ЦЭРЭГ АЛБАНААСАА ОРГОВОЛ НЭГ ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ХОРИГДОНО


ЦЭРЭГ АЛБАНААСАА ОРГОВОЛ НЭГ ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ХОРИГДОНО

Увс аймгийн Баруунтуруу сумын 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг В нь энэ сарын 30-нд харуулд гарч байгаад оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн. В нь Завхан аймгийн Асгат сумаас цэрэгт татагдсан бөгөөд одоогоор ээж, аав нь тус цэргийн анги дээр очоод байгаа юм.

Эрлийн ажиллагааны талаар, түүнд дарамт үзүүлж байсан эсэхийг Хил хамгаалахын ерөнхий газраас тодруулахад “Цэргийн алба хаагч В-г хил хамгаалах газар болон цагдаагийн байгууллага, ОХУ-ын хилийн цэрэг хамтран хайж байгаа. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Цэрэгт дарам учруулж байсан эсэх, чухам яагаад алга болсныг тогтоохоор цагдаагийн байгууллага тус ангид ажиллаж байгаа” гэлээ.

Харин цагдаагийн байгууллагаас энэ талаар асуухад “Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Цэрэг хил давсан байх магадлалтай тул ОХУ-ын хилийн цэрэг эрэн хайж байна. Мөн харуулын байраа орхин явсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн байж болно. Хэрэв санаатайгаар албаа орхин явсан бол Эрүүгийн хуулиар асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.

Эрүүгийн хуулийн 28.5.1 зааснаар “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.