Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас МУИС-ийн ХШУИС-ийн Компьютер график, мултьмедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран Монголын түүх, өв соёлыг таниулан сурталчлах, Монголын музейг Виртуал үзмэрээр баяжуулах ажлыг санаачлан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх төслийг 2018 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон Виртуал үзмэрийн нээлтийн арга хэмжээ 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдлаа.
Эхний ээлжинд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын хийцийн нийт 8 бүтээл байгуулсан ба тус бүрд нь орчин үүсгэж энэхүү тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар үзэж буй хүн тухайн орчинд нь орж бурхадыг болон эргэн тойрны байгаль орчин, юмс үзэгдлийг яг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдэрч, бурхадын тухай тайлбарыг сонсон, хөгжмийн аялгуунд виртуал орчинд аялах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд профессор А.Энхбаяр болон шавь нарынхаа хамт Богд Хааны ордон музей, Соёлын өвийн үндэсний төв, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран сүүлийн 2-3 жилийн хугацаанд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн хийц бүхий хосгүй үнэт өвүүдийг 3 хэмжээст лазер сканерийн тусламжтайгаар скарнердаж 0.5 мм-ийн нарийвчлалтай 3 хэмжээст моделиудыг байгуулсан. Цаашид эзэнт гүрний үеийн Хархорум хот, Сарьдагиийн хийд, Төвхөн хийд, Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, соёлын бахархалт өвийг дижитал орчинд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Тус виртуал үзмэрийн ач холбогдол:
- Монголын түүх, соёлын өвийг танин мэдүүлэх
- Орчин үеийн технологийн дэвшил, түүний тусламжтайгаар хийж болох зүйлсийг хүүхэд залуус болон үзэчдэд мэдүүлж байгаа явдал юм.
Энэхүү төслийн хүрээнд Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд Хааны ордон музей, Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музей гэсэн 5 музейд орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжийг байрлуулан, дижитал орон зай бий болгон виртуал үзмэрүүдийг олон нийтэд хүргэхэд бэлэн болгожээ.
Сэтгэгдэл