болов.

Ю.Цэдэнбалыг цагаатгах заалтыг УИХ-ын тогтоолд оруулах бидний олон жилийн хүсэлт биелсэнгүй. Мөнхийн гавъяа байгуулсныг нь тогтоолд алдаршуулсан мөртлөө, улс төрийн хуйвалдаан эргэлтээр, хууль бус аргаар ажлаас өөрчлөгдөж, эх орондоо амьдрах гол эрхээ хасуулан, манайхны ярьдгаар гадаадад гэрийн хорионд орж, гэр орон, өмч хөрөнгөө булаалгаж, амь амьдралаа зориулсан намаасаа хөөгдөн эвлэрэн нэгдэх эрхээ зөрчүүлж, шүүхийн шийдвэргүйгээр алдар цолоо хураалган хохирч, гэр бүлээрээ гадуурхагдан паспортаа хураалгаж, улс төрийн шалтгаанаар эрүүл мэнд, нэр төр, ажил амьдралаараа хохирч байсан өмнөх удирдагчаа цагаатгах заалт оруулсан бол төгс шийдвэр болох байсан ч асуудал шийдлээ одоо ч хүлээж байна. Ардын, Ардчилсан хоёр Засгийн газрын Тогтоолд цагаатгах заалт оруулахад манай Академийн доторхи  зарим хүмүүсийн өөдгүй, харь бодлого шууд сөргөөр нөлөөлөв. УИХ-ын орлогч дарга, Цагаатгах ажлыг эрхлэх Улсын комиссийн даргын шийдвэрээр байгуулагдсан Хуульчдын ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг цагаатгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаад байхад бидний хамтран зүтгэгч- ардчиллынхан,  гуравдагч хүчнийхэн биш, харин Ю.Цэдэнбалын удирдаж байсан намын зарим хүмүүс улайран эсэргүүцсэн нь  харамсавч барахгүй үйлдэл болж, Академийн түүхэнд хар толбо болон бичигдэн үлдэв.  Засгийн газрын комиссийн дарга миний саналыг дэмжиж байгаагаа албан ёсоор хэлсэнд баярлан хоцорсон боловч хэн нэгний явууллагад автсан бололтой тогтоолд цагаатгах заалт ороогүй, бид дахиад л асуудал шинээр тавихад хүрч байгаа юм. Уг нь 100 жилийн ойгоор нь асуудлыг аятайхан шийдээд бүгдээрээ дараа дараагийнхаа ажилдаа анхаараад явах байсан билээ.

Ю.Цэдэнбалын гэр музей байгуулах асуудалд ч анзаарч байгаа хүнгүй болж цаг хугацаа алдсаар, тэр хүний хойч үедээ үлдээсэн 30 мянга гаруй түүхэн үзмэр эд зүйлс энд тэнд үрэгдсээр байна.  Эдийн шунал гэж мэддэггүй хүү нь эцгийнхээ бүхий л өвийг хойч үедээ, музейд өгнө гээд байхад түүнийг нь хамгаалаад авах соёл дарга нарт дутагдаад байгаа нь харамсалтай л юм. Одоо зарим хүн Даргын музейн асуудлыг бизнес, энд тэнд газар олж авах хэрэгсэл болгож, Найрамдлын арын модон дотор газар хөөцөлдөөд явж байх жишээтэй байх ажээ. Аль ч талаас нь бодсон гэр музей бол түүхэн газраа, тухайлбал 40 жил амьдарсан тэр л овоохойд нь байх болохоос хүний  нүднээс холдуулах гэсэн юм шиг аглаг ой тайгад байгуулах нь инээдэмтэй хэрэг бөгөөд тодорхой хувь  хүмүүсийн “ амттай хоол” болно  гэдгийг хаана хаанаа бодох нь зөв юм.

Монголын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхийн хажуугаар 16 аймгийн төв хот, нийслэл, Дархан, Эрдэнэт, Бор-өндөр, Багануур хот, 400 нэгдэл, сангийн аж ахуйн төв-суурин, 350 том жижиг  үйлдвэрийн барилга, 550 сургуулийн барилга барих ажлыг удирдан зохион байгуулсан, Монголын эдийн засгийн сэргэн мандлын гол эзэнд түүний 40 жил амьдарсан, ганц дан умгар байшинг нь музейн зориулалтаар олгох шийдвэр гаргах санаачлага ч манай эрх баригчдаас одоохондоо дуулдахгүй байна. Гэвч ийм цаг ирнэ гэдэг нь тодорхой юм.

1984 оноос хойшхи эрх баригчид өмнөх их удирдагчаа мартуулах л зорилт тавьж байсан 1996 онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 80 жилийн ойгоор ардчиллын анхны Ерөнхий сайд М.Энхсайхан Төрийн хүндэт харуулаа жагсаан Ю.Цэдэнбалын бунханд хүндэтгэл үзүүлэн, 90 жилийн ойгоор Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ю.Цэдэнбалын хөшөөний нээлтэнд  оролцож, бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаангом дахь Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж байсныг ард түмэн сайнаар дурсаж байдаг билээ.

Гэтэл түүхэн зүтгэлтний 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, түүний орлогч, Ерөнхий сайд, бүр МАН-ын дарга ч хөшөөнд нь цэцэг өргөсөнгүй өнгөрөв. Энэ нь ганц хүнийг л өргөмжилсөнгүй гэсэн санаа гэхээсээ Монголын нийгэм төрийг 44 жил удирдсан, ард түмний дийлэнхи олонхийн хувьд жинхэнэ удирдагчаа гэж ойлгодог хүний 100 жилийн ойд хэн яаж хандав гэдэг асуудал юм. Төрт ёсоо хир дээдэлж байна, шудрага ёс хир бэхжиж байна, түүхэн үнэнд хир үнэнч байгаагын нэг ёсны шалгуур л гэж ойлгогддог асуудал юмдаа.                                                                                                                                           

 Уран сайхны кино бүтээх их хурлын шийдвэр ч, Ю.Цэдэнбалын амьдрал тэмцлийг тусгасан, тухайлбал ХХ зууны Монголын түүхийн гэрэл зургийн цомог бүтээх ажил ч шийдлээ хүлээсээр. 100 жилийн ойд уригдан ирсэн Их удирдагчийн хүүгийн манай дарга нарт тавьсан цорын ганц хүсэлт ч одоо хүртэл биелсэнгүй байх жишээтэй. Ю.Цэдэнбалыг хууль ёсоор цагаатгаагүй, амалсан төлөвлөснөө хэрэгжүүлдэггүй, дутуу дулимаг шийддэг байдал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэв.                              

20. Зорьсондоо хүрэх хатуу чиг зорилго, эрмэлзэлтэй, хамгийн гол нь сонгуулийн үед эв нэгдэл, зохион байгуулалттай байж, бас сонгуулийн үр дүнд нөлөөлөх одоо цагийн бүхий л арга хэрэгслийг чадамгай ашигласан Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд итгэлтэй ялалт байгуулав. Монголын төрийн удирдлагад ажлын туршлага, буйр суурь, эв тогтоох эрхэм чадвар; нийгэмд улигшран идээшсэн идээ бээрийг үндсээр нь арилгахыг зорьсон эрчим тэмүүлэл; ард түмнийхээ бодол санааг хэрэгжүүлэхийг эрхэм болгосон ухаалаг бодлого хүчээ авч , хоршин нийлж нийгэм одоо л нэг аятайхан болох нь гэсэн итгэл найдвар бий болов. 

Нийгэм улс төрийн мэдрэмж нь сэргэсэн манай жирийн ард түмэн эх орон, иргэдийнхээ төлөө бүх амьдралаа зориулсан Ю.Цэдэнбалын гэр бүлийнхний үйлсийг хүндэтгэж, Найрамдал олон улсын хүүхдийн зусланг А.И.Цэдэнбал-Филатовагийн нэрэмжит болгов. “Би ийм зүйл хийчихлээ” гэж зарим хүн цээжээ дэлдэн гүйж байгаа ч гэсэн үнэн хэрэг дээрээ Зуслангийн үе үеийн олон зуун ажилчид үүсгэн байгуулагчаараа байгууллагаа овоглох саналд гарын үсгээ зурж тэмцэцгээжээ. Засгийн газрын Залуучуудын хөгжлийн газар,  Нийслэлийн удирдагчид  энэ гайхамшигт орос эхийг монгол үр хүүхдүүдийн нь сэтгэлээр дэмжиж энэ буянтай шийдвэрийг гаргасан ажгуу.

Өнгөрсөн түүхээ, ахмадын ариун үйлсийг  хүндэтгэх  сэтгэлгээ ухамсар манай нийгэмд хүчтэй сэргэж байгаа нь өнөө цагийн гол шинж мөн. Үүнийг  “хуучныг сэргээх үзэл” мэтээр унтрааж уг нь болохгүй гэж бодогддог. Өнөөдөр эх орон, ард түмнийхээ төлөө  шударгаар тэмцэж байгаа зүтгэлтнүүдээ маргаашийн хойч үеийнхэн  сайн үйлсийг нь хүндэтгэн дууриалал авдаг үлгэр дууриаллыг  өнөөгийн манай зүтгэлтнүүд үзүүлбэл их зүгээр  гэж бодогдох юм. Манай түүх энэ зүг рүү явж байна. Манай төрийн залуу зүтгэлтнүүд 1945 оны Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсны ойгоор энэ ариун үйлсийг зохион байгуулсан Монгол төрийн агуу зүтгэлтнүүд: Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал нарын үр ач, дүү нарт  байр өгсөн нь шудрага буянтай үйлс болов. Ийм сайхан санааг хэн гаргаж, хэн дэмжив гэдгийг хүмүүс өргөнөөр хэлэлцэж буй нь ч аргагүй билээ.

Их удирдагчийн 102 жилийн ойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөшөөнд нь хүндэтгэлтэйгээр цэцэг өргөж, энэхүү ёслолд улс төрийн өөр намын удирдагчид, Ардчилсан намын нэртэй зүтгэлтэн, бизнесмен , нийгэм, улс төрийн эрс, содон хөдөлгөөний лидерүүд хүртэл оролцож байгаа нь монголчууд тойрон нэгдэх өөр нэгэн чухал цэгээ олж байна уу даа гэх бодол төрүүлж байлаа.

Монгол төрийн түүхэн зүтгэлтэн, эх орон, ард түмнийхээ төлөө чадах бүхнээ хийсэн их хүн Ю.Цэдэнбалыг ясыг нь өндөлзүүлэхгүйгээр цагаатгах, амьдарч байсан байранд нь гэр музейг нь байгуулж, тэр хүний сүүлчийн өвийг нь ирээдүй хойч үедээ үлдээх үйлсэд хэн ухаан сэтгэлээ зориулах бол? гэсэн хүлээлт цаашид ч хүчээ авах боллоо. “Давааны цаана даваа” гэдэгчилэн дараагийн сонгуульд энэ асуудал бас л нөлөөлнө гэдэг нь бараг л ойлгомжтой. Монголын ард түмний сэтгэл зүрхнээс яаж ч хичээгээд салгахын аргагүй, хойчийн үйлсэд ч нөлөөлдөг нэгэн хүчирхэг фактор байдаг юм байна гэсэн ойлголт миний бичсэнээс төрөх бизээ. Монголын нэртэй соён гэгээрүүлэгч, зөөлөн дөлгөөн улс төрч, гүн ухааны доктор Б.Даш-Ёндон: “Ю.Цэдэнбалын үйлс бол Монголын ард түмний сэтгэл зүрхэнд одоо ч гэсэн асч байгаа гал мөн” гэсэн нь бодит үнэнийг гайхамшигтай онож хэлсэн үг гэж надад үргэлж санагддаг юм. 

Дөрвөд, баяд гэж нэгнийгээ гадуурхах үндэс үгүй юм. Алтан ургийн дээд өвөг Бодончорын үеэл ахан дүүс, Халхын голын наахнуур нутаглаж байсан дөрвөн нар чинь л дөрвөдүүд билээ. Бодончир богдын эцэг нь Малига хэмээх  баяд эр байсан аж. Ястнаар биш үндэстнээр ялгах нь ч утга үгүй юм. Чингис, Хувилайн эмхлэн байгуулсан Хятад гүрэн ч , Бат хаан, түүний удмынханы байгуулсан Орос агуу гүрэн ч бидний түүхийн нэг хэсэг, мах цусны барилдлага бүхий гэдгийг үгүйсгэх арга бий боловуу? Төвд лам 1911 онд тусгаар тогтнолыг монголчуудад бэлэглэж, хятад удамтай Цэрэндорж 1924 онд БНМАУ-ыг удирдаж, орос хүний хүү Зориг жинхэнэ ардчилал, хүний эрхийг бидэнд өгсөн нь үнэн билээ. Хувь заяаны эрхээр орос эхнэртэй байсныг нь өршөөж болох. Европын хоёр цагаачийн хүү Агуу Америкийг жолоодож, серби цагаач эхнэртэй болоод л байдаг. Бид яагаад болохгүй гэж.

Монголчууд бид аливаа асуудалд юуны өмнө хүнлэг чанарын үүднээс хандаж, эх орон, ард түмнийхээ төлөө амь амьдралаа зориулж, өч төчнөөн гавьяа байгуулсан хүмүүсийнхээ зүтгэл бүтээл, ач гавьяаг санаж, үнэлэх нь хүн чигээрээ байхын гол шинж юм. Аливаад шудрага ёсны үүднээс хандаж, сайн муу, үнэн худал, хар цагааныг ялган дэнслэх чадвараа гээхгүй байх нь аливаа үндэстэн оршин тогтнох, мандан бадрахын амин сүнс нь билээ.

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.