Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход дөрөв хоног үлдлээ. Сар шинийн өдрүүдэд орон нутгийг чиглэсэн урсгал ихэсдэг тул цаг агаар ямар байх тухай Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 3,4-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл