Цагаан сар өндөрлөөд 20 гаруй хонож байна. Харин золголт ид дундаа үргэлжилж байгаа юм шиг байна. Цахим орчноос харж байхад золголт үргэлжилсээр л байгаа бололтой дог шүү. Сүүлхэндээ гэхэд хүүхдийн зохиолчдын золголт зураг хөрөгтэйгээ гарсан байна билээ. Хараад байхад энэ жилээс золголт нутаг ус, салбар мэргэжлээрээ, сонирхол хоббигоороо гэхчлэн төрөлжиж байгаа нь анзаарагдлаа.
...Өнгөрөгч амралтын өдрөөр болсон манай сумынхны золголт энэ жилийн хувьд миний 6 дахь удаагийнх байсан бол өчигдөр дараагийн золголтын заллага ирлээ. Оюутан ахуй цагийн ангийн хэдэн нөхөд хот хөдөөд ажиллаж амьдардаг юм. Ангийнхан маань энэ жил уулзаж золголт хийхээр тохирчээ. Урьд нь ингэж байсангүй, гэвч олны жишгийг дагалаа гэж байна. Үнэхээр ч олны жишиг ийм л байгаа л даа.
Өмнөх жилүүдэд албан байгууллагынхтайгаа нийлээд хоёр удаагийн золголт хийдэг байсан миний хувьд энэ жилийн золголтын тоо огцом нэмэгдэж одоогоор гарын таван хуруунаас давж гарах янзтай болов.
Гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн золголт олон хоног үргэлжилж 5-аас 11-ний Даваа гараг хүртэл чилийсэн 7 хоногийг эзэгнэсэн болхоор амжвал амжихаар л цаг хугацаа байлаа. Цагаан сарын ажлын эхний өдөр буюу 11-нд төрийн нэгэн байгууллага дээгүүр очвол золголт хийгээд тэнд алба ажил ярих хүн бараг алга байна лээ. Гоёж гоодсон хүмүүс дээш доошоо гүйлдэж, аяга шаазан, хөөрөг даалин болж улаа бутарсан аз жаргалтангууд анзаарч байгаа шинж ч алга. Монгол ёс жаяг юм болохоор ингэхгүй гээд ч яах билээ. Тэр өдөр улс төр, нийгмийн амьдрал ямар нэг үйл явдалгүй дүлийдүүхэн өнгөрч билээ. Гэвч зохион байгуулалттай золголт үүгээр өндөрлөсөнгүй.
Энэ сарын 16-ны Бямба гарагт аймгийн нутгийн зөвлөлийнхний золголт ёслол төгөлдөр болж өнгөрөв. Үндсэндээ улэмжлалт золголт. Амралтын нэгэн өдрийг нутгийнхантайгаа ярьж хөөрсөн шиг өндөрлөв. Маргааш өдөр нь нэгэн цаг үед хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байсан хэсэг нөхдийн үүсгэл санаачлагаар байгуулсан Төрийн бус байгууллагын золголтоор үргэлжлэв. Үе тэнгийн эрчүүд голдуу ирсэн энэ золголт эрх чөлөө үнэртүүлж, шилтэй цэнхэрийг ширүүхэн сэгсэрсэн тийм нэг дэврүүхэн уулзалт байлаа.
Харин өнгөрөгч Бямба гарагт Улаанбаатарт байгаа манай сумынхны золголт боллоо. Энэ золголтод ач холбогдол өгч сумын удирдлагууд ч хагас мянган км-ийн цаанаас өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Ингэхдээ хотын хэддээ нутгийн идээ будааг нь амсуулна гэж чамгүй бэлдэж ирсэн нь харваас илт.
Сум орныхоо ажил амьдралыг танилцуулж, цаг үеийн байдал, өвөлжилт хаваржилт 2019 онд хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа тайлагнаж байна. Аргагүй л нэг хонхрын гэмээр нутгийн ахан дүүс цугларсан золголт удаан гэгч үргэлжилж, нутгийнхаа хууччуулыг дурсан санасан сайхан золголт байлаа. Ус нутгаасаа гараад Улаанбаатарт уусан шингэсэн олон хүн энд уулзаж учирна билээ. Сумынхан маань ирсэн зочин бүртээ нэг сав ингэний айраг, нутгийн уул усны гэрэл зургаар гар цайлгаж байна. Үүнээс илүү яах билээ. Тэмээ тэнгээрээ хүн хэр чадлаараа гэж. Энэ жилийн хамгийн сайхан золголтын нэг энэ байлаа.
Одоо ирэх амралтын өдөр оюутан цагийн нөхөд уулзаж золголт хийх юм байна. Энэ бол миний энэ жилийн зургаа дахь золголт гэсэн үг. Бас болоогүй долоо дахь золголтын сураг гараад байгаа, гэхдээ цаг хугацааг нь хараахан товлоогүй, цэргийн баяртай хамтатгах уу яах уу гэсэн эргэлзээтэй яригдаж байна. Тэр бол төрийн торгон цэрэг болж хөл нийлүүлэн жагсаж явсан Онжавуудын золголт байх юм.
Харин бас л бусдын жишгээр Шилийнбогд, Алтан-Овоо, Бурханхалдун ууландаа гарч хийморь лундаагаа сэргээж амжаагүй явна. Олны жишиг ийм юм чинь ондоо нэг багтаад уул хангайгаа зорино доо.
Даварч байгаа юм уу, хаашаа юм, дараа нь ямар золголт байх бол гэсэн далдхан хүлээлт бас цээжин дотор үе үехэн өндөлзөөд л байна шүү.
Ай даа, урвуулагч хэмээх гахай жилийн золголт усны шувууд шиг л ар араасаа зэллэсээр байна даа. Монгол чуудын маань нийтлэг нэг иймэрхүү янзаар л үргэлжилж байгаа байх.
П.Булган
Сэтгэгдэл