ӨНГӨ ҮЗЭМЖ, ҮНИЙН СОНГОЛТГҮЙ МОНГОЛ БЭЛЭГ ИРГЭДИЙН СОНГОЛТ БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА


ӨНГӨ ҮЗЭМЖ, ҮНИЙН СОНГОЛТГҮЙ МОНГОЛ БЭЛЭГ ИРГЭДИЙН СОНГОЛТ БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

 

Цагаан сар гэхээр хамгийн түрүүнд хүний гар цайлгах зүйлээ хэрхэн бэлдэх вэ, хаанаас авах, үнэ ханш ямар байгаа бол гэх олон асуулт гарч ирдэг. 

Айл өрхүүд бууз банш, идээ шүүс бэлдэхээс гадна ирсэн зочдод барих гарын бэлэг сэлт сонгох том ажил бий. Эзэгтэй нар аль хэдийн бэлэгний эрэлд гарчээ. Сүүлийн хэдэн жил монголчууд бэлэгний тухай цэц булаалдах болсон. Улстөрчид хүртэл энэ талаар мэтгэлцэж суудаг болоод багагүй хугацааг өнгөрүүллээ.

Нэг хэсэг нь хүүхдүүдийн гарыг цайлгах хэрэгтэй гэх. Нөгөө талд бэлэг огт хэрэггүй гэж ярих цөөн тооны хүн байна. Тэгвэл бэлэг зайлшгүй хэ¬рэгтэй байж таарна. Гэхдээ хэнд юу өгөх вэ гэдэг сонголтоо зөв хийх хэрэгтэй гэж ярив. Харин “Нарантуул” болон “Хархорин” зах дээр  цагаан сарын бэлэг сэлт сар гаруйн өмнө  худалдаанд гардаг. Зургийн альбом, шампунь, алчуур, чихэр шоколад, гоо сайхны бүтээгдэхүүн тэргүүтэй олон төрлийн бүтээгдэхүүн “Нарантуул”-ын хаа сайгүй “хөглөрч” байна.

Гэтэл фэйсбүүк, твиттер хуудсаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, монгол бэлгээ ахан дүүстээ өгөхийг уриалж байна. “Бүгдээрээ одооноос хэв маягаа эвдэж, монгол бэлэг нэгэндээ өгвөл юутай сайхан бэ”. Ийм мессежийг олон нийтэд тарааж байна. Үнэн хэрэгтээ монгол барааны үнэ импортынхоос өндөр үнэтэй байдгийг бүгд мэддэг. Монгол брэндээ бэлэглэх нь сайхан сонсогдох боловч үнийг нь бодохоор олон хүн үүнээс татгалзах байх. Арай хямд үнэтэй нь сувинер. Тэгвэл том, жижиг гэлтгүй хүн бүр сувинер бэлэглээд байх уу. Энэ бүхнийг бодолцох л хэрэгтэй.

Түүнчлэн зарим Монгол барааны хувьд чанарын шаардлага хангадаггүй, өнгө үзэмжний өргөн сонголтгүй зэрэг олон дутагдал байдаг. Харин ноос ноолуур  гэх мэт жинхэнэ Монгол брендээ бэлэглэх гэвэл бэл бэнчин нь хаанаа ч хүрдэггүй нь нууц биш. Ганцхан ширхэг ороолт авахад л хамгийн доод тал нь 30 мянгаас дээш үнэтэй байдаг. Тэгвэл жирийн дундаж иргэд энэ хавьцаа үнэтэй бэлгийг хүн бүрт өгөөд байж чадах уу. 

Ноос, ноолуураа байг гэхэд  Монгол гоо сайханы бүтээгдэхүүнүүд ч мөн ялгаагүй сав баглаа боодолтойгоо 5000 төгрөгөөс дээш, харин хэтэвч, бээлий зэргийн хувьд хамгийн багадаа л 8000-10000 төгрөгийн ханштай байгаа нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж байна. 

Нэг үеэ бодвол иргэдийн ухамсар сэргэж аль болох Монгол бараа бүтээгдэхүүнээ бэлгэнд өгөх сонирхолтой болсон. Баяр дөхсөн эдгээр өдрүүдэд нийслэлийн тав, зургаан байршилд сар шинийн үзэсгэлэн худалдаа гарч, энд бэлэгний худалдаа ч явагдаж байна. Гэтэл иргэдийн сонголт ааруул, цагаан идээнд л төвлөрч байна. Харин Монгол бэлэгнүүд өнгө үзэмжний сонголтгүй хэрнээ үнэ өндөр байна хэмээн иргэд татгалзаж байна. 

Х.Хулан
olloo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.