2050 он гэхэд хүн төрөлхтөн хоол хүнсний хурц хомсдолд орж болзошгүй


2050 он гэхэд хүн төрөлхтөн хоол хүнсний хурц хомсдолд орж болзошгүй

МОСКВА. /RIA Novosti/. Хэрэв дэлхийн хүн ам одоогийн хурдацтайгаар өсч, хүнсний үйлдвэрлэлийн арга болон хүмүүсийн хоол хүнсний сонголт өөрчлөгдөхгүй бол 2050 он гэхэд хүн төрөлхтөн хоол хүнсний хурц хомсдолд орж болзошгүй гэж Дэлхийн Онгон байгалийг хамгаалах сангийн /WWF/ тайлан мэдээнд дурджээ.

"Хөдөө аж ахуйн хэрэгцээнд ургамал ногоо ургах боломжтой газрын 50 хувийг өдгөө хэдийн ашиглаж байна. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчинд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг бөгөө ихэнх тохиолдолд хүрээлэн буй орчныг хувирган өөрчилдөг” гэж судалгааны "Metabolic” компаниас тус санд зориулан бэлтгэсэн "Дэлхийн хүнсний тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ” тайлан мэдээг гаргасан шинжээчид онцлон тэмдэглэсэн байна.

Уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэж байгаа нийт хүлэмжийн хийн 25-30 хувь нь хоол хүнс үйлдвэрлэхэд ялгардаг болохыг тайланд тэмдэглэжээ. Үүний сацуу хүн төрөлхтний хэрэглэж буй усны нөөцийн 69 хувийг чухам хөдөө аж ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа бол манай гарагийн бүх усны нөөцийн ердөө 3 хувийг цэнгэг ус эзэлдэг билээ.

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр /FAO/, өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний 31 хувийг зүгээр л хаяж байна. Хүн идэж болох хүнсний хаягдлын жил бүрийн хэмжээ 1.3 тэрбум тонноор хэмжигджээ. Тэгвэл дэлхий дээр хоол тэжээлийн дутагдалтай 795 сая хүн байгаа бөгөөд зүгээр л хаяж байгаа хоол хүнсний ердөө 25 хувь нь энэ бүх хүнийг тэжээхэд хүрэлцэнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.