Өмнөд Солонгосын K-pop урлагийн ертөнцөд гарсан дуулиан улам өргөжлөө. Даваа гарагт Big Bang хамтлагийн гишүүн Сюнри гадаадын хөрөнгө оруулагчдыг биеэ үнэлэгчдээр зугаацуулдаг байсан нь илэрсний дараа шоу бизнесийг орхиж байгаагаа зарласан билээ.
Тэгвэл K-pop урлагийн бас нэг төлөөлөгч, дуучин, телевизийн шоуны од, 30 настай Жун Жүн Ёнхэд хэдэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж буй нууц бичлэгээ бусдад үзүүлдэг байснаа хүлээн зөвшөөрч, урлагийн ертөнцийг орхих болсноо зарлажээ.
Авьяастан тодруулах телевизийн шоунд дэд байранд орж анх алдаршсан тэрээр нууцаар үйлдсэн дүрс бичлэгүүдээ өөрийн найз нартай групп чатаар хуваалцдаг байсан гэнэ.
Түүний дүрс бичлэгийг үзэгчдийн дотор Сюнри байсан нь уг хэргийг илрэх шалтгаан болсон байна.
Жун Жүн Ён мэдэгдэлдээ “Би бүх гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би эмэгтэйчүүдийн дүрс бичлэгийг нууцаар хийж, чат группт тараадаг байсан. Юуны өмнө би хохирогч болсон эмэгтэйчүүдээс өвдөг сөхрөн уучлал гуйж байна. Мөн уг явдлын улмаас цочролд орж, сэтгэл дундуур үлдсэн бүх хүмүүсээс уучлал гуйж байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Мягмар гарагийн орой цагдаа нар түүнийг хууль бус дүрс бичлэг үйлдсэн хэрэгт буруутгаж байгаагаа зарласан байна.
Одуудын чат группт гурван хүн байсны хоёр нь Жун Жүн Ён, Сюнри нар бөгөөд доод тал нь 10 эмэгтэйн нууц бичлэгийг хоорондоо хуваалцан үзэж байжээ.
Чат группын гурав дахь гишүүн нь EXO хөвгүүдийн хамтлагийн нэг гишүүн байсан гэх цуурхал тараад байгаа. Харин тус хамтлагийн менежмэнтийг хариуцдаг SM Entertainment компани уг цуурхлыг няцаажээ.
Бас нууц дүрс бичлэгт өртсөн эмэгтэйчүүдийн нэг нь TWICE охидын хамтлагийн гишүүн гэх цуурхал тарсныг JYP Entertainment эрс няцаасан юм. Сөүл хотын цагдаагийн газар Жун Жүн Ёныг энэ долоо хоногийн сүүлээр байцаахаар төлөвлөжээ.
Ийнхүү дэлхийн олон улс орныг амжилттай байлдан дагуулж байгаа Өмнөд Солонгосын K-pop урлагийн ертөнцийг тойрсон дуулиан үргэлжилж байна.
Эх сурвалж: IKON.MN
|
Сэтгэгдэл