"76:?”
булан энэ удаа парламентын цөөнх буюу МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс
намын жагсаалтаар дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болсон
Ц.Оюунбаатарыг онцолж байна.
- АМЛАЛТ
Цэрэндашийн Оюунбаатар 2012 оны сонгуульд намын жагсаалтад эрэмбэлэгдэж, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийг төлөөлөн УИХ-д суух эрхтэй болсон. Тэрбээр өмнө нь 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Түүний хувьд улс төрд "шинэ хүн” биш гэж хэлж болно. Гэхдээ 2012 оны сонгуульд намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, нэр дэвшигчид нь ч хувийн мөрийн хөтөлбөр боловсруулалгүй, намынхаа мөрийн хөтөлбөрийг амлалт болгон барьж сонгуульд өрсөлдсөн.
Түүний хувьд намын жагсаалтад эрэмбэлэгдсэн болохоор амлалт өгөх тойрог байгаагүй. Тиймдээ ч намын мөрийн хөтөлбөрийг гол болгох нь мэдээж. МАХН хэдийгээр МҮАН-тай эвсч, сонгуульд орсон ч өөрийн намын мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Тус нам "Монголоо аврах таван хувьсгал” хэмээх сүржин нэртэй мөрийн хөтөлбөрийг 2012 онд ард түмэнд танилцуулж байв. Энэхүү мөрийн хөтөлбөр нь таван зорилттой. Тодруулбал, улс төрийн хувьсгал хэмээх эхний зорилтоороо олигархи дэглэмийн дарангуйллаас салгаж, улс төрийн хэлмэгдүүлэлийг таслан зогсооно, шударга ёсны хувьсгал хэмээх хоёр дахь зорилтоороо ард түмний хяналтыг тогтооно, гурав дахь зорилт болох эдийн засгийн хувьсгал хэсэгт монголчууд эх орныхоо баялагтаа эзэн сууна, нийгмийн хувьсгал зорилтын хүрээнд өрх бүрийг ажилтай, орон байртай болгоно хэмээн амласан.
Хамгийн сүүлийн буюу тав дахь зорилт болох оюун санааны хувьсгалаар монгол хүнээ өргөн дээдлэж, соёл иргэншлээ хамгаална хэмээсэн. Ямартай ч одоогийн байдлаар олигархи дэглэмийн дарангуйллаас салж чадаагүй байна. Ард түмний хяналтын талаар яриад ч нэмэргүй. Монголчууд эх орныхоо баялагт эзэн суух нь бүү хэл газар нутаггүй болох аюул ч ойрхон байна гэхэд хилсдэхгүй. Өрх бүрийг ажилтай, орон байртай болгоно гэсэн амлалт ч ерөнхийдөө биелээгүй байна. Ийм мөрийн хөтөлбөрийг гол амлалтаа болгож сонгуульд оролцсон хэдий ч МАХН-ынхан амлалтаа биелүүлсэнгүй.
УИХ дахь цөөнхийн бүлэг болохоор хүчгүйддэг байж болох талтай ч намынхаа асуудалд илүү ихээр анхаараад амласан амлалтуудаа биелүүлэх боломжгүй ч болсон байх магадлалтай. Тиймээс л МАХН-ы сайхан мөрөөдлүүд нь цаасан дээр үлджээ. Мэдээж УИХ-д сууж буй төлөөлөл нь "Бид шаардсан” гэх биз. Тийм ээ, тэд шаардсан. Харамсалтай нь тэр нь биелсэнгүй. Тэгэхээр намынх нь нөхөд болоод бусад асуудлаас үүдэлтэйгээр Ц.Оюунбаатар гишүүний амлалт ерөнхийдөө биелээгүй хэмээн дүгнэж болох юм.
- АМЖИЛТ
Ц.Оюунбаатар 1984 онд Иванов хотын их сургууль, 1994 онд Москва хотын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эрх зүйн болон бизнесийн магистр, доктор цолтой. Тэрбээр 1977-1979 онд Дорноговь аймагт сум дундын прокурор, 1984-1986 онд Завхан аймгийн прокурорын орлогч, 1986-1990 онд Завхан аймгийн прокурор, 1990-1992 онд Улсын прокурорын ерөнхий хяналтын газрын дарга, 1992-2008 онд Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, 1999-2000 онд "Талх чихэр” ХК-ийн ерөнхий захирлын алба хашиж байсан мэргэшсэн хуульчдын нэг.
Тэрбээр 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын дарга, МАХН-ын /одоогийн МАН-ын/ Удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан арвин их туршлагатай. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон бөгөөд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгах болсонтой холбогдуулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хавсруулан гүйцэтгэх үүргийг түүнд өгсөн билээ. Тэрбээр эдүгээ Шадар сайдын албаныхаа хажуугаар ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэж байна.
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль боловсруулах ажлаа нэр төртэй хийж буй. Тэрбээр 10 гаруй хуулийн төслүүд болоод өөр чухал, чухал хуулийн төслүүдийн ажлын хэсэгт багтаж ажилласан. Бие дааж хуулийн төсөл боловсруулсан нь байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатандаа яваа. Тиймээс түүнийг УИХ-ын гишүүний үндсэн үүргээ сайн биелүүлжээ хэмээн дүгнэж болох юм. Албан тушаалын хувьд ч, ажил мэргэжлийнхээ хувьд ч нэлээд өсөлттэй яваа энэ хүн 2015 оноос эхлээд мөн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч хэмээх маш хариуцлагатай албанд сонгогдсон.
Монгол Улсын гурван сая ард түмэн бүгд хэрэглэгч, өлгийтэй хүүхдээс эхлээд өндөр настан ч үүнд хамаарна. Тийм ч учраас иргэн бүрийн Үндсэн хуульд заасан амьд явах, эрүүл байх эрхийг хэрэгжүүлэх, чанартай хүнс болон бараа бүтээгдэхүүн хэрэглэх эрхийг нь хангах үүднээс 2016 оныг "Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, "Нэгэн дээвэр дор” сэдэвт нээлтийн ёслолыг зохион байгуулсан. Түүнчлэн Хүний эрхийн чиглэлээр голлон ажиллаж, төрийн албанд зүтгэж ирсэн Ц.Оюунбаатар сүүлийн үед гарсан хэл амыг тооцвол муугаараа цоллуулаад байдаг хүн биш. Бизнес эрхэлдэггүй, морь уядаггүйгээ онцлох дуртай мань эрийг олон түмэн сүүлийн үед сайн мэдэх болсон." Монгол төрийн ямар ч ажлыг хариуцлагатай хийнэ. Монгол төрд чин сэтгэлээрээ зүтгэх нь миний үүрэг" гэж хэлж байсан түүний үгийг эдүгээгийн Шадар сайдын өнцгөөс нь харвал муу ажилласан гэж хэлэх тоймтой юм алга.
Ямартаа ч олныг битүүхэн айлгаад авсан энэ жилийн хатуу өвлийг айхавтар асуудалгүй өнгөрүүллээ. Энэ хаврыг ч гайгүй туулна гэж найдаж байна. Учир нь цаг ч наашилж байна, цахилдаг ч ургадгаараа ургана аа. Өвс тэжээлийг ч яахав аливаа Засгийн газраас хүргэсээр л ирсэн хатуу бэрх өвлүүдэд. Хамгийн гол нь хэрэгтэй газрыг нь урьдчилан тогтоолгож байдал хүндрэхээс нь өмнө амжиж хүргүүлнэ гэдэг чухал асуудал. Энэ бол Улсын Онцгой комиссын даргын хувьд хийх ёстой ганц ажил. Ажлаа ч хийж чадлаа. Гаалийн байгууллагыг авлигагүй болгосон гэдэг нь түүний бас нэг гавъяа. Энэ мэтчилэн хариуцсан ажлаа хэр чадалдаа тааруулан хангалттай л сайн гүйцэтгэж байна гэж хэлж болох биз ээ.
- АЛДАА
- ТЭНЭГЛЭЛ
- ТЭНЭГЛЭЛ
Энэ орчлон хорвоо дээр амьдарч буй долоон тэрбум хүн дотор өндөг шиг өөгүй хүн байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр ямар ч хүнд өөрөө ч мэдэлгүй гаргадаг алдаа дутагдал бий. Харин тэр алдаа нь хэр ноцтой болохоос шалтгаалж, хор хохирлын хэмжээг нь тодорхойлох учиртай. Өрөөлд гэмгүй ч өөрт нь алдаа хэмээн тооцогдох нь ч бий. Тиймээс Ц.Оюунбаатар гишүүнд ч мөн алдаа дутагдал байх нь дамжиггүй. "Тэрбээр 2000-2004 онд МАН-ыг төлөөлөн УИХ-д сууж байсан.
Тухайн үедээ Ерөнхий сайд асан С.Батболдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2011 оны хавар МАХН-д элссэн. МАН-д байхдаа Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүстэй хамтран намаа шинэчлэх жигүүр хүртэл байгуулж байсан” хэмээн хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ. Гэхдээ тэрбээр "Би хэзээ ч МАН-ын гишүүн байгаагүй. МАХН-д 1985 онд элссэн, өөр аль нэгэн намд элсээгүй. Би нам дамждаггүй, намын батлах цуглуулдаггүй гэдгээ байнга хэлдэг” хэмээн ярьсан байдаг. Тэгэхээр түүнийг нам дамжаагүй анхнаасаа л намдаа үнэнч байсан нэгэн гэж хэлж болно. Үүнийг нь батлах мэт намын даргынх нь нэр түүнээс салдаггүй гэхэд болно.
Мөн саяхан авлигын хэргээр шалгагдаж буй Г.Шийлэгдамба түүнийг өөрийнх нь эсрэг ажилласан хэмээн олон нийтэд мэдээлсэн нь түүний нэрийг сэвтүүлсэн. Гэхдээ Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийнх нь нэр төрд бүдүүлгээр халдсан ор үндэсгүй гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, сонгуулийн захиалгатай, бохир улс төр явуулсан хэмээн мэдэгдсэн билээ. Уг мэдэгдэлд "Г.Шийлэгдамба нь "Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр "Гэрт нэгжлэг хийж байх үед хоёр өмгөөлөгч ирж тэр бичгийг танилцуулан гарын үсэг зуруулсан” гэдгийг ойлгомжтой хэлсэн.
Мөн гаалийн Х.Баатарын захидлыг Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан гэгч "Өдрийн сонин”-д аваачиж өгсөн гэдгээ тухайн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч хангалттай зарласан байтал энэ бүхнийг Шадар сайд Ц.Оюунбаатар хийсэн мэтээр гүтгэсэн мэдээллүүд цацагдаж, энэ нь даамжирсаар хувь улстөрчийн нэр төрд бүдүүлгээр халдаж байгаа захиалгат явуулга хэлбэрээр үргэлжилж байгаад харамсалтай байна.
Иймд Шадар сайд Ц.Оюунбаатарын талаар ор үндэсгүй худал мэдээллийг түгээж, түүний нэр төрд халдаж байгаа аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа гүтгэлэг, доромжлолын шинж чанартай мэдээллээ устгахыг шаардахад "500.000 төгрөг төлбөл устгана” хэмээж буй нэр бүхий зарим вэб сайтуудыг энэхүү бусармаг үйлдэлдээ Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараас нэн даруй уучлал гуйхыг шаардаж байна. Бид шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандах болно” хэмээсэн байсан.
Тэгэхээр түүнийг дээрх хэрэгт холбоогүй байжээ гэж дүгнэхэд болох биз. Бас болоогүй МИАТ-ийн онгоцыг гучаад минут саатуулсан хэмээн шуугисан. Угтаа бол 2013 онд батлагдсан "МИАТ ХК-ийн нислэгээр зорчих журам”-д тухайн нислэгийн бизнес ангиллын суудал чөлөөтэй байгаа нөхцөлд МИАТ ХК нь "төрийн өндөр албан тушаалтныг энгийн ангиллаас нэмэлт төлбөргүйгээр дэвшүүлэн суулгах тухай” заасан байдаг аж. Гэтэл үнэндээ томилолтоор Берлинийг зорьсон гишүүд бизнес ангиллын суудал хоосон байгаа тул тэнд суугаад явчих хүсэлтээ л гаргах гэж байсныг эндүү ташаа ойлгосноо салбарын сайд нь мэдэгдэж, Шадар сайдаас уучлалт гуйсан. Ерөнхийдөө Ц.Оюунбаатар гэдэг хүн зарим үед хүний өмнөөс асуудалд орчих гээд байдаг болохоос биш өөрөө гүйж яваад унах хүн биш ээ гэдэг нь эндээс харагдаж байгаа биз ээ.
- ИРЭЭДҮЙ
Эхний удаад намын жагсаалтаар орж ирсэн бол дараагийн удаад жагсаалтад орно гэсэн ойлголт байхгүй гэсэн хууль үйлчилж эхэлсэн. УИХ өнгөрсөн намар Сонгуулийн хуулиа шинэчлэн баталсан болохоор Ц.Оюунбаатар гишүүнд дахин намын жагсаалт руу орох боломж байхгүй. Тэгэхээр мэдээж тэр нутаг руугаа хүлгийн жолоо залах биз ээ. Тэрбээр Өмнөговь аймгийн Манлай суманд 1956 онд төрсөн нэгэн. Тиймээс ч нутгаа зорих нь дамжиггүй.
Аливаад няхуур, хууль эрхзүйн талаас нь ханддаг болохоор түүнийг нутгийнхан нь дэмждэг юм билээ. Ерөнхийдөө сонгуулийн юм уу, намын эргэн тойрон дахь аливаа асуудлыг хуулийн талаас нь энэ эрхэм л зохицуулж ирсэн байдаг болохоор өнөөдрийн УИХ-д хууль эрхзүйгээр "дуугардаг” гол гишүүдийн нэг хэмээн үзэх хүмүүс ч байдаг. Үүнээс гадна тэрбээр олон нийтийн ажилд ихээхэн оролцдог. "Говийн Хөгжлийг Дэмжих” ТББ-ын Нэгдсэн холбооны тэргүүн учраас нутагтаа ихээхэн ажил өрнүүлээд амждаг гэсэн шүү.
Мөн тэмээн полог хөгжүүлэх ажлыг нуруун дээрээ авч, өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байгаа. Төрсөн нутаг Өмнөговьтоо хийж байгаа түүний томоохон ажлуудын нэг нь энэ. Хоёр бөхт тэмээний тоо толгойгоороо дэлхийд тэргүүлдэг улс учраас Монгол говийн заан болсон энэ сайхан амьтныг хамгаалж, өсгөх, тэмээний тухай хуультай болох, аялал жуулчлалын монгол брэндийг бий болгох зорилгыг өвөрлөн яваа нь өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Түүгээр ч барахгүй ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд "Тэмээний баяр” Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд "Тэмээний баяр”-ыг "Монгол Тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлэхээр болж буй.
Энэ мэтчилэн тоочоод байвал түүнд хийсэн ажил, хэлэх үг их байна аа. Ирэх сонгуулиар чуулганы хуралдаанд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлчихдэг, хашиж буй албан тушаалдаа тохирсон Ц.Оюунбаатар мэтийн хүмүүсийг гаргаж ирэх нь иргэн бидний үүрэг. Тиймээс ирэх сонгуулиар түүнийг нутагтаа яваад очвол говийнхон дэмжих биз ээ.
Э.МӨНХ
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл