Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 2 дугаар сарын эцэст 33.9 мянга, үүнээс 24.0 (70.7%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.9 (29.3%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 565 (2.3%) хүнээр, өмнөх сараас 381 (1.6%) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.6 (52.7%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 (31.8%) мянга нь Улаанбаатарт, 6.2 (25.8%) мянга нь Хангайн бүсэд, 4.3 (17.8%) мянга нь Баруун бүсэд, 3.4 (14.3%) мянга нь Төвийн бүсэд, 2.5 (10.3%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 406.0 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 198.0 (48.8%) нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 2 дугаар сард ажилгүй 5.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 774 иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 645 (11.1%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 63 (1.3%) хүнээр тус тус буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 143 (22.7%) хүнээр нэмэгдсэн байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 2 дугаар сард 5143 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 46.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 2 дугаар сарын эцэст 47.7 хувийг бүрэн дунд, 30.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 2-р сарын эцэст 56.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Ховд, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь, Увс, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь, Баянхонгор аймагт улсын дунджаас 0.2-17.7 пунктээр илүү байна.
Сэтгэгдэл