Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай ярилцлаа. Бидний яриа нийгмийн анхаарлын төвд байгаа ШХАБ болон гадаад бодлоготой холбоотой асуудлын хүрээнд өрнөв.
-Нийгмийн анхаарлын төвд байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-аас ярилцлагаа эхэлье. Энэ байгууллага байгуулагдаж байсан түүх, шалтгааныг эргэн саная. Тухайн цаг үед та Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаадын бодлогын зөвлөх байсан байх аа?
-Тийм ээ. Анх 1996 онд "Шанхайн тав” нэртэй бүлгэм байгуулагдаж байсан.Түүнд Орос, Хятад, Казахстан, Киргизстан Тажикстан зэрэг орон нэгдэж байсан. Тухайн үед энэ таван улс цэргийн салбарт итгэлцлээ бэхжүүлэх, хил орчмын бүс нутагт цэргийн хүчийг хорогдуулах, цэрэг хүчний маргаантай асуудлаа зохицуулах зорилготой байсан. Дараа нь 2001 онд Узбекистан улс нэгдэн, тэр үеэс "Шанхайн тав” биш, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэсэн нэртэй болсон. Өнөөдөр энэ байгууллага дүрэм, журам, хөтөлбөр гээд олон баримт бичиг батлаад явж байна. Үйл ажиллагаа нь ямар чиглэлээр явах нь тодорхой болсон.
Манайхны зарим нь ШХАБ бол улс төр, цэргийн эсвэл, бараг л НАТО, хуучин Варшавын гэрээний байгууллага болох төлөвтэй гэж ярьж байна. Гэтэл байдал тийм биш. Энэ байгууллага дүрэмдээ цэрэг, улс төрийн эвсэл болохгүй гэж тов тодорхой тусгасан байгаа шүү дээ. Хэрвээ эсвэл бол Монгол Улс ШХАБ-ын гишүүн болж болохгүй нь тодорхой шүү дээ. Учир нь манай гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улс эвсэлд нэгдээгүй орон гэж биччихсэн байгаа. Манайх эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн. Тиймээс эвсэлд нэгдэх ёсгүй. Цагаан дээр хараар бичсэн хууль, дүрмийг бүх гишүүн орон дагах ёстой.
-Манай улс ШХАБ-д 2004 онд ажиглагчаар элссэнээс хойш 15 жил болжээ. Өнөөдөр харин ажиглагчийн статусаа ахиулж, ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр шинээр элсэх үү, эс элсэх үү гэдэг хэлэлцүүлэг өрнөж байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Миний хувьд өнгөрсөн жилээс энэ сэдэв яригдах үед хэвлэл мэдээллээр нэг бус удаа өөрийн байр сууриа илэрхийлж ирсэн. Ер нь Монгол Улс ШХАБ-д элсэх хэрэгтэй. ШХАБ гэдэг олон улсын байгууллагад элсэхгүйгээр Монгол Улс цаашаа хөгжих тухай ярих ч хэрэггүй. Миний бие Гадаад хэргийн сайд байхдаа Монгол Улсыг энэ байгууллагад ажиглагчаар элсүүлж байлаа. Зүгээр байж байгаад ийм шийдвэр гаргадаггүй юм. Олон талаас нь судалж, гол орнуудтай яриа хэлэлцээ хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Манай улсыг анхаасаа бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх сонирхолтой байсан.
Бидний хувьд энэ байгууллага шинэ байсан учраас хөгжлийн замыг тэр болгон бүрэн харах боломжгүй байсан. Тиймээс эхлээд ажиглагч больё, дараа нь гишүүнээр элсэх үү, үгүй юү гэдгээ шийдэхээр болсон. Үүнээс хойш 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон улсын энэ байгууллагад элсэх үү, үгүй юү гэдэг санал дүгнэлтээ гаргах бүрэн бололцоотой байсан гэж бодож байна. Энэ хугацаанд манайх бүх л дээд хэмжээний уулзалтууд нь орсон санагдаж байна. Дээд хэмжээний уулзалтуудад оролцсон манай төр засгийн тэргүүнүүд энэ байгууллагын зорилго чиглэлийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон байж таараа шүү дээ.
Монгол Улс ШХАБ-д элсэх ёстой. Яагаад гэвэл...
-Та Монгол Улс ШХАБ-д элсэх хэрэгтэй гэдэг үндэслэлээ тодорхой тайлбарлавал...?
-Манайхны нэг хэсэг нь ШХАБ-д элсвэл ямар ашигтай вэ гэдэг талаас нь илүү хараад байх шиг. ШХАБ-д элссэнээр манай улс хэр хэмжээний хөрөнгө мөнгө авах вэ гэж асуух хүн ч байна. Тэгэхээр гадаад бодлогыг юм л бол хөрөнгө мөнгөтэй холбож ярих нь зохимжгүй. Бид НҮБ-д мөнгө авах гэж элсээгүйтэй л ижил. Манай улс НҮБ-ын гишүүн болж чадахгүй 15 жил болсон байдаг. Маш их хүчин чармайлт гаргахын хажуугаар ЗХУ-ын дэмжлэгтэйгээр энэ байгууллагад орж байсан. Дэлхий даяар жижиг орны дуу цуурайтна гэдэг нь олон улсын байгууллагаар л дамжиж гардаг. Олон Улсын байгууллагад элсэхэд нэгд, улс төрийн ач холбогдол гэдэг зүйлийг бодож байх ёстой. Хоёрт, улс төрөөр дамжиж эдийн засгийн хаалга нээгддэг. ШХАБ-ыг үндэслэн байгуулсан гол хоёр орон нь манай хөршүүд шүү дээ.
Өнөөдөр бид хоёр хөрштэйгөө ямар харилцаатай байгаа вэ? ОХУ-тай сүүлийн 28 жилийн хугацаанд нэг дээшилж, нэг доошилсон тогтворгүй байдалтай явж байна. Ийм нөхцөлд ОХУ-тай өргөн хүрээтэй, эдийн засаг болон соёлын харилцаатай байя гэж бодоход хэцүү биз дээ. Оросын талаас манайд нэг бус удаа, сүүлийн хэдэн жил манай төлөөлөгчдийг очиход "Та нар ирээдүйн тухай ярихаа түр хүлээзнэ. Бидэнд өмнө ярьж тохирсон олон асуудал байна. Үүний хэрэгжилтийг эн тэргүүнд ярилцаж, түүний дараа өнөө маргаашийн ажлыг ярих ёстой юм биш үү” гэж хэлдэг болсон. Энэ нь худал зүйл биш шүү дээ. Монгол Улс хүлээлсэн үүргээ биелүүлэхгүй байхад яаж хоёр талын хамтын ажиллагаа хөгжих юм бэ. Улмаар Оросын талд бидэнд итгэх итгэл алдарсан байна гэж хэлэхэд буруутахгүй байх. Өнөөдөр зүгээр гараа хумхиж суучихаад, юу ч хийхгүй, "одоо харилцаа муу байна” гээд хүн буруутгаад сууж болохгүй биз дээ. Өөрсдийгөө л буруутгах хэрэгтэй.
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр дотоодынхоо л асуудлыг ярихаас, гадаад бодлогын талаар ярьж байгаа зүйл тун ховорхон. Ийм байхад хоёр том хөршийн дунд орших жижигхэн Монгол орон яаж хөгжих тухай асуудал ярих юм бэ. Бид Швейцар шиг биеэ даагаад хөгжих одоогоор байхгүй байна. Манай улс цогц бодлогогүйгээс л гуравхан сая хүн амаа сайхан амьдруулж чадахгүй явна. Дандаа бадар барьдаг энэ сэтгэхүйгээс салах цаг болоогүй л юм байх даа. Улс орноо хөгжүүлье гэж бодож байгаа бол өнөө маргаашийн асуудал гэхээс, 10, 20, 30 жилийн цаадахыг харсан бодлоготой байх ёстой.
-Зарим хүн ШХАБ-д элсчихээр Орос, Хятадын дарамтад орчих юм шиг л яриад байна шүү дээ?
-Бид өөрсдөө бодлогоо ухаалгаар хэрэгжүүлж чадвал хоёр хөршийн хавханд орохгүй, хараат болохгүй байх боломжтой. Ингэж чадаагүй учраас эдийн засгийн хувьд Хятадын хараат болчихоод байна шүү дээ. Худалдаа эдийн засгийн харилцааны хувьд 70 орчим хувь, экспортын 90 орчим хувь нь Хятададтай байна. Эдийн засагчид, судлаачид аль нэгэн улстай тухайн орны гадаад эдийн засгийн харилцаа 40 хувьд хүрэхэд тухайн орныг хараат болдог гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр 40 биш, 70 хувьд хүрчихсэн байна. Бид хараат биш, бараг боол болчихоод байгаа юм биш үү. Энэ хэний буруу вэ, манай төр, засгийн л буруу ш дээ. Хорин найман жил ардчилсан замаар хөгжиж дэвжиж байна гэж яриад байгаа. Үнэндээ тэр хөгжиж, дэвжиж байгаа нь хаана байна вэ. Хүн амын 40-өөд хувь нь ядуу, 20-30 хувь нь дин дун байдалтай амьдарч байна. Цөөхөн хэдэн гэр бүл амьдралаас тасарсан хэт баян амьдарч байна. Баян ядуугийн ялгаа асар их болчихсон байна. Энэ бүхэн чинь засаг төрийн үйл ажиллагаанаас л шалтгаална. Ямар төр засаг байна, тийм л орон байдаг.
-ШХАБ-д элсэх нь манай улсын гуравдагч хөршийн бодлогод сөргөөр нөлөөлөх үү?
-Нөлөөлөхгүй гэж бодож байна. Саяавтархан, АНУ-д суугаа манай улсын Элчин сайдад Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах "Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх юм бол бид нар танай улсын шийдвэрийг хүндэтгэнэ” гэсэн байна лээ. Дэлхийн хамгийн том гүрэн, манай гуравдагч хөрш ингэж хэлэхээр бид одоо юу бодоод суугаад байгаа юм бэ. Хэрвээ гуравдагч хөршийн бодлогод нөлөөлөх байсан бол яагаад тэнд Энэтхэг, Пакистан орчихов оо гээд бодох хэрэгтэй. Гишүүн орнууд гуравдагч хөршийн бодлогод нөлөөлөх байсан бол хэзээ ч тэнд элсэхгүй, хэн ч орохгүй. Бид ч орж болохгүй. ШХАБ бол олон улсын байгууллага. Дүрэмтэй, шийдвэрээ санал хурааж биш, нийтийн тохиролцоогоор "консенсус”-аар гаргадаг.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төвийг сахих талаар гаргасан зөвлөмжийг хүчингүй болгосон
-Нэг хэсэг Монгол бол төвийг сахисан улс гэж дэлхийд зарласан шүү дээ. Одоо эргээд энэ бодлоготой хэр уялдах вэ?
-Монгол Улс төвийг сахисан улс биш, хэзээ ч төвийг сахисан улс байгаагүй. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь энэ талаар хатуухан шүүмжилж байсан. 2018 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төвийг сахих талаар гаргасан зөвлөмжийг хүчингүй болгосон. Өнөөдөр дэлхий дээр төвийг сахих бодлогоос улс орнууд татгалзаж байна. Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа олон асуудлыг улс орнууд хамтарч, хүчээ нэгтгэж ажиллах тийм эрин үе ирчээд байна. Дээр нь төвийг сахина гэдэг ойлголт нь гол төлөв хоёр хөршийн харилцаа хурцдаж, мөргөлдөөн үүсэх аюултай нөхцөлд яригдах асуудал. Товчондоо төвийг сахина гэдэг нь хоёр хөршийнхөө аль алиных нь цэрэг зэсвгийг Монголын нутгаар өнгөрүүлэхгүй байх, цэрэг дайны онгоцыг нь өөрийнхөө нутаг дээр нисгэхгүй байх, ямар нэгэн байдлаар хоёр улсын маргаан мөргөлдөөнд оролцохгүй гэдгийг илэрхийлнэ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Хятадад айлчилж байхад Хятадын телевизээр Монгол Хятадын харилцааны тухай нэвтрүүлэг гарсан.Түүнд манай талаас өндөр хэмжээний нэг төлөөлөгч, Хятадын талаас нэг эрдэмтэн судлаач оролцсон. Тэр нэвтрүүлгийн үеэр төвийг сахих тухай асуудал хөндөгдсөн бөгөөд Хятадын судлаач Монгол орон яагаад төвийг сахих болсон тухай гайхсан байдалтай асууж байсан. Орос Хятадын хоорондын харилцаа маш сайн хөгжиж, дайн байлдааны ямарч асуудал алга байна. Та нар яагаад манай хоёр орноос төвийг сахих гээд байгаа юм бэ гэж асуухад нь олигтой хариу өгч чадаагүй. Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монголд айлчлах үеэр төвийг сахихтай холбогдсон асуудлыг тавихад тэрээр "Сирийн асуудлаар та нар төвийг сахиж болохгүй ш дээ” гэж хэлснийг бодууштай. Оросын тал ч өөрийн эсрэг байр сууриа илэрхийлж байсныг бид бүгдээрээ санаж байгаа байх. Энэ мэт ноцтой алдаа хийж болохгүй. Бид гадаад бодлогод алдах эрх байхгүй.
-ШХАБ-д элссэн орнуудыг харахаар улс төрийн тогтолцооны хувьд нэг хүний эрх мэдэл давамгайлсан, Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд байна. Хэрвээ манай улс элсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох магадлалтай юу?
-Улс төрийн тогтолцоо бол цэвэр Монгол Улсын дотоодын асуудал. Дотоод асуудлыг гадаад асуудалтай хэрхэвч холбож болохгүй. Хүмүүсийн яриагаар бол ШХАБ-д Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд байгаа учраас Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэсэн дарамт үзүүлэх нь. Үүнийг Монголын ард түмэн, засаг нь өөрөө шийднэ.
-Хятадад их хэмжээний өр зээлтэй улсууд ШХАБ-ын гишүүн болсон. Энэ талаас нь харвал Монгол Улс Хятадаас хараат, өр зээл ч ихтэй. Энэ нь элсэх шалтгаан уу?
-Манай улс ШХАБ-д элссэнээрээ харин ч Хятадуудтай ярих, ойлголцох шинэ суваг нээгдэнэ. Хугацаа тулсан өр, тулгамдсан асуудлуудад нааштай шийдвэрлэх итгэлцлийн шугам нээгдэнэ. Үүнийг л бид зөв ашиглах ёстой. ШХАБ-д орсноор Хятадуудын бидэнд хандах хандлага эерэг болно. Харин дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, гадагшаа гаргаж байгаа баялгийнхаа мөнгийг хуримтлуулж, юун түрүүнд өрнөөсөө салах ёстой. Энэ бол дотоодын зөв бодлогоос ихээхэн хамаарна. Харин өрийн хугацааг хойшлуулах, өрийг тэглэх асуудлыг хамтын ажиллагааны хүрээнд ярих ёстой. Манай Засгийн газрын үед ОХУ-д 11 тэрбум ам.долларын өрийн 98 хувийг тэглүүлсэн. Тэр үеийн Засгийн газар ОХУ-тай харилцаагаа өндөр төвшинд хүргэж, харилцан бие биедээ итгэлцлийг үүсгэсэн учраас "Их өр”-ийн 98 хувийг хасуулж чадсан. Парисын зарчмаар явсан бол бид 70 хувийг төлөх ёстой байсан. Улс төрийн ач холбогдол ийм л байдлаар илэрнэ. Тэгэхээр ШХАБ дээр яагаад улс төрийн ач холбогдлыг бодож болдоггүй юм бэ.
-ШХАБ-д элсчлээ гэж бодоход эргээд гарах боломж нь нээлттэй юу?
-Нээлттэй шүү дээ. Гаръя гэсэн үедээ гарч болно. Тэр байтугай ганцаараа мэдэгдэл хийгээд гарч болно. АНУ мэдэгдэл хийгээд ЮНЕСКО-гоос хоёр удаа гарсан. Яагаад ингэж болохгүй гэж.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, гадаад бодлогын аливаа асуудлыг дотооддоо улстөрчдийн хоорондын хэрүүл маргааны золиос болгож болохгүй. Жирийн иргэд мэргэжлийн хүмүүс биш учраас нарийн ширийн асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. Зарим хүн ШХАБ гэхээр Шанхай гээд шууд Хятадын байгууллага гэж ойлгосон тухай яриа үүссэн байна лээ. Гэтэл энэ чинь олон улсын байгууллага шүү дээ. Шанхайд байгуулагдсан учраас Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэдэг нэр авсан болохоос Хятадын байгууллага биш. Хятад улс бол нэг л гишүүн нь.
-Эцэст нь, танаас асуухад улс төрийн сонгуулиас хойш улс төрийн нөхцөл байдал, тэр дундаа манай улсын гадаад бодлогыг хэрхэн харж байна вэ. Өндөр дээд төвшний айлчлалууд хийгдэж байгаа ч үр дүнтэй гэрээ хэлэлцээрүүд хийж чадаж байна уу?
-Би гадаад бодлого дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Зүгээр нэг улсад айлчлахын төлөө айлчилж болохгүй. Хэрвээ айлчилье гэж бодвол тухайн оронд тодорхой юмтай, очих хэрэгтэй. Нүүр бардам очиж байх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Э.Мөнхцэцэг
Сэтгэгдэл