Барилгын материал үйлдвэрлэгчид импортын цементийн аюул холдсон гэж итгэж байлаа. Хэдхэн жилийн зайтай жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурван ч том үйлдвэр нээлтээ хийж, тууз хайчилсан шүү дээ. Тодруулбал, Дорноговьд хоёр, Төв аймгийн Сэргэлэн суманд цементийн үйлдвэр шинээр ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрлөө. Төр, засгийн зүгээс хуулийн орчныг сайжруулж, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр үйлдвэрлэгчдийг боломжийн хэрээр дэмжсэн гэдгийг тодотгох ёстой.
Энэ хооронд хилээр чанаргүй цемент зөөдөг замбараагүй урсгал татарч, монголчууд ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зөв хандлагатай болсон, цементийн хэрэгцээгээ дотооддоо бүрэн дүүрэн хангах чадалтай болсон гээд эерэг үр дүнгүүдийг тоочвол чамлахааргүй олон. Улаанбаатар болон говийн бүсийн зах зээл дэх цементийн хэрэгцээ эрэлтээсээ давсан нийлүүлэлттэй болжээ. Гэсэн хэдий ч нэн яаралтай засаж залруулах алхмууд байна.
Монгол өргөн уудам газар нутагтай улс. Тиймдээ ч УИХ-аас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Төрөөс үйлдвэржилтийн талаар баримтлах бодлого зэргийг батлан гаргасан байдаг. Хууль эрх зүйн орчин талаас нь харвал үндэсний үйлдвэрлэл, дотоодын зах зээл хангалттай хамгаалалттай мэт.
Харамсалтай нь тэрхүү хууль дүрмийг амьдралын хөрсөнд буулгах тал дээр илүү хүч хаях цаг болсон мэт. Үйлдвэр шинээр барьж байгуулахдаа ганц Улаанбаатарыг шүтсэн, говийн бүсэд уул уурхайн олборлолтыг дагасан зах зээлийг дулдуйдсан байдлаар өнгөц бодож, нүүдэл хийсээр байгаа нь хөгжлийн тэгш бус байдлыг улам дэвэргэж, үйлдвэрлэгчид зах зээлээ булаацалдахад хамаг хүч тамираа барах, монголчуудын амьдрал хаана, аль бүс нутагт амьдарч байгаагаас шалтгаалан тэнгэр газар шиг зөрүүтэй байх байдал руу түлхэх боллоо. Энэ бүхэнд төрийн бодлогын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болжээ.
Улсын нийслэл Улаанбаатараас 1,000-аас дээш км-ээр алслагдсан аймгуудад хүн амьдрахад үнэндээ л хүнд болсон. Худалдан авч буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд “тээврийн зардал” гэх татвар байнга суутгагдаж, байр орон сууц, өргөн хэрэглээний бараа гэх мэтэд төвийн бүсэд амьдарч байгаа хүмүүсээс даруй хоёр дахин өндөр үнэ төлж байна. Ялангуяа барилгын хамгийн чухал бүтээгдэхүүн болох цементийн нэг ч үйлдвэр 1,000-аас дээш км-ээр алслагдсан баруун таван аймагт байдаггүй учраас бүгдийг хүрээнээс зөөнө, нэмэлт өртөг шингэнэ. Учир шалтгаан нь тун энгийн.
Хүний хэрэгцээг хангах үйлдвэрүүдийг өнөөх л Улаанбаатарыг тойруулан барьдгаас алслагдсан бүс нутагт амьдарч буй хүмүүс ихэнх хэрэглээгээ нийслэлээс татах, тээвэрлэх шаардлага гардаг. Төр, засгаас үйлдвэржилтийн бодлогын хүрээнд тодорхой шийдвэрүүд гаргаж, бодит алхмуудыг хийсээр ирсэн. Харин одоо бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдуулахыг амьдрал шаардах боллоо.
Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолд цементийн үйлдвэрийг хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тээвэрлэлтийн нөхцөлтэй уялдуулж төв, баруун, говийн, зүүн хэсэгт бүсчлэн байгуулахаар заажээ. Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолоор баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт баруун таван аймгийн хэрэгцээг 100 хувь хангах цементийн үйлдвэрийн төслийг дэмжсэн байдаг.
УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж баруун бүс нутагт цементийн үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тов тодорхой тусгасан байх ажээ. Одоо энэ цаасан дээрх бодлогын үйлдвэрлэлийг газар дээр бодит бүтээн байгуулалт болгохгүй бол хүмүүсийн амьдрал, худалдан авах чадвар эрс муудаж, цаашлаад баруун бүс нутаг эзгүйрэх сөрөг үр дагавар ч гарах эрсдэлтэй.
Ойрын жилүүдэд баруун бүс нутагт олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Ганц жишээ дурдахад, энэ бүс нутгийг эрчим хүчний хараат байдлаас бүрэн ангижруулаад зогсохгүй нийслэл Улаанбаатарт эрчим хүч нийлүүлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг нэрлэж болно. Баруун таван аймгийг эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчийг орлох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтад барилгын хамгийн чухал бүтээгдэхүүн болох цемент онцгой үүрэгтэй. Учир нь Ховд гол дээр барьж байгуулах усан сан, далангийн ажилд цемент асар их орно.
Усны далан барина гэдэг бол товчхондоо бетон зуурмаг хэрэглэнэ гэсэн үг. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу баруун таван аймгийн цементийн хэрэгцээг хангах үйлдвэрээ нэн яаралтай барьж ашиглалтад оруулахгүй бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг олон бэрхшээл отох болно.
2020 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж эхлэхэд Ховдод барихаар төлөвлөсөн цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан байхгүй бол шаардлагатай цементийг хилийн цаанаас зөөх болно. Улаанбаатараас татъя гэхээр үнэ нь зах зээлийнхээс хоёр дахин өндөр, 1,500 км-ийн цаанаас тээвэр хийхэд асар их цаг хугацаа, хөрөнгө шаардагдана.
Бага зардал гаргая гэвэл хилийн цаанаас материалаа татаж, үндэсний үйлдвэрлэлийг мөхөөх аюултай импортын цементийн их урсгал дахин сэргэнэ. Харин нэгэн хүчээр зүтгэж, нийтээрээ дэмжиж байгаад Ховдод барих 300 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэрээ бариад өрхийг нь татчихвал бүтээн байгуулалт саадгүй өрнөж, үндэсний үйлдвэрлэл сэргэж, ажлын байр зуу зуугаараа нэмэгдэж, улс, орон нутагт төлөх татварын хэмжээ өсөж, яваандаа орон сууцны үнэ буурах зэрэг эерэг үр дүнгүүд гарна.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ, үйлдвэрээ бариад авбал үр ашгийг нь олуулаа хүртэнэ, үгүй бол импортын цементийн түрэмгийллийн өмнө дахиад л толгой гудайн өвдөг сөгдөнө.
М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
Сэтгэгдэл