Цэцэг дамжих эрвээхэй шиг балчир үр минь
Цэнгийн насаа үдээд эрийн дансанд дэвшив
Цэргийн зарлан аваад халуун цус нь огшиж
Цэх бургас шиг бие нь хатан зоригоор хөвчирөв
Эх сайхан нутгийнхаа торгон хилийн зааг дээр
Эрийн шийр зааж тохой өсөж бадрав
Ээжийн олон үрстэй мөр зэрэгцэн тулалдаж
Эргэж ирээгүй амиа энгэрийн тэмдгээр арилжив
Энэ бол самуун цаг
Энх амьдралын үнэ цэнэ ээ.
Аюулт дайны цаг ард үлдээд арилж
Ардчилал хэмээгч нийгэм алдаа оноотой айлчилж
Армийн жагсаалд зэрэгцсэн алаг үрсийн минь амь
Алтан мөрдөстэй тахарын атганд багтдаг болжээ
Зэрэгц гэсэн командтай цэрэг хүний шанаанд
Зэвхий дотортой ахлагчын ясан гар тасхийхэд
Зээглэж жагссан байлдагчын амьсгаа түгжих агшинг
Зэвэн хошуут шумуулын янгинах чимээ л эвддэгсэн
Олон аавын үрсийн цэрэг хүмүүжил олгох
Онгон танхил биеийн эрийн чадал суулгах
Оройгүй эрдэмд сурхын итгэл дүүрэн тэмүүллийг
Офицер нэртэй эрлэгүүд хугачин дарах юм гэжүү
Энх цагийн армид алба хаасан хүүгээ
Эрдэмд шамдан сураад тэвхийтэл ёслохыг хүлээсэнээс
Эрлэгийн хаалгаар дамнуулан хүйтэн цогцос болоод
Эмгэнэлийн цагаан хуудастай хүлээж авна гэж хэн санах
Энэ бол увайгүй нийгмийн тохуурхал
Эзэнгүй төрийн дампуурсан түшээдийн золиос
Сэтгэгдэл