МОНГОЛД ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЯМАР ХЭМЖЭЭНД ХҮРЭВ


МОНГОЛД ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЯМАР ХЭМЖЭЭНД ХҮРЭВ

 

үнсний бүтээгдэхүүнийхээ 40-50, жимсний 90 орчим хувийг урд хөршөөс импортолдог-
 
Монголчуудад эрүүл орчинд эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс хэрэглэж, цэвэр агаараар амьсгалах боломж алга. Хортой нөхцөлд хортой хоол хүнс хэрэглэж байгаа манайханд эрүүл байхын үндэс ч гэж байхгүйд үнэхээр харамсч байна.

Сая гэхэд хоол нэртэй хорноос болж 200 гаруй хүн хордож, эмнэлгийн ажилтнуудыг сандаргаж, нийгмийг айдаст автуулав. Бид ямар баталгаагүй хүнс хэрэглэж байгааг батлаад өгөв. Түргэн хоолны газруудад шалгалт оруулж, шаардлага хангаагүй газруудыг нь хаах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Аюултай баталгаагүй хоол хүнс гэдэг амь насанд ч хүрч мэднэ. Эндээс харахад хүнсний аюулгүй байдал манай улсад аль хэдийнэ алдагдсан байгаа юм.

Хүн амын хүнсний нийт хэрэглээний 50 хувийг импортоор оруулж ирдэг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг юм байна. Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50, жимс жимсгэнийн 90 орчим хувийг урд хөршөөс импортолж байгаа нь хүнс, тэжээлийн хувьд Хятадын хараат буюу эрсдэлтэйн цаадах эрсдэлтэй болсныг харуулж байгаа том үзүүлэлт юм.

Манай улс сүүлийн жилүүдэд хорт хавдраар дэлхийд дээгүүр явж, хүн амын дунд зүрх судасны болон хоол боловсруулах эрхтэн систем, хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан нь идэж ууж буй ус хүнс, амьсгалж байгаа агаартай шууд холбоотой.

Нөгөөтэйгүүр нь өдөр тутам хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон зүй зохисгүй, эрүүл бус хооллолттой холбоотой болохыг судлаачид тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон байдаг.

Одоо бүр уух уснаасаа хорддог болов. Тухайлбал, гүний худгийн уснаас өвчин үүсгэгч нян илэрсэн гэхээр хөрсний бохирдол ямар хэмжээндээ хүрснийг илтгэж байгаа шинж. Өвлийн улиралд агаарын бохирдолд, хаврын улиралд тоос тоосонцорын бохирдолд даруулж амьсгалж ч чадахгүй өвчний үүр болж байгаа энэ үед идэж, ууж байгаа хоол хүнснээсээ ч хордож байна. Эрүүл явах баталгаа алга. 

Манай улсын хувьд хүнсний хангамж муугүй үзүүлэлттэй боловч экспорт, импортын зохистой харьцаа алдагдаж, импортоос хараат орны тоонд багтдаг.

Гуравхан сая хүн амтай, түүнээс 30 гаруй дахин олон толгой малтай, нэг сая гаруй га тариалангийн эргэлтийн талбайтай орны хувьд хүнсний хэрэглээнийхээ талаас илүү хувийг импортоор авч байгаа нь эрсдэлт нөхцөл яахын аргагүй мөн юм.

Ер нь өдөр тутамдаа хэрэглэж байгаа цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн, махны хувьд ч асуудал үүсээд удаж буй. Малын шүлхий, мялзан зэрэг устаж үгүй болсон гэх өвчнүүд  сүүлийн дөрвөн жилд дахин сэдэрч, ямар гээч өвчин хуучтай малын мах зооглож байгаагаа ч мэдэхэд бэрх болсон.

Мөн малынхаа тарга тэвээргийг нь бодож химийн гаралтай тариа шахаж байна. Цагаан идээг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа нэртэй хадгалалтын хугацааг уртасгах амархан гашилж, ээдүүлэхгүй байх зорилгоор элдэв химийн бодис хольж хутгадаг. Эргээд тэр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, эрсдэл дагуулж байна.

Урд хөршөөс генийн өөрчлөлтэй тахианы махыг их хэмжээгээр оруулж ирж, түргэн хоолны газрууд KFC, Пизза хат зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд шахаж байна. Энэ нь хор буюу хорт хавдар үүсгэх нэг шалтгаан ч болж байгаа юм. Ус ундаа нь химийн будаг оруулагч, чихрийн агууламж өндөртэй гэх мэтчилэн эрүүл хүн алга. Хүнсний ногоонууд нь ч хятад бордоогоор бордсон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ингэж бодохоор  эрүүл, эко хүнс байхгүй гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Бидэнд эрүүл хүнс зооглох боломж ч үгүй болжээ. 
 
Хүнсний аюулгүй байдал хаана алдагдаж байна вэ
 
Иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө хоол хүнсээ сонгохдоо маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдал нь иргэдийн худалдан авалт, зохистой хэрэглээтэй шууд холбоотой гэсэн үг юм.

Хүнсний аюулгүй байдал хаана алдагдаж байна гэхлээр нэгдүгээрт хэрэглэгч нар хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож авч, зөв хадгалж чадахгүй байна.

Гэрийн нөхцөлд хадгалсан ч зөв температурт хадгалдаггүй. Хэрэглэгчийн хувьд хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг тааруу байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах, түгээх шатандаа хүнсний аюулгүй байдал алдагддаг. Үүнд худалдааны газрууд тухайн хүнсний бүтээгдэхүүний шошгонд байгаа нөхцөлийн дагуу хадгалдаггүй.

Мөн худалдааны төвүүд урт удаан хугацаанд буруу аргаар хадгалдаг. Хадгалах хугацааг хүчээр уртасгадаг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах улсын хэмжээнд ч ховор байдаг. Зориулалтын тээврийн хэрэгсэл бараг байдаггүй, ер нь бол хадгалах, тээвэрлэх гэдгийг улсын хэмжээнд нэгдсэн бодлого зохион байгуулалт зохицуулалттайгаар шийдэхгүй бол хүнсний аюулгүй байдал алдагдах, эрсдэл үүсэх магадлал тун их байна.  

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.