“Frontier Capital Group” Монголд мөрийтэй тоглоомын бизнес эрхлэх эрхээ алджээ


 “Frontier Capital Group” Монголд мөрийтэй тоглоомын бизнес эрхлэх эрхээ алджээ

СИДНЕЙ. /Calvinayre/. Австралийн "Frontier Capital Group” Монголд казино байгуулах, сугалааны бизнесээ алдсан байна.

Монголын үндэсний хонжворт сугалааг удирдан явуулах хэлэлцээрийг  хүчингүй болгосон гэж Австралийн Хөрөнгийн биржид данстай "Frontier” компани мягмар гарагт мэдэгджээ.

Хэлэлцээрт заасан хугацаанд хэд хэдэн нөхцөл хангалтгүй байгааг борлуулагч тал болох "Monvest Group” "Frontier” компанид мэдээлжээ. Монгол Улс зөвшөөрсөн тохиолдолд "Frontier” компани тус улсад казино байгуулах эрхийг уг хэлэлцээрээр авсан байжээ.

Монголын үндэсний хонжворт сугалааг удирдан явуулах тусгай зөвшөөрөлтэй "Monvest Group”-ийн охин компани болох "BizNVIN” ХХК болон "Modern Capital Vest” ХХК-ийг "Frontier” худалдан авахаар хэлэлцэж байжээ.

Тус компани Монголын үндэсний хонжворт сугалааг явуулах эрхийг авах санал дэвшүүлсэн тухайгаа 2015 оны дөрөвдүгээр мэдэгдсэн бөгөөд энэ нь 2016 оны гуравдугаар сард бэлэн болох байжээ. Үүгээр ч зогсохгүй тус компани, дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээний /WSOP/ ялагч Жонни Чанийг уг ажлын удирдагчаар томилж, Монголд мөрийтэй тоглоомын бизнес эрхлэх боломжийг судлах үүрэг өгсөн байжээ.

Мөн казиногийн тухай хуулийн төслийг 2015 оны эхээр УИХ-д өргөсөн барьсан боловч өдийг хүртэл хэлэлцүүлгийн шатанд явж байгаа ажээ.

Одоогийн байдлаар, мөрийтэй тоглоомын чиглэлээр хөрөнгө оруулах асуудлаа манай захирлуудын зөвлөл эргэн авч үзэж байна гэж "Frontier” мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ”  агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.