Шинэ сарын өмнөхөн уншигч та бүхэндээ “Цаг хугацааны хүрдэн дунд олон ч зүйлийг сурч явна” нэртэй Чой.Батзэвэгийн ярилцлагыг хүргэж байсан. Тэгвэл аль хэдийнээ хавар иржээ. Хавар цагийн эхэнд сард Чой.Батзэвэгтэй ахин уран бүтээл, амьдралынх нь талаар сэтгэл дэлгэн уулзаж ярилцсан энгийн агаад гэрэлтсэн ярилцлага, аа та бүхэндээ хүргэж байна.
Хаваржаа тавлаг сайхан уу? Шинэхэн уран бүтээл арвин байна уу?
- Хаваржаа нутаг тавтай сайхан байна. Уулсынх нь дунд бурхад залбирсан аглаг хөвчийн Арын сайхан хангай нутагтаа ажил амьдрал, уран бүтээл гээд жаахан сэтгэл догдлонгуу салхи лимбидэн явна, аа. Удахгүй “Нутаг Аргадах Аялгуу” уран бүтээлийнхээ тоглолтоо хийхээр их ажлыг бүтээж явна даа. Өнөө жил нутагт минь сайхан хавар болж байна. Хавар болж байгааг ч хэлэх үү цаанаасаа аяндаа зөөлнөөс зөөлөн аялгуу хөглөгдөж, шүлэг хөвөрч байна. Нутагтаа одоохондоо ирчихсэн байна. Хот суурин лүү нэг л өдөр очино доо. Ажлаар ирчихсэн. Цэвэр агаарт сэтгэл дүүрэн жаргал хундага нь дахь сархад лугаа адил сөгнөж, үнэрлэж явна даа.
Таны уран бүтээлийн тоглолтонд ямар уран бүтээлчид, бүтээлүүд эгшиглэх нь вэ?
- Залуу уран бүтээлчид тоглолтонд оролцож байгаа. Ерөнхийдөө нутгийнхаа залуу дүү нарыг дэмжих зорилготойгоор дүү нартайгаа хамтран ажиллаж байна. Мөн миний шавь нар тоглолтонд дуулж, бүжиглэнэ. Тоглолтыг маань Архангай аймгийн АИХТөлөөлөгч Ч.Отгонжаргал эгч, Б.Батзориг ах энэ хоёр маань их дэмжиж тусалж байна. Миний зохиосон шүлгүүд дуу болсон. Жишээ нь гэвэл “Тэнгэрийн гоо цэцэг”, “Мэндийн цэнхэр нутаг”,”Ашидын ерөөлтэй ижий аав”, “Мэндийн Цагаан сар” гэх мэтийн олон дуу уран бүтээл эгшиглэсэн, уянгалсан сайхан үдэш болж өндөрлөх байх даа.
Саяхан та их дээд сургуулийн оюутангуудад “Монголчуудын оюун санааны сэтгэлгээ, хүмүүжил, боловсрол” сэдвээр сургалтанд зохион явуулсан. Энэ талаараа манай уншигчдад яриач.
- Монголчууд бид нийтээрээ сэтгэлгээны оюун санаатай хүмүүс шүү дээ. Эрт үеэсээ туульс хайлж, үлгэр, домог хүүрнэж түүгээрээ дамжуулан үр хүүхэддээ хүмүүжүүлдэг тийм том сэтгэлгээтэй ард түмэн. Бид туульс хайлж, үлгэр домог ярьж хүүхэддээ хүмүүжүүлж ирсэн оюуны том өв соёлын дархлаатай улс шүү дээ . Сэтгэлгээны боловсрол, сэтгэлийн хүмүүжил, зүрхны хайрлах төлөвшилтэй гэгээн гэрэл бүхнээр өөрсдийгөө зурж амьдардаг ард түмэн. Ийм ард түмэн орон ганцхан Монгол. Оюутангуудад сайхан л сургалтыг зохион байгуулж мэдэх зүйлээ илүү их мэдэж авсан, мэдэхгүй зүйлээсээ суралцсан ийм л сургалт болж өнгөрсөн. Оюутангуудад их л судалж, судалгаа хийж байж л өөрсдынхөө тархинд оюуны хөрөнгө оруулт хийнэ л дээ.
Та өөрийнхөө амьдралыг цөөхөн үгээр илэрхийлж хэлвэл юу гэж илэрхийлэх вэ?
- Би олон хүмүүсийн гэгээн гэрэл дотор ургаж буй хаврын нэгэн модны үндэс байх. Тэр үндэс үйлийн үрийн үндэс биш. Хайрын үрийг бусдад түгээх гэж тэр мод өдрөөс өдөрт үндэслэж бусдыг хайрлах хувь заяаны ухаарлыг надад өгч байгаа байх. Тийм болохоор би олон хүний дунд өөрийгөө зурж, будаж, урлаж маш энгийн хэрнээ үнэ цэнэтэй амьдарч байгаадаа өөртөө л баярладаг.
Та өөрийнхөө уран бүтээлийг хэр үнэлдэг вэ?
- Миний бүтээсэн бүтээлийг цаг хугацааны гэрч болж үлдэх хүн төрөлхтөн л ямархуу уран бүтээлч, ямар багш байсанг үнэлж, дүгнэх байхдаа. Би бусдын дунд өөрийнхөө гэрэл гэгээг асгаж яваа жирийн нэгэн малчин айлын хүүхэд шүү дээ.
Ямар улиралд та илүү их шүлэг бичдэг вэ?
- Би хавар төрсөн болоод ч тэр юм уу? Намарт илүү их хайртай. Намрын навчсан дунд шүлэг бичих илүү дуртай. Ихэвчлэн намрын намарт олон шүлэг бичдэг дээ. Улирал бүхэн өөрийн уянгатай, өнгө аястай, хөглөгдөх аялгуутай байдаг. Хаварт би өөрийгөө бясалгах дуртай. Уулын хярд гаргачихаад нүдээ анин салхинд жиндүүлэн суух хамгийн гэгээн мэдрэмжийг өөрийнхөө дотоод аглагаас олж авдаг даа.
Та өнөөгийн нийгмийн залуучуудыг дүгнэж хэлээч.
- Өнөөгийн залуучууд ухаалаг хэрэглээтэй орон зайд амьдарч, сурч боловсорч байгаа эрин үеийн залуучуудыг би дүгнэж цэгнэх цаг арай болоогүй байх. Цаг нь болохоор бүхэл зүйлийг цаг хугацаа өөрөө дүгнэж, үнэлдэг юм.
Та ээжийнхээ тухай мөн ч олон хүнд ярьдаг. Та өөрийнхөө аавын тухай манай сайтын уншигчдад яриач.
- Бүхэл зүйлийн эхлэл ээж байдаг болохоор би хүн бүхнийг ижийтэйгээ зуун жил хамт амьдраасай гэж бодож, залбирч явдаг хүн л дээ. Миний аав яахав дээ. Хүнхэр, хүнхэр уулс шигээ тийм дөлгөөдүүхэн ширүүсэж буй салхи гэнэт хэлд орсон юм шиг аяархан сэвэлзэх шиг тийм дуу цөөхөнтэй гүндүүгүй хээрийн омголон салхи мэт морин дэл дээр уурга сунгаж хатируулсан зөөлөн гэхэд дэндүү зөөлхөн гэмээр тийм эрдүү хоолойгоор хаа нэгтэй дуу исгэрсэн ийм л хүн л дээ. Аав минь ганцхан зүйлийг надад хэлдэг юм. Олны газар од мэт битгий гялалзаж яваарай. Миний муу хүү. Сэтгэлийн их ухаан, хайр хоёр л бусдыг тэтгэж явах ёстой гэж захидаг хүн дээ.
Танд баярлалаа. Манай уншигчдад хандаж юу хэлмээр байна та.
- Танай сайтын хамт олонд жаргал бүхнийг хүсье. Уншигч монгол түмэндээ зуун жил ижийтэйгээ хамт амьдарч гэгээ бүхнийг бусаддаа түгээж явахыг хүсье. Төгсгөл нь эхлэлтэй. Эхлэл нь төгсгөлтэй хорвоо, орчлон хоёрын дунд амьдарч яваагаа мөнхөд санаж яваарай.
Сэтгэгдэл