Дүн өвлийн утаа савсуулсан улс төрийн хэрүүлд олон нийт ихэд анхаарч байна. Энэ далимд дуулиан шуугиан тарьсан олон хэрэг замхарч магадгүй нөхцөл үүсчээ.
Хамгийн түрүүнд хоёр асуудлыг нэрлэж байна. Эхнийх нь “Магнай трэйд”-ийн Р.Ганзориг, дараагийнх нь “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирын холбогдсон хэргүүд юм байна.
“Mагнай Трейд” компанийн захирал Р.Ганзоригийг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулаад хоёр хоногийн дараа сулласан. Энэ талаар аравдугаар сарын 10-нд ЦЕГ-аас мэдээлэл хийж “…“Жаст” групп, “Жаст ойл” ХХК-тай холбоотой хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөх шалгах ажиллагааг явуулж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Д, Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 173.3.3.2, 18.6.3-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна. Тус хэрэгт яллагдагчаар татагдсан Д, Г нарыг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр хойшлуулашгүйгээр түр саатуулах арга хэмжээг авсан. Р.Ганзориг нарын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тэднийг өчигдөр сулласан. Цагдаагийн байгууллагаас Д, Г нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас дээрх этгээд нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Яллагдагч нарыг цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ. Дээр дурдсанчлан мөнгө угаах, залилан мэхлэх зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан” хэмээн мэдээлж байв. Мөн “Энэ асуудал шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн.
Ер нь бол “Магнай трейд”,”Жаст” компани хоёрын дунд шатахуун түгээх станц худалдсан, худалдан авсан асуудал байдаг юм байна.
Р.Ганзоригийн хувьд 2013 оны долдугаар сард дампуурлаа зарласан “Жаст” компанийн “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ бэлэглэсэн хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байв.
Харин “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг 2018 оны аравдугаар сарын 14-нд АТГ-аас саатуулсан. Энэ талаар хэвлэлүүд “…Д.Бямба-Очир захирлыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь барьж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Ингэхдээ хахууль өгсөн хүнийг нь ч мөн саатуулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Д.Бямба-Очирыг хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад үйлдэл дээр нь баривчилсан байна” гэж мэдээлсэн юм.
Гэвч тухайн үед Д.Бямба-Очирыг 500 сая төгрөг бэлнээр авч байгаад баригдсан гэдэг худлаа хэмээн түүний өмгөөлөгч мэдээлж байв.
Ер нь Д.Бямба-Очиртой холбоотой шинэ, хуучин элдвийн мэдээллүүд олон бий. Хэвлэлүүдийн шарласан хуудаснаа түүний нэрийг холбогдуулсан олон зүйлийг бичсэн байдаг.
Тухайлбал, 2012 онд “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир нэг Гкал/цагаас дээш дулааныг эрх мэдлээ ашиглан компаниудад олгохын тулд дөрвөн компанид өгсөн мэтээр хуурамч баримт үйлддэг байна. Дулааныг олгохдоо техникийн нөхцөл гаргадаг. Үүн дээрээ дулааны хэмжүүрийг багасгаж харагдуулахын тулд нэг Гкал/цагаас хүргэхгүйгээр мВт 0.98,090 гэх мэтээр дөрвөн компанид хувааж олгосон баримт үйлджээ.
Үнэн чанартаа энэ баримт нь дөрвөн компанид бус зөвхөн “light residenes” хотхоны барилгын ажилд гаргасан техникийн нөхцөл юм. “light residenes” хотхон нь Хан-Уул дүүрэг дэх “Бурхан багшийн цогцолбор”-ын урд талд байрладаг. “Light residenes” хотхонд олгох баримтыг хууль бусаар хийхдээ “Жинхэнэ Уянга”, “Классико Авто трейд” зэрэг компанийн нэрийг ашигласан аж.
Энэ талаар компаниуд хэд хэдэн удаа хууль хяналтынханд хандсан ч хэрэгсэхгүй болдог юмуу, хав дарагдаад өнгөрдөг гэнэ.
Мөн “Нонсан”,” Хүрд” “Одкон”, “Сан”,”ХНТ”, “Түмэннаст”, “Санвит”, “Боорчи” гэдэг компаниуд л тендерт ордог, авдаг байна. Үнэн хэрэг дээрээ Д. Бямба-Очир дээрх компаниудыг тендерт шалгаруулахдаа ганцхан шаардлага тавьдаг нь өөрийн хувийн компаниудтай түншлэлийн гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр ажиллах санал аж. Түүний эхнэрийн нэр дээр “Нишин-Од”, “Нишин-Элч” гэдэг хоёр компани байдаг аж. “Нишин-Элч” компанийнх нь хөрөнгийн хэмжээ 100 сая гаруй төгрөг бөгөөд эхнэр нь Б.Батсайхан гэдэг хүнтэй хамтран эзэмшдэг гэнэ. Энэ компани нь 2007 онд байгуулагджээ. “Ниншин-Од” компани нь харин 20 сая төгрөгийн, хөрөнгөтэй. Д.Бямба-Очирын эхнэрийнх нь дүүг А.Эрдэнэбаатар гэдэг. Түүний нэр дээр “Хиндро-Икс монгол” нэртэй компани бий. Энэ компани 2003 онд байгуулагджээ. Д.Бямба-Очирын хүүгийн нэр дээр 1996 онд байгуулагдсан “ХЭБА трейд” компани байдаг” гэж бичсэн байдаг.
Түүнчлэн Д.Бямба-Очир нь “Пума Империал” компанид Азийн хөгжлийн банкны урт хугацаатай зээлийн санхүүжилтээр “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж, төрийн өмчийн бус хуулийн этгээдйн барилга байгууламжид суурилуулсан 62 912 297 төгрөгийн дулаан хангамжийн тоног төхөөрөмжүүдийг шилжүүлсэн.
Ингэхдээ “…Засгийн газрын тогтоол, ТӨХ-ны тогтоолыг тус тус үндэслэсэн” гэдэг үгээр халхавчлан, худлаа бичээд төрийн өмчийг “Пума Империал” компани руу “гулгуулсан” болохыг нь шүүх тогтоочихсон байдаг юм.
Энэ мэтээр олны анхаарлыг татсан “Mагнай Трейд” компанийн захирал Р.Ганзориг, “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир нарын хэрэг “утаатай улс төр”-ийн дуулианд замхраад үлдэх магадлалтай болсныг эх сурвалжууд хэлж байна.
Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
Сэтгэгдэл