Ниргэсэн хойно нь хашгирч, нэрмээс болохын оронд урьдчилан харж, таслан сэргийлдэг болъё
Өвлийн цагт утааг зүхэж, салхи мөрөөсөн хавартай золгомогцоо бид салхийг үзэн ядах болов. Уушиг утаанаас хагацах цаг дор бохир хөрс салхиар дамжин, уушигт нэвчих тул салхийг үзэн ядахад хүрнэ. Ялангуяа гэр хорооллын үнс, бохирдсон хөрс утааны дараа хараалын үгтэй уушгинд залардаг учраас зүхэж эхэлнэ. Нийслэлийн хөрсний бохирдол өвчний эх үүсвэр болж байгааг БОАЖЯ, нийслэлийн удирдлага мэддэг хэрнээ нэг хэсэгтээ пүү, паа болж байгаад зунтай золгуут мартчихдаг.
Өнгөрсөн жилийн хавар ЭМЯ-наас хөрсний бохирдлоор дамжин үүсдэг өвчний талаар тодорхой танилцуулж, дээр дооргүй шуугисан ч, хаврын тэнгэрийн “ааш” намдмагц санаа алдаж аваад таг мартсан байна. Эргэн сануулахад, өнгөрсөн хавар хөрсний бохирдол шар, цусан суулга өвчний гол шалтгаан болдгийг тогтоож, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэдэсний халдварт цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал гэх мэт өвчин, гэдэсний шимэгч хялгасан хорхой, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, хүний хүж хорхойн халдвараар нийт 1200 гаруй хүн өвчлөөд байв. Тэдний ихэнх нь 0-4 насны хүүхэд, өндөр настан байсан юм. Мөн хөрсний бохирдолд эзлэх хар тугалгын хэмжээ дөрөв дахин их байгаагаас хотод амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орон нутгийнхтай харьцуулашгүй ихэссэнийг мэдээлж байлаа. Үүний нөгөө талд аюултай хог хаягдлын асуудал ч “чих халууцуулж” аюулын харанга дэлдсэн. Харамсалтай нь энэ тухай өнөөдөр бүгд мартаад амар сайхандаа жаргажээ.
Жил тойрон өнөөх сэдэв нь хав дарагдаж хэвтсэнийг гайт салхи ойрын өдрүүдэд уушгиар дамжуулж тархинд хангалттай сэрэмжлүүлэг болголоо. Гэр хорооллынхны өвөлжин жалга, зам дээр асгасан үнс салхиар дамжин нийслэл даяар тархдаг өдрүүд айсуй. Дээр нь булан, тохой бүрт сарьсан ялгадас, гудамжинд цацсан угаадас хөрсний шороогоор дамжин, нийслэлийнхний хамар аманд дураараа чихэж байна. Өнөө жил өвөлдөө хур тунадас бага орсныг ч хэлэх үү салхи хөдлөх төдийд л элдвийн үнэр танар, түмэн янзын бохир хөрс агаарт дэгдэх юм. Үүнээс шалтгаалж олон төрлийн өвчин дэгдэж болзошгүйг сэхээрч байгаа холбогдох яам алга. Сэрэмжлүүлэг ч болох нь ээ гаргачих сэтгэлгүй л сууна. утаа, утаа гэж уушгиа хөөтөл орилсон иргэд цэлмэг тэнгэр харж тайвшрах зуурт, хөрсний бохирдол уушги, хамарт “дайн зарлаж” эхэллээ. Энэ хаврын “дайн”-ыг хэрхэн хохирол багатай давах төлөвлөгөө боловсруулсан уу, гэж БОАЖЯ, ЭМЯ-наас асуувал бахь байдгаа л тоочих бололтой. Манай төрийн байгууллагынханд ниргэсэн хойно нь хашхирдаг ужиг өвчин байдаг. Асуудлыг урьтаж бус төгсгөлд нь л анхааруулдаг гажиг тогтоц ч уламжлал хэвээр. Өнгөрсөн жил бас л өвчин дэгдэж бага нь уйлж, том нь уурлаж эхэлмэгц “төрийн үйлчилгээ түмний төлөө” гэсэн уриатай байснаа санаж дээр, дооргүй гүйлдсэн юмдаг. Энэ жил бас л хавсаргат хаврын төгсгөлд, халуун зуны эхэнд хөрсний бохирдлын талаар ярих бололтой юм.
Нийслэлийн нийт хог хаягдлын 49.1 хувийг гэр хорооллоос гарч буй үнс эзэлдэг
Суурин газрын хөрсний бохирдлыг голлон бүрдүүлэгч нь гэр хорооллыхны хог, хаягдал үнс. Өвлийн улиралд нийслэлийн нийт хог хаягдлын 49.1 хувийг гэр хорооллоос гарч буй үнс эзэлдэг гэхээр ямар их хөрсний бохирдол үүсгэдэг нь ойлгомжтой. Үнсийг аюултай хог хаягдалд тооцдог болохоор даруй булж устгах аргыг дэлхий нийт мөрдөж байна. Харин манайд гэр хорооллынхон халтиргаанаас хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ. Цаг зуурын бэрхшээлээ шийдэхийн тулд насан туршийн өвчин авдаг балай зуршлаасаа хэзээ салах вэ. Хөрсний бохирдлоор дамжин амьсгалын замын сүрьеэ, харшлын гаралтай багтраа, бронхит гэсэн насан туршийн өвчин хүний биед нэвтэрч байна. Үнсэнд цацраг идэвхт бодис их хэмжээгээр агуулагддаг учраас гэр хорооллын үнсийг дахин ашиглахыг хориглодог. Судалгаагаар удаан задардаг органик бодис буюу үнс, хуванцар хаягдал нь хүний биед орж, био хуримтлал үүсгэн улмаар дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, нөхөн үржихүйн системд нөлөөлөн, хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлааны хомсдол, дотоод шүүрлийн системийн хямрал, арьсны өвчлөл, мэдрэлийн согог зэрэг өвчний угшил болдог байна. Үүнээс гадна хэвлий дэх урагт нөлөөлж, эхийн сүүгээр дамжин үр удмыг ч хордуулдаг ажээ. Гэтэл бид өргөнөөр ашигладаг болсоор удаж байна. Өвлийн синдром хаврын “проблем” болдог энэ байдлыг халах талаар холбогдох яамд ямар арга хэмжээ авч байгааг ойлгосонгүй. Өвлийн цагт байгаль орчин, хүний эрүүл мэндэд “халдлага” хийж буй гэр хорооллынхныг соён гэгээрүүлэхэд ямар ажил хийсэн бэ, аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах үйлдвэр барих ажил ямар шатанд байна вэ гээд ЭМЯ, БОАЖЯ-наас асуувал дорвитой ахиц алга.
Өнгөрсөн жил хөрсний бохирдол, аюултай хог хаягдлын талаар шуугиж байх үед л БОАЖ-ын сайд нь үл бүтэх юм яриад явж байсан. Өнөөдөр ч түүнээс урагшлаагүй байгаа дуулдана. Н.Цэрэнбат “Аюултай хог хаягдлыг булшлах цэгийг нийслэл, орон нутгийн итхаас тогтоож газрыг нь шийдэж өгөх ёстой. Харамсалтай нь орон нутгийн зүгээс аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудал дээр үл ойлголцол үүсгэж, гацаачихаад байна. Улаанбаатар хотын хувьд төв аймагт 30 га газар аюултай хог хаягдал боловсруулахад зориулж гаргаж өгөх ёстой боловч итх дээр нь үл ойлголцол үүссэнээс энэ ажил зогсчихсон” гэж байв.
Хүн амынх нь эрүүл мэндэд ноцтой халдаж буй аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах үйлдвэр, ландфиллийг байгуулах газраа ч товлож чадаагүй сууна гэдэг дэндүү арчаагүй төртэйн шинж биш гэж үү. Ногоон уриатай, төрийн хар хүн хөрсний бохирдлын талаар юу бодож суудаг юм бол оо. Иргэдийнх нь эрүүл мэндэд ноцтой хохирол тарих аюул хэзээ мөд “ханхалж” буйг мэргэжлийн бус сайд нь мэдэрч чадах болов уу.
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН
Сэтгэгдэл