Өнгөрч буй долоо хоног улс төр, нийгмийн хувьд нилээдгүй хөл хөдөлгөөнтэй долоо хоног боллоо.
МАН доторх цэвэрлэгээ эрчимээ авч намынхаа гишүүдийг хөөх, эрхийг нь түтгэлзүүлэх арга хэмжээг намын дарга буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх авч эхэллээ. Энэхүү цэвэрлэгээнд хамгийн түрүүнд 60 тэрбумын гэх Ц.Сундуй, болон намынхаа дүрмийг зөрчиж Улаанбаатар хотын захирагч МЭЭР-ийн суудалд санаарахсан гэх С.Мөнхчулуун нар өртсөн юм. Мөн түүнчлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т дуудагдаж мэдүүлэг өгсөн нь нилээдгүй шуугиан дэгдээгээд амжсан. Үүнээс гэдна нийгмийн амьдралд нилээдгүй синсиац шуугиан дагуулсан мэдээллүүдийг тоймлон хүргэе.
Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-аас гарсанд тооцлоо
МАН-ын Хяналтын хорооны хурлаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас гарсанд тооцсон тогтооол гаргасан нь энэ долоо хоногийн гол үйл явдлын нэг боллоо.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзэж хариуцлага тооцсон бол С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон байна. Энэхүү цэвэрлээний дараагийн хүнээр А.Ганбаатар яригдаж байгаа сурагтай.
С.Мөнхчулуун энэ талаар “МАН гишүүддээ ялгавартай хандаж байна. Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр дэвшсэний төлөө намаас хөөж байгаа нь шударга бус байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өглөө
Энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т байцаалт өглөө. Тэрээр тайлбар мэдүүлэг өгөх болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван Толгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" гэж жиргэсэн билээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойтой холбоотой 178 хуудас бүхий баримтыг Прокурорын байгууллагад хүргүүлж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгаж өгөхийг хүссэн. Энэ дагуу АТГ-аас байцаалт авчээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байцаалт өгч дууссаныхаа дараа хэвлэлийнхэнд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Тавантолгойн орд газартай холбогдсон асуудлаар дуудаж асуулаа. Тодруулбал, Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан. Ер нь хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудвал бүгд хуулийн өмнө ирж, тодруулга өгч, асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Хуулийн засаглалд Монголчууд бүгд итгэж явах ёстой гэж боддог" гэлээ.
Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ
“Очир” төвийн буудлын өрөөнд 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн М.Амарболд, Б.Жавхлан нарын шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Тус шүүх хурлаар анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Ингэснээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарт оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдсэн. М.Амарболд, Б.Жавхлан хоёрт анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон бөгөөд шүүхээс хаалттай хорих ангид эдүүлэхээр заасан юм. Харин яллагдагчид өмгөөлөгчөөрөө дамжуулан оноосон ял хүнд байна хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан
НМХГ-аас KFC-гийн хоолонд хийсэн шинжилгээний хариуг албан ёсоор танилцууллаа
KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Харин НМХГ-аас KFC-гийн хоолонд хийсэн шинжилгээний хариуг албан ёсоор танилцууллаа.
"Энэ сарын 12-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах "Таванбогд фүүдс" компанийн Зайсан KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал гарсан. Хоолны 39 дээжийг авч шинжилгээний лабораторид хамруулсан. Мөн ажлын байрны тоног төхөөрөмж, агаарын шинжилгээ угаалга шинжилгээ гээд нийт 94 сорьцийг шинжилгээнд хамруулсан байгаа.
Зайсангийн салбарын үйл ажиллагааг зогсоосон. Хамгийн ноцтой нь хоол хийхэд оролцдог ажилчид нь мэргэжлийн үнэмлэхгүй байсан. ХӨСҮТ-өөс өгсөн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, хоёр ажилтнаас нян илэрсэн. НМХГ-аас гаргасан шинжилгээнээр ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 152 илрээд байна. Тус салбараас нийт 4 зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулиар тус бүрд нь 5 хүртлэх сая төгрөгөөр торгох заалт бий. Тэгэхээр нийтдээ 20 сая төгрөгийн торгууль ногдуулах л боломжтой. Гэхдээ шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эцсийн шийд гараагүй" гэх мэдээлэл өгсөн юм. Мөн бусад салбаруудад ч урьдчилсан сэргийлэх шалгалтыг хийнэ гэж байв.
Иргэд ирэх сарын 15-наас гадаад паспорт, иргэний үнэмлэхээ цахимаар захиалдаг болно
Улсын бүртгэлийн ерөнхий газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Ингэснээр Монгол Улсын иргэн гадаад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой байна.
Сэтгэгдэл